Өөртөө л найд, Ерөнхий сайд аа

50

Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга байх үед юм. “Хангарди” ордны 13 дугаар давхарт явж байтал нээлттэй хаалганы цаанаас хижээл насны бололтой эмэгтэй “Хүүе, залуучууд аа, хүлээж байгаарай” гэж хашхирах ч хариу өгөх хүн ойр хавьд байсангүй. Өнөөх эмэгтэй гарч ирснээ “Дөнгөж сая гарсан пиарын багийн залуус хаачсан бэ” гэв. Тэгснээ цаашаа оронгоо “Даргын пиарын залуус гэж биеэ тоосон нөхөд байх юм аа” гэх зэргээр үглэсээр хаалгаа хаасан. Нийслэлийн Засаг дарга хотын захиргааны “хар байшин” дотроо ч бие хамгаалагчтай явдаг, өөрийн гэсэн пиар багтай гэх зэрэг мэдээлэлтэй болж тэр өдөр уг ордноос гарсан юм. Пиарчид нь Улсын баатар даргад юу, юу гэж зөвлөж байсан бол. Лав бүтэх ч байсан, үгүй ч гэлээ гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг сэдэв гарган ирж зүтгүүлсэн нь илт болсон юм даг.

Хэдэн үеэрээ хашаанд амьдарч, салхи, шороотой орчноос залхсан гэр хорооллынхон бараг л алга урвуулахын зуурт байртай болно гэж бодсон байх, хотын даргынхаа ярианд үнэмшсэн ч биз, кампанит ажлын салхинд туугдаад газраа харин ч хурдан чөлөөлсөөр байлаа. Гэтэл өнөөдөр хашаа ч үгүй, байр ч үгүй суугаа нь хэд билээ.

Тухайн үед магадгүй пиарчид “дахин төлөвлөлт” гэж хаа сайгүй шуугьж байх нь даргыг түмний хараа, сонорт байнга байлгах арга гэж үзсэн болов уу. Нөгөө талаас Э.Бат-Үүл дарга гэр хорооллыг барилгажуулчихъя гэж чин сэтгэлээсээ зүтгэж эхэлсэн ч биз ээ. Гэтэл түүхэн, цараа өргөнтэй ажилд шаардагдах намын “мэдлийн” хөрөнгийг журмын нөхөд нь тал бүр тийш нь чангаагаад төслийг нураачихсан ч юм бил үү. Түрүүчийн УИХ-ын бүрэн эрхийн хугацааны III үед буюу 2015-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар хаана хаанаа ярих нь багассаар, парламентын ээлжит сонгууль угтсан дуулианд бүр мартагдаж билээ.

Одоогийн Ерөнхий сайдын зураг тавьчихаад Э.Бат-Үүл, түүний пиарын багийн тухай бичихийн учир юу вэ гэж үү. Улстөрчдийн пиарчид гэж жаргах замын садаа байх юм гэж хэлэх гэснийх.

“Алаад өгнө”, “Дийлээд гарна”, “Монгол ялна” гэх зэргээр сэлэм эргүүлэх мэт уухайлан дайрах ухвар мөчид мөнгө хайгсад улс төрчдийн тархийг эргүүлж, улмаар улс, нийтийн эрх ашигт харш, голдирлоороо урсаж буй голын урсцыг өөр тийш хүчээр чиглүүлэхтэй адил ажил их хийх юм. Улс төрд байр суурьгүй хоцрох вий гэж айсан улстөрчид пиарчдын амнаас унасан тоогоор мөнгө өгөхийг нь яана. Пиардах загвар 2008 оноос дэлгэрч, 2012, 2016 оны “их” сонгуулийн үед гаарсан. Одоо бүр эх, захаа алдаад байна.

