Эмнэлгүүдийг авлигын “оношилгоо”−нд оруулжээ

84

Биеийн хаа нэг газар өвдөхөд эхлээд эмнэлэгт хүрч оношлуулаад, дараа нь эмчилгээ хийдэг. Үүнтэй ижил аливаа нэг буруу хэвшиж бугшсан зүйлийг арилгахын тулд учир шалтгааныг олох нь зүйн хэрэг. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт иргэн бүр л сэтгэл дундуур явдаг. Үйлчилгээ, хүртээмжээс эхлүүлээд тус салбарт шүүмжлэл дуусахгүй. Тэр бүү хэл эрүүл мэндийн энхийн манаанд зогсдог эмч нар “Алгыг нь дээш харуулахгүй бол хөдөлдөггүй” гэдэг ам дамжсан яриа ч бий. Энэ асуудлын цаад учгийг олохоор АТГ-аас эмнэлгүүдийг “оношлох” захиалгыг “Онч шийдэл” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага болон  “Статистикийн судалгаа, шинжилгээний байгууллага” ТББ-д өгчээ. Захиалгын дагуу  Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, нийслэлийн “Өргөө” амаржих газарт авлигын эрсдэлийг үнэлж, өнөөдөр танилцууллаа.

Иргэд эмчид бэлэг, мөнгө өгч ёс зүйн зөрчилд унагаж байна

Ингэхэд эмнэлгийн ажилтнуудыг ёс зүйн зөрчилд оруулах гол эх үндэс нь иргэд өөрсдөө байдаг гэдэг нь асуулгаар гарчээ. Өөрөө хэлбэл, иргэдийн  дунд эмчийн гарыг цайлгах нь зан заншил аятай тогтсон үзэгдэл болжээ. Гэтэл энэ нь эргээд эмч, эмнэлгийн ажилтныг ёс зүйн зөрчилд унагаад зогсохгүй, авлигын гэмт хэрэгтэн болгох эрсдэлд унагаж байгаа аж. “Онч шийдэл” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэ-Очир “Авлигын гэмт хэрэг ёс зүйн зөрчил хоёрын ялгагдаж буй гол зөрчил нь тухайн эмч, эмнэлгийн ажилтнууд үйлчлүүлж буй хүнээ  бэлэг, мөнгө төгрөг өгөхүйц нөхцөл байдал оруулж байна уу, эвсэл тухайн иргэн өөрөө сайн дураараа эмч, эмнэлгийн ажилтанд баярласан сэтгэлээ илэрхийлсэн үү гэдгээс хамаарна. Нийслэлийн “Өргөө” амаржих газар дээр судалгааны явцад харахаар иргэд сайн дураараа бэлэг өгч байна уу, эмч нар бэлэг өгөхөөөс аргагүй нөхцөл байдалд оруулж байна уу гэдэг нь гаднаас нь хараад ойлгогдохооргүй болсон байна. Яагаад гэхээр эхнэрээ, охиноо, бэрээ төрүүлэхэд эмчид бэлэг, мөнгө өгөх ёстой гэдэг хэвшсэн ойлголт иргэдийн дунд бараг зан заншил болтлоо ужгирчээ. Ийм нөхцөл их байгаа нь эмнэлгийн байгууллагын авлигын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Гэхдээ үүний шалтгаан нөхцөлийг асуулгын аргаар дүгнээд үзэхэд энэ бэлэг, мөнгө өгөх нь үйлчлүүлэгчдээс хамаатай байгаа юм. Уламжлалт зан үйлийнхээ дагуу охиныг нь эсэн мэнд амаржуулаад хүүхдийг төрүүлээд өгсөн хүнд бэлэг өгөх, гарыг нь цайлгах явдал тогтсон байна. Хэдийгээр сайн сэтгэлээр бэлэг өгч байгаа боловч энэ нь тухайн эмч, эмнэлгийн ажилтнаа авлигын гэмт хэрэг, ёс зүйн зөрчилд хүргэдэг. Эмнэлгийн ажилтнууд бол төрөөс цалингаа авч, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх ёстой гэдгийг иргэд ойлгох ёстой. Мөн олон нийтэд үүнийг төрөөс үнэ төлбөргүй явуулах үйлчилгээ гэдгийг ойлгуулах таниулах нөлөөллийн ажил явуулах ёстой” гэсэн юм.

