Монгол сумдын холбооны улс болох уу!!

99

Монгол сумдын холбооны улс болох уу!!

 

Ийм агуулга Үндсэн хуульд оруулах гэж буй өөрчлөлт дунд цохиж явна. Эрх баригчид Үндсэн хуулийн 59.2-т “…Сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна” гэсэн “өгүүлбэр”-ийг хийх гэж байна.

Энэ нь Үндсэн хуулийн 25.7-д заасан Монгол Улс нэгдмэл байх тухай хуулийн зохицуулалттай шууд зөрчилдөж байгаа юм.

Монгол бол төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс юм. Өөрөөр хэлбэл, манай улс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл, улсын хэмжээнд үйлчлэх хүчин чадал бүхий нэг Үндсэн хууль, хууль тогтоомж, санхүү, албан татвар, мөнгөний нэгдмэл нэг тогтолцоотой. Мөн өөрийн зэвсэгт хүчинтэй, төрийн бэлгэ тэмдэг болох улсын сүлд, туг, далбаа, төрийн дуулал нэгтэй, орон нутгийн төрийн байгууллагууд нь тус тусдаа бие даасан улсын хэлбэрээр биш, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваариар зохион байгуулагддаг. Угаасаа нэгдмэл улсын үндсэн загвар ийм юм.

Дэлхий дээрх Холбооны улсууд болох АНУ, Аргентин, Бразил, Венесуэл, Мексик, Нигери, Швейцарь зэргийн төрийн байгууламж нь манайх шиг Нэгдмэл улсаас тэс өөр.

Тэд төрийн байгууламжийн хувьд бие даасан байдлаар оршин тогтнож байсан хоёр буюу хэд хэдэн улс нэгдэж, харьцангуй бие даасан улсуудын холбооны хэлбэрээр зохион байгуулагдсан байдаг. Холбооны улсад хууль тогтоомж, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хоёрдмол тогтолцоо үйлчилдэг.

Холбооны улсын хамгийн том жишээ болох АНУ нь 50 муж улс болоод Колумбын тойргоос бүрддэг. Эдний нутагт анх индиануудын өвөг одоогоос 15 мянган жилийн өмнө ирж суурьшсан. Америкт МЭ XVI зуунаас Европын колоничлол эхэлсэн. Атлантын эргээр Британийн 13 колони гэж байв. Харин колонийн ард түмэн далайн цаадах Британид захирагдахгүйн төлөө хийсэн тэмцэл нь1776 онд ялж, АНУ байгуулагдсан байдаг. Улмаар 1783 онд дайн дуусч, 1787 онд Үндсэн хуулиа баталж байжээ. Үндсэн хууль нь өнөөг хүртэл үйлчилж байгаа аж.

Ер нь бол АНУ бол “Америкийн нэгдсэн дүрэм” гэж байхгүй. Замын хөдөлгөөний дүрэм гэхэд л муж бүрийнх өөр байдаг. Хэрвээ АНУ-д машин жолоодох бол очсон мужийнхаа “зохиосон” дүрмийг л барих ёстой. Гэхдээ ерөнхий агуулга нь адил гэдгийг тэнд жолоо мушгиж үзсэн хүмүүс мэднэ.

Бас АНУ-д албан ёсоор орлого ологч хэн болгон тухайн жилд олсон орлогоороо тайлан гаргаж тохирсон хэмжээний татвар төлөх хуультай. Энэ тайланг улсын хэмжээнд болон мужийн хэмжээнд гаргаж мэдүүлэх ёстой. Гэхдээ Техас, Невада, Флорида, Вашингтон, Аляска зэрэг мужууд нь орлогын татваргүй байдаг.

АНУ-ын нийт мужийн 31-д нь ил гаргахгүйгээр биедээ галт зэвсэг авч явах, зарим нь гэртээ хадгалахыг зөвшөөрдөг. Зарим мужид заавал буу эзэмших ёстой гэсэн мужийн хууль ч байдаг байна. Тухайлбал Жоржия мужийн оршин суугч болгон гэртээ гар буутай байхыг мужийн хуулиар үүрэгджээ. Харин Аляска, Вермонт зэрэг мужуудад галт зэвсэг худалдан авах, биедээ авч явахад ямар ч тусгай зөвшөөрөл шаардлагагүй, хязгаарлалт байхгүй.

Ийм эрс тэс, нэмэх хасах шиг хууль дүрмүүд үйлчилдэг нь холбооны улсын онцлог гээд ойлгочиход болно.

Гэтэл манай эрх баригчид Үндсэн хуульдаа сум, дүүрэг өөрсдөө “хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд” татвар тогтооно гэж оруулах гэж байгаа нь шууд утгаараа төрийн байгууламжийн энэ хэлбэрээс татгалзаж, холбооны улсын загварт шилжүүлэх гэж буй хэрэг.

Дээрээс нь энэ өөрчлөлтийн гайтай үр дагавар их гэдгийг хэлэх хүн цөөнгүй байгаа юм.

Сумын удирдлагууд татвар тогтоодог боллоо, үүнийг Үндсэн хуульд хийчихлээ гэж бодъё. Өнөөдөр уул уурхай, ашигт малтмалын асуудалгүй нэг ч сум Монголд байхгүй. Сумын дарга нар ба уул уурхайн компаниудын хооронд авлигын шинжтэй асуудпал байнга яригддаг. Хандив нэрээр авлига авдаг гэсэн гомдол АТГ-т бөөн бөөнөөрөө ирдэг. Уул уурхайн компаниас авсан хандив алба, амины аль руу нь явчихсан бэ гэдэг асуудал юм л даа. Үүнийг Үндсэн хуулиар баталгаажуулж, нөгөө талаас хамгаална гэсэн үг.

Нөгөөтэйгүүр тухайн сумын нутаг дэвсгэр, байгалийн баялаг, ашигт малтмал, ан амьтны талаарх татвар, бусад шийдвэрийг төрийн төв байгууллага, сумын иргэдийн оролцоогүйгээр сумын Засаг дарга, ИТХ-ын хэдэн төлөөлөгч шийддэг болно. Ингээд ирэхээр Нэгдмэл улсын суурьтай Монголд Холбооны улсын загвар үйлчилж холион бантан л болно гэсэн үг.

Энэ даамжирсаар эргээд Үндсэн хуулиа хүчгүйдүүлнэ. Явсаар Үндэсний аюулгүй байдалд аюултай байдал үүснэ гэдгийг энэ чиглэлийн номыг нь үзсэн мэргэжлийн хүмүүс хэлсээр байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.