Харьцангуй биеэ даасан, өөртөө итгэлтэй, хийвэл айдаггүй улстөрч гэвэл У.Хүрэлсүхийг нэрлэхээр байдаг. Хууль, шүүхийн орчин дахь зоримог алхмууд, нийгмийг идэх, уухын шуналаас үүдэлтэй элдэв сүлжээнээс гаргачихсан, авлигачдыг илрүүлчихсэн, хувиа бодож, олныг хохироодог увайгүй алхмуудыг таслан зогсоох сон гэсэндээ хийж буй үйлдэл, шийдвэрүүдээс нь үр дүн хүлээдэг.

...Олон түмний хараа хурц. Тавьсан сум нь байндаа л тусдаг. Шавар, шавхайтай хутгаагүй ганц салбар гэж хүчээр ч болов найдахыг хүсэх салбар соёл, урлаг руу ухаан богино пиарчдын үгээр довтлоод эхлэх аваас алд дэлэм алдах вий. Нэг л өдөр тэр жил жүжигчин Амраа “Би юу хийчихэв ээ” гээд гараад ирсэн шиг, хип хопчид үглээд эхэлбэл араас нь соёл, урлагаа гэсэн уран бүтээлчид давалгаалаад босоод ирж мэдэх юм шүү. Пиарчдыг бүү сонс, өөртөө л найд, Ерөнхий сайд аа..

Нийгмийн амьдралын салаа, мөчир бүхэн өнгөлөг байх, эс бөгөөс хэзээ мөдгүй амь тавих гэж буй мэт гудайж, гундах, эсэх нь засгийн эрх баригчдын бодлого, үйл ажиллагаанаас шууд хамаарна. Энэ удаа нийгмийн буцалсан амьдрал дундаас өнгө болоод мөн чанараар ялгардаг соёл, урлагийн салбар дахь дэвшилт бүхнээр улстөрчид хэрхэн гараа угаахаар санаархах болсон талаар дурдах гэж байна.

Засгийн газрын тэргүүн бол аль ч салбарын “дарга” л даа. Гэхдээ энэ удаагийн Ерөнхий сайдад маань пиарчид нь “Өнөөдөр олон түмний сэтгэлийг татах, тэдэнд гоё харагдах арга нь соёл, урлагийнхантай ойр байх, дунд нь орж хутгалдах, санаа тавих юм. Тэгээд ч энэ салбарт олон хүн ажилладаг болохоор тэднээр дамжуулж олон нийтэд өөрийнхөө талаар эерэг мэдээлэл түгээх боломжтой. Төсвийн мөнгөөр цалинждаг уран бүтээлчид хэзээ ч, хаана ч дуудсан хүрч ирэх нь давуу тал” гэж зөвлөсөн гэлтэй. Магадгүй соёл, урлагийн салбарынхныг “ноолоход амар номхон тэмээ” гэж үнэмшүүлсэн ч гэхээр харагдах боллоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэнэт соёл, урлагийнханд хайр зарлаж, заримыг нь бүр цочоосон. Засгийн газрын өнгөрсөн хаврын нэгэн ээлжит хуралдаанаар “Энэ салбар арай хэтэрхий хаягдаж байна, хаана, хэнд, юу хэрэгтэй байна, өгье, шийдье” гэсэн. Засгийн газрын тогтоолууд ч гаргав. Заримыг нь өөрийн биеэр гардуулж өгсөн.

