Заавал хариулаарай, Г.Занданшатар дарга аа

452

Заавал хариулаарай, Г.Занданшатар дарга аа

 

УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхлээд байна. Тиймээс Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонины зүгээс УИХ-ын дарга Г.Занданшатарт хаяглаж сониныхоо хуудсаар дамжуулан Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой зургаан асуултыг илгээж байна. Та заавал хариулаарай.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн нь Оюутолгойн гэрээнд хийсэн шалгалтуудыг хэлэлцэхгүй гэсэн арга гэх хардлага нийгэмд байна. Оюутолгойн гэрээний талаарх дүгнэлтүүдийг УИХ хэзээ хэлэлцэх вэ?

-Таны тэргүүлсэн парламент Үндсэн хуулийг өөрчилж чадвал УИХ-ын дарга Г.Занданшатар гэдэг нэр түүхэнд бичигдэх нь тодорхой. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт ардаа сайн үр дагавар үзүүлбэл та сайн нэр, улс оронд тааруухан нөлөө үзүүлж эхэлбэл та муугаар бичигдэнэ. Ер нь энэ өөрчлөлтийг Та УИХ-ын даргын хувьд биш хувь хүний өнцгөөс хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Үндсэн хуульдаа өмнө нь бид өөрчлөлт оруулж байсан удаа бий. Ингэхдээ бүх ард түмний санал асуулга явуулсан. Харин энэ удаа зөвлөлдөх ардчиллын зарчмаар санал асуулгыг явуулж байна. Зөвлөлдөх ардчилал гэх  үгийг та давтаж  ярьсаар олон нийтэд хэдийнэ танил болгосон.  Энэ зарчмын хүрээнд Үндсэн хуулиа өөрчлөх нь юугаараа давуу юм бэ?

-Үндсэн хуулийн энэ өөрчлөлтөөр намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлохтой холбоотой нэмэлт оруулах гэж байгаа нь алсдаа намыг Үндсэн хуульд дэвшүүлж, төрийн дээр нам гарах эхлэлийг тавьж байгаа хэрэг гэх хуульч цөөнгүй байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Сайд нарыг томилох, чөлөөлөх огцруулах журмын хүрээнд Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэжээ.  Энэ нь Үндсэн хуулийн 39.3-т заасан “Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр УИХ хүн бүрээр хэлэлцэж томилно” буюу 20 дугаар зүйлд заасан “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэснийг шууд зөрчиж байна гэх дүгнэлтийг хийж болохоор байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн суурь зарчмыг энэ өөрчлөлтөөр зөрчих нь гэсэн ойлголт нийгэмд байна?

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт өөрчлөлтийн хүрээнд сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна гэж оруулахаар төлөвлөжээ. Орон нутаг татвар тогтооно гэдэг бол төрийнбайгууламжийн нэгдмэл хэлбэртэй Монгол Улсад тохирохгүй. Харин АНУ зэрэг Холбооны төрийн байгууламжтай улсад байдаг тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалт юм. Мөн энэ өөрчлөлт Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-ийн “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэснийг шууд халж байгаа явдал биш үү. Энэ тал дээр Та ямар байр суурьтай байгаа вэ?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>