Ядуу буурай улсуудын дипломат албыг хар тамхины бүлэг “олзолдог”
ГХ-ны сайдын ачаар хар тамхины хэргүүд илэрч байгаа мэтээр “далийж” эхлэв
Дипломатууд хар тамхины хэрэгт холбогдсон дуулиан гол асуудлаасаа хазайж, улс төрийн өнцөг рүү орчихлоо. Монголын төр хар тамхи түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцож байгаагаас өөрцгүй ойлголт төрүүлсэн энэ хэрэг анхны тохиолдол биш байсан нь харамсалтай. Хууль бус тамхины наймааны 20 гаруй хэрэг гарч, тэр тоолонд Монгол Улсын нэр төр шаварт хутгалдсаар байв. Гэвч тухай бүрт нь ГХЯ-аас хариуцлага тооцох, дахин гаргуулахгүй байх арга хэмжээ авахын оронд нуун дарагдуулсаар ирсэн нь өнөөдрийн 70 кг героин хүртлээ өндрөө авах нэг шалтгаан болсон. Гэхдээ энэ удаад монголчууд улсаа төлөөлж яваа дипломатуудаа гэмт хэрэгт холбогдсоныг Германы хэвлэлээс мэдэж авлаа. Хариуд нь ГХ-ны сайд мэдээлэл хийж, УИХ-д сонсгол танилцуулах хэмжээнд яригдлаа.