Үндэсний урлагийн их театрыг өөрийн гэсэн байртай болгоё, олон жил хүсэж байгаа юм, одоо шийдэх цаг нь болсон гэсэн. Театрын барилга барих газар олъё, хаана байж болох вэ, судалъя гэсэн. Сайн хэрэг. Ямартаа л энэ мэдээллийг сонссон өвгөн судлаач, доктор Ж.Энэбиш баярласандаа Ерөнхий сайдад ил захидал илгээж, талархлаа илэрхийлэх вэ. Соёл, урлагийн салбарт насаараа ажиллаж, ёстой л нөгөө чөмгөө дундартал гэдэг шиг бичиж, шүүмжилсэн хүн хувьдаа байр савтай болох гэж буй мэт баярласан нь тэр. Яагаад ингэтлээ баярлав гэхээр уран бүтээлчдийн дунд амьдарч, тэднээр “амьсгалж”, баяр жаргалыг нь ч, зовлонг нь ч хуваалцаж өдий хүрсэн болохоор тэр юм. Зөвхөн У.Хүрэлсүх гэлтгүй, захын улстөрч өнөөдөр уран бүтээлчдийн өмнөөс, урлаг, соёлын өмнөөс ингэж баярлах уу. Үгүй. Тэдэнд ард түмний толгой дээр гарч аваад, хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийж тоглох сонирхол л байдаг уу гэхээс, Монголын соёл, урлагийг ингэж хөгжүүлье гэсэн бодлого, хүсэл байдаггүй. Наад захын жишээ татъя. Монгол Улсын Консерватор өнгөрсөн сард сургуулийг нь дэлхийн жишгээр Хөгжмийн дээд сургууль болгож өгсөнд талархахын ялдамд, ер нь аль хэр хүчин чадалтай хамт олон болохоо шийдвэр гаргагчдад харуулъя, тайлагная гээд шилдэг үзүүлбэрүүдээ багтаасан “Талархал хүндэтгэлийн тоглолт”-ыг ДБЭТ-т зохион байгуулсан юм. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд, Засгийн газар, БСШУСЯ-ны чиг, шугамын удирдлагуудыг бүгдийг нь урихад нэг ч дарга, тэр ч бүү хэл, дарганцар ч ирээгүй. Тэднийг ирэхэд хүндэтгэн хүлээж аваад, дайлахаар сэтгэлээ шингээж бэлтгэсэн идээ, будаагаа сургуулийн удирдлага, багш нар өөрсдөө хувааж идсэн.

Харин маргааш нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй нөхөд Консерваторт очсон л доо. Хүндтэй зочид гэнэт очсон ч, хэзээд бэлэн байдаг хөгжимчин оюутан, сурагчид, дуучин залуус дарга нарын орсон анги, кабинет болгонд, түүгээр зогсохгүй хонгилоор явахад нь ч хөгжмийн эгшгээр угтаж, үдэхэд нь сэтгэл нь аргагүй хөдөлсөн байна билээ. Дарга нар “Ийм гоё сургууль юм уу” гэж өөрийн эрхгүй хэлсэн гэдэг. Тэд мэргэжлийн хөгжмийн орчинд анх удаа хөл тавьсан байж ч магад. Анги танхимдаа хөгжимдөхийг нь сонсоод ингэж хэлж байгаа юм чинь, ДБЭТ-т “Талархал, хүндэтгэлийн тоглолт”-ыг нь хүндэтгэн үзэж, сонссон бол юу гэх байсан бол. Эндээс нэг талаас улсын соёл, урлагийг авч явдаг, хөгжүүлдэг багш, мэргэжилтнүүд, нөгөө талаас салбар удирддаг сайд, дарга, улстөрчдийн соёл, урлагийн талаарх ойлголт, үзэл, хандлага газар, тэнгэр мэт ялгаатай, зөрүүтэйг харж болно. Нийгмийг эерэг, өөрөөр хэлбэл, ёс суртахууны хэм хэмжээ өндөртэй, боловсорч соёлжсон оюунлаг, сэхээтэн иргэд олонтой болгохын тулд соёлоор, урлагийн боловсролоор дамжуулж зорилгодоо хүрэх тухай ойлголт дарга нарын, улстөрчдийн хэнийх нь ч ухаанд байдаггүй. Олон жил анзаарсан, ийм дүгнэлтэд хүрч байна. Тийм атлаа учраа олохоор тааруу пиарчдын олсон цонхоор хаашаа харахаа мэдэхгүй шагайж зогсох нь осолтой юм даа.