УНТЭ хүний нөөцийн бүрдүүлэлтээрээ  “муу” оноо авчээ

Нөгөөтэйгөөр, авлигын эрсдэлд эмнэлгүүдийн хүний нөөцөө хэрхэн бүрдүүлэх, төвсийн зардлаа тайлагнах зэрэгт мөн судалгаа хийжээ. Ингэхдээ аудитын байгууллагын мэдээлэлд мөн үндэслэсэн байна. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр ерөнхий гүйцэтгэдэг 13 чиг үүргийнх нь 10-т нь үнэлгээ хийсэн байна. Энэ 10 чиглэлд 12 эрсдэл байна гэж үзжээ. Эдгээр 12 эрсдэлээс чанар, үйлчилгээний үзүүлэлтийн цар хүрээгээр нь ангилаад “маш их” буюу өндөр эрсдэлтэй хоёр зүйл байна гэж үзсэн аж. Үүнд, ёс зүйтэй холбоотой асуудал, хүний нөөцийн буюу ажилтныг ажилд авах шалгуур нь эрсдэл дагуулжээ. Яг бэлэг өгөх авахтай холбоотойгоор тус эмнэлгийн 100 албан хаагч, эмнэлгээр үйлчлүүлж буй 100 өвчтөнөөс санал асуулга авсан байна. Нийт судалгааны дүнгийн 10 хувьд нь “Бэлэг өгдөг”, “Бэлэг авдаг” гэсэн хариулт хэлжээ. Тэгэхээр дүгнэлтээс үзэхэд тус эмнэлэг дээр бэлэг өгөх, авахтай холбоотой ёс зүйн зөрчил харьцангуй бага байжээ. Гэхдээ энэ бэлэг өгөх, авах тогтолцоо нь бичигдээгүй хууль юм шиг нийгэмд байгаа нь хүмүүсийн “Заавал өгөх ёстой” гэсэн ойлголтоос л үүдэлтэйг үнэлгээ хийсэн судлаачид хэлж байна. Эрүүл мэндийн байгууллагууд нь төрийн гүйцэтгэх чиг үүргийн байгууллагууд тул өдөр тутмын ажлын ачаалал ихтэй тул иргэдийг мэдээлэлжүүлэх сургалтаа хангалттай түвшинд хийж чаддаггүй аж. “Онч шийдэл” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн Ш.Алтанхундага “Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүний нөөцтэй холбоотой эрсдэл нэлээн анхаарал татахаар хэмжээнд хүрсэн байна. Нэгдүгээр эмнэлэг нь хүний нөөцөө сонгон шалгаруулж авахдаа нэгдүгээрт, сонгон шалгаруулалт, хоёрдугаарт, удирдлагын шийдвэрээр авдаг. Энэ хоёр аргын нийт харьцааг нь авч үзвэл 40 хувь нь удирдлагын шийдвэрээр ажилд авсан байгаа юм. Үлдсэн нь сонгон шалгаруулалтаар. Дээрх удирдлагын шийдвэрээр гэдэг 40 хувьд ажилд авч байгаа нөлөөлөл нь өндөр. Жишээлбэл, 2018, 2019 оны хүний нөөцийн бүртгэл дээр “Эрүү мэндийн сайдын тушаалаар...” гээд ажилд авсан тохиолдол байгаа юм. Эрүүл мэндийн сайд өнөөдөр ашиг сонирхол, авлигад өртөх эрсдэл зэргээс хамаараад ийм чиглэл өгөх боломжтой субъект мөн үү. Дээрээс нь нэгдүгээр эмнэлгийн ажилтан ажилд авах сонгон шалгаруулах журам нь тодорхойгүй байгаа юм. Зарим тохиолдолд хүчингүй болсон журмыг үндэслэж ажилтан ажилд аваад байгаа юм. Эсвэл хөдөлмөрийн дотоод журам дээрээ ажилтныг ажилд авах зарчим нь хоёр өөр шалгууртай гэх мэт зөрчил байна. Өөрөөр хэлбэл, хэнийг яаж авах вэ гэдэг нь тодорхойгүй байна” гэсэн юм.

Үүнээс гадна Улсын нэгдүгээр төв эмнэлгийн худалдан авах ажиллагаан дээр мөн л “асуудал”-тай гарчээ. 2018 онд 360 гаруй худалдан авалт хийжээ. Үүний 191 нь гэрээг шууд байгуулсан байна. Уг нь төрийн худалдан авалт хийхдээ тендер зохион байгуулах ёстой. Гэвч эднийх “Тендерийг хүчингүй болгосон” гэдэг үндэслэлээр ийн шууд гэрээ байгуулж, худалдан авалт хийжээ. Энэ нь 5.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий худалдан авалт хийсэн байна. Эмнэлэгт аудитаас хийсэн өнгөрсөн оны зарцуулалтын тайлан, “Онч шийдэл”-ийн үнэлгээнээс харахад энэ худалдан авалт нь ямар үндэслэлээр хийсэн бэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм байна.

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.