Тоть шувуу урт наслахын бэлгэ тэмдэг

649

Бид кино, онигооноос тоть гэдэг амьтан хүнийг дууриан авиа гаргаж, ярьдгийг олонтаа харж, сонсдог. Тэгвэл тоть үнэхээр ийм төрмөл авьяастай гэнэ шүү. Ямар нэгэн юмнаас гарсан авиа болон хүний ярьж байгаа үгийг дуурайн хэлж чаддаг болохоор тоть шувууг тэжээх сонирхолтой хүн олон байдаг. 

Тоть шувуу Австрали, Индонез, Зүүн өмнөд Ази, Энэтхэг, Африк тивийн цөлөөс бусад хэсэг, Өмнөд америк, Мексикийн хэсэг нутагт хамгийн ихээр тархсан байдаг. Тоть шувуу үржлийнхээ үед унасан, ялзарсан модны хожуул, хонгилыг ухаж тэндээ үүр засч өндөглөдөг байна.

Жижиг тоть 18-19 хоног, том тоть 40-өөс дээш хоног өндгөө дардаг. Жижиг тоть 30-50 хоногт, том тоть гурван сарын дараа үүрнээсээ нисдэг. Тоть шувууны нэг гэм нь жимсний мод, тариалангийн талбайг сүргээрээ сүйтгэдэг явдал бөгөөд үүнээс болж Австрали, Африкт ихээр устгадаг байжээ. Харин одоо бол тотийг устгахыг хуулиар хорьсон.

Учир нь хүмүүс энэ шувууг ихэд сонирхож байгаль дээрээс нь барьж, гэрийн нөхцөлд тэжээдэг болсонтой холбон тайлбарлаж болох юм. Ялангуяа том тотийг ихээр сонирхон барьдаг болсноос өдгөө ховорджээ. Гэхдээ ихэнх том тоть олон улсын ховордсон ан амьтныг худалдаалах конвенцийн хавсралтад орсон болохоор "Улаан ном"-д оржээ. Харин жижиг тоть дотроо Австралийн долгионт тоть нь манай улсад сүрэглэн нисдэг болжмор шиг хэдэн зуугаараа сүрэглэн байдаг ажээ. 

Тоть шувууны арга эвийг олж чадах юм бол тэжээхэд хамгийн амар шувуунд тооцогддог. Аливаа зүйлийг сурахдаа ч гаргуун. Тиймээс тотийг "циркийн жүжигчин" болгох тохиолдол олонтаа. Хоол тэжээлийн тухайд ногоо, навч, жимсээр хооллодог бөгөөд гэрт тэжээж байгаа нөхцөлд заавал ногоо өгч байх хэрэгтэй гэнэ. Лууван, алим, байцаа гээд хүний өдөр тутамд хэрэглэдэг бүхий л төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнийг амтархан зооглодог байна.

Мөн дэвтээсэн талх, чанасан төмс зэргийг ч өгч болно. Гэхдээ тотийг өдөрт нэг л удаа хооллодог гэдгийг бүү мартаарай. Харин торон дотор нь байх усыг тогтмол солих нь нэн чухал юм. Тоть шувууны хамгийн дуртай хоол нь самар. Гэхдээ самрыг их хэмжээгээр өгөх нь хориотой юм. Учир нь самар тослог ихтэй тул элэг нь өөхөлж, амьдрах хугацаа нь богиносох эрсдлийг дагуулдаг байна.

Самрыг идэж байгаа хоолных нь 20 хувиас илүү өгч болдоггүй. Шувуунд хүмүүс бидэн шиг шүд байхгүй болохоор идсэн хатуу үр, хоолыг нь шингээж өгөх зориулалттай булчинлаг ходоод гэж байдаг. Амьдрах нөхцөлийн хувьд тоть шувуу тасалгааны температурт дасан зохицож амьдарч чаддаг. Гэрийн нөхцөлд анхаарах хэд хэдэн зүйл байдгийн нэг нь нэвт салхилсан хүйтэн салхинд удаан байлгаж болохгүй.

Мөн халуун наранд гаргаж болдоггүй ажээ. Хэрвээ салхилуулах гэж байгаа бол торыг нь нар, сүүдэр хосолсон газарт байрлуулах нь зүйтэй гэнэ. Тоть өндөр насалдаг амьтны тоонд зүй ёсоор орно. Жижиг тоть 15-30 жил, дунд зэргийн тоть 40-50 жил, том тоть 70-80 жил, бүр 100 жил наслах тохиолдог бий. Тийм болохоор хүмүүс энэ амьтныг урт удаан наслахын бэлгэдэл болгон тэжээдэг байна. 

Эх сурвалж: mnb.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>