Ерөнхий сайд Үндэсний урлагийн их театрыг өөрийн байртай болгох газар олох болов уу. Одоогийн байдлаар газар ч үгүй, шав ч байхгүй, барилгынх нь зураг төсөл ч сураггүй гэнэ. Пиарчид нь “Хамгийн гол нь байртай болгоно гэж хэлэх чухал байна. Урлагийнхан төдийгүй, үзэгч олонд нь сайхан санагдана. Түрүүлж дуугарах нь чухал” гэв үү. Тус театрын шинэ байр гэдэг нь Э.Бат-Үүлийн “дахин төлөвлөлт” гэсэн хоосон амлалт шиг амнаас гарсан хий болж үлдэх юм биш биз. Цаг хугацаа харуулах биз ээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын филармонийн тайзан дээр “Баян Монгол” жааз найрлын хөгжмийг шинэчлэхэд зориулж Засгийн газрын нөөц хөрөнгөөс 250 сая орчим төгрөг гаргуулах болсон тухайгаа дурдсан Засгийн газрын тогтоолыг байгууллагын удирдлагад гардуулж өгсөн юм. Тэр үед уран бүтээлчид дээр дурдсан өвгөн судлаачаас дутахгүй баярласан. Арай л ил захидал бичээгүй байх. Гэтэл одоо “Баян Монгол”-ынхон санасан, өмнө харж сонгосон хөгжмийн зэмсгүүдээ авах боломжгүй сууна. Улсын мөнгө санхүү хариуцдаг яамныхны “Тендер зарлана. Хуультай юм. Тендерт ялсан байгууллага ямар хөгжим оруулж ирэхийг хэлэх аргагүй” гэж хэлсэн гээд бүдэг бадаг мэдээлэлтэй байж байх юм. Засгийн газрын тогтоол гаргах нэг хэрэг. Харин асуудлыг амьдралтай уялдуулж шийдэх, эсэхэд гол учир бий.

Азийн ардын урлагийн анхдугаар наадам манай эх оронд болж өндөрлөлөө. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Арт Лар” төрийн бус байгууллага хамтран амжилттай зохион байгуулав. Гадаад орнуудын 200 гаруй, Монголын 2000-аад ардын авьяастан таван өдрийн турш дуулж, хөгжимдөн, бүжиглэв. Соёл, урлагийн аливаа арга хэмжээ, ялангуяа олон улсын уралдаан, наадам нь улс, үндэстний харилцаа, хамтын ажиллагаа, энх тайвнаар зэрэгцэн оршихуйд эерэг нөлөөтэй. Уран бүтээлчид, иргэд хоорондын харилцаа, нөхөрлөлд гүүр болж, үзэгчдэд танин мэдэхүйн эх сурвалж байдаг, төр, засгаас дэмжиж, хөхиүлэн, бодлогын түвшинд авч явбал зохих хүчин зүйл. Энэ ч утгаар уг анхдугаар наадмыг Засгийн газраас дэмжиж, хөрөнгө санхүүг нь шийдэж өгчээ. Засгийн газраас дэмжиж, санхүүжилт олгоно гэдэг тэргүүн нь уг наадмыг өөрийн мэт “ашиглаж” нэр хүндээ өсгөх хэрэгсэл болгоно гэсэг үг биш байх. Олон улсын наадмын нээлтийн ажиллагаа ямар болсныг харсан хүмүүс бүгд ингэж хэлэх байх.

Нээлтийн арга хэмжээнд уг наадмыг зорьж гадаадаас болон эх орны өнцөг булан бүрээс хуран цугласан нас, насны 2000 гаруй ардын авьяастан жагссан. Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ дайчлагдсан. Морин хуурын чуулга, уран нугараачдын хамтлаг гээд үндэсний урлаг талаас юугаар бахархана, тэр бүхнээ гаргасан. Уран бүтээлчид нээлтийн ажиллагааг алдаа мадаггүй хийх үүднээс өглөөний 07.00 цагаас эхэлж бэлтгэл, сургуулилалт хийсэн гэж байв. Гэтэл наадмын нээлт 16.00 цагт эхлэхэд зохион байгуулагч төрийн байгууллагынхны анхаарал зөвхөн Ерөнхий сайдад төвлөрч байлаа. Бүх хүн түүнийг гарч ирэхэд, үг хэлүүлэхэд, гоё харагдуулах талд санаагаа чилээж харагдсан. Энэ нь тэдний үүрэг ч гэлээ хувь, орц нь хэтэрсэн санагдаж байсан юм. Наадмын хамгийн хүндтэй хүмүүс нь ардын авьяастнууд, ялангуяа шүүгчид байлтай. Гэтэл гадаадаас ирсэн шүүгчид болон уг наадмын дэлхийн удирдах байгууллагын тэргүүнд нь суух сандал бэлтгээгүй нь харамсалтай.

Чингис хааны морьт хөшөө бүхий цогцолбор өөд өгсөх шатыг Үндэсний урлагийн их театрын үндэсний их найрлын хөгжимчдөөр бүрхсэн байлаа. Хөтлөгчид наадмын тухай уран гоё үгс хэлсний дараа үндэсний болон гадаадын ардын авьяастнууд уг цогцолборын өмнүүр жагсаж өнгөрсөн. Үүний дараа Ерөнхий сайдын үг хэлэх ээлж ирлээ. Хөтлөгч түүнийг урихад асарт суусан хүмүүсийн хараа эхний эгнээ рүү чиглэсэн. Гэтэл Ерөнхий сайд тэнд байсангүй, харин дээрээс шат уруудан, эгээ л тэнгэрээс буугаад ирэв үү гэлтэй доошилсоор, хөгжимчдийн дунд зассан чанга яригчаас үг хэлсэн юм. Түүний пиарчид ингэж гарч ирэх нь гоё, магадгүй хаан мэт харагдана гэж хэлэв үү.

Тэр өөрөө ингэе гэж захиалаагүй л байх. Пиарчдынх нь шийдэл болов уу. Энэ нь Азийн ардын урлагийн наадамд оролцогч ардын авьяастнуудыг хүндэтгэж цугласан хүмүүст лав таалагдаагүй. “Өнөөдрийн гол баатрууд нь ардын авьяастнууд атал улсын Ерөнхий сайд наадамд хөрөнгө шийдэж өгснөөрөө далимдуулж, өөрийгөө дөвийлгөх нь зохисгүй юм” хэмээн ярилцаж байсан. Ерөнхий сайдын, түүний пиарчдын, энэ мэт, “Энэ хүүхнүүд үү” киноны Жамц даргын хэлдэг “Зүрх рүү нь довтлох” гэдэг шиг, соёл, урлагийн салбар луу “довтолж”, энэ салбарынхны хүч, хүний нөөцийг ашиглаж, улстөрчийн хувьд нэр хүндээ өсгөх гэж оролдох нь энэ салбарынхныг дөрөөнд нь чиргүүлдэж зүдрээхтэй адил юм болох вий.

Олон түмний хараа хурц. Тавьсан сум нь байндаа л тусдаг. Шавар, шавхайтай хутгаагүй ганц салбар гэж хүчээр ч болов найдахыг хүсэх салбар соёл, урлаг руу ухаан богино пиарчдын үгээр довтлоод эхлэх аваас алд дэлэм алдах вий. Нэг л өдөр тэр жил жүжигчин Амраа “Би юу хийчихэв ээ” гээд гараад ирсэн шиг, хип хопчид үглээд эхэлбэл араас нь соёл, урлагаа гэсэн уран бүтээлчид давлагаалаад босоод ирж мэдэх юм шүү. Пиарчдыг бүү сонс, өөртөө л найд, Ерөнхий сайд аа.

Р.Оюунжаргал     

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.