Аварга цолыг тэрбум төгрөгийн найраагаар авсан гэх яриа яагаад гарав?

922

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам сайхан болж өнгөрөөд удаагүй байна. Энэ жилийн баяр наадмын түрүү бөхөөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны бөх, цагдаагийн ахмад, улсын арслан Энхтөгсийн Оюунболд ес даван тодорсон юм. Э.Оюунболдын хувьд ийнхүү  улсын наадамд   хоёр дахь удаагаа түрүүлж, улсын аварга цолтон болоод байна.

Тэгвэл өмнөх жилүүдэд улсын аваргаас доош цолны бөхчүүдийг дагаж яригддаг, яригдах нь байтугай бодитой гэдгийг нь ард түмэн мэддэг болсон найрааны асуудал өнөө жил Улсын аварга болсон бөхийг дагаж яригдав. Тэр байтугай Э.Оюунболд улсын аварга цолонд хүрэх найраанд түүнтэй нутаг нэгт  төр засгийн томчууд  гар бие оролцсон тухай асуудал ч яригдсаар  байна.

Үнэхээр найраа хийсээр байгаад түрүү бөхийн цолонд хүрчихэв үү, эсвэл зориудаар ийм яриа тарааж байна уу гэдгийг ухаж бодоход нэгэн сэжүүр гарах аж.

Тухайлбал, “Монгол НD”телевизийн захирал Г.Бат-Эрдэнэ баяр наадмын бөхийн барилдаан шувтрах үед “1.3 тэрбумын Хэнтийн түрүү бөх тодорчихсон ч гэх шиг” хэмээн твийтэртээ жиргэсэн.   Мөн сар орчмын өмнө нэгэн сэтгүүлч “Түрүү бөх тэрбум төгрөгөөр тодрох гэж байгаа” гэх утгатай зүйл жиргэж байсан гэнэ. “Монгол НD”телевизийн захирал Г.Бат-Эрдэнэ жиргэсэн гэхээр Бөхийн холбооны талцлын улбаа явж байна гэж хэлж болохоор.

Г.Бат-Эрдэнийн жиргээ

Учир нь   Г.Бат-Эрдэнэ  бол Монголын үндэсний бөхийн холбоог булаацалдсаар ирсэн “Гацуурт”-ын Л.Чинбатын хүргэн  билээ. Харин Э.Оюунболд нь Монголын үндэсний бөхийн холбооны булаалдаанаас одоохондоо хожсон байдалтай байгаа буюу уг холбооны Тэргүүн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн нутаг нэгт шавь нь.

Өнгөрсөн 2018 онд Бөхийн холбооны Тэргүүний  төлөөх хэрүүл ид өрнөж байхад “Гацуурт”-ын Л.Чинбатын талынхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад нэгэн бичиг илгээсэн байдаг.Тэр бичигт 2017 оны баяр наадмын 5-ын даваанд ам авахдаа олны нүдэн дээр, телевизийн камерийн өмнө даваа наймаалцсан Э.Оюунболд нарт хариуцлага тооцохыг хүссэн байдаг.

Уг бичигт  “Дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь, Хэнтий аймгийн харьяат, улсын арслан Э.Оюунболд нь 2017 оны Улсын Баяр наадмын тавын даваанд ам авахдаа наадамчин олны, телевизийн камерын өмнө даваа наймаалцсан явдал болсон” гээд    тухайн үед МҮБХ-ыг удирдаж байсан болоод баяр наадам  зохион байгуулж байсан хүмүүс уг явдлыг тоогоогүй нь найраа,наймааны бизнест хамтран оролцсоныг илтгэнэ гэжээ. Ингээд Э.Оюунболдын  найраа хийн, хуруу гараараа үнэ ханшаа тохирч буй бичлэгийг албан бичигтэйгээ хавсарган хүргэж байгаагаа уламжилжээ.

Уг бичлэг:

 

2018 оны зургадугаар сарын 29-нд МҮБХ-ноос Ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан бичгийг ЭНД-ээс үзнэ үү.

Энэ мэтээс харахад Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүний төлөөх талцал,тэмцэлд манлайлж байгаа нэг тал нь өнөө жилийн түрүүлсэн бөхийн тухай 1.3 тэрбумаар аварга боллоо гэх яриаг тараасан мэт харагдана.CLICK TO TWEET

Нөгөө талаар мэдээж Э.Оюунболд найраагаар аварга болсон байхыг үгүйсгэхгүй.Үнэхээр аварга болтол найраа явсан бол аргагүй том “гарууд” оролцсон байх магадлал өндөр. Юутай ч анх удаа энэ жил түрүүлсэн бөхийг дагасан найраа,наймааны эвгүй яриа гарлаа. Үүнд Монгол бөхийн талцал,хэрүүл нөлөөлөв бололтой.

Улсын аварга Э.Оюунболд гэж хэн бэ

Ингээд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас төрсөн аварга хэн бэ гэдгийг цухас танилцуулья.

Аймгийн начин Дашдоржийн Энхтөгсийн хүү ид 26 насныхаа жил дээр ийнхүү улсын аварга болов. 2015 оны улсын наадамд түрүүлж улсын арслан болсон нь 1963 онд Жигжидийн Мөнхбат аваргатай адил 22 насандаа түрүүлсэн амжилтыг давтсан тохиолдол болсон.

Э.Оюунболд  2005 онд Улаанбаатар хотноо ирэн 2007 оноос Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн байгуулсан “Аварга” дээд сургуульд Бүдээбазарын Адьяахүү начны удирдлаганд бөхийн эрдэмд суралцаж амжилтын гараагаа эхлүүлсэн аж.2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар 6 давж улсын харцага болсон.

2016 оны улсын наадамд 7 давсан бол 2017 онд гэмтлийн улмаас тавын даваанд О.Хангайд тахимаа өгсөн. 2018 онд тавын даваанд аймгийн хурц арслан Ц.Бямба-очирт өвдөг шороодсон ч тэр сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн тул чимэг нэмсэн билээ.

Түүнчлэн Э.Оюунболд өнгөрсөн 2017 оны наадмаар ам авахдаа телевизийн камерын өмнө хуруу, гараа гозолзуулан даваа наймаалцсаныг олон нийт харсан.

“Дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь, Хэнтий аймгийн харьяат, улсын арслан Э.Оюунболд нь 2017 оны Улсын Баяр наадмын тавын даваанд ам авахдаа наадамчин олны, телевизийн камерын өмнө даваа наймаалцсан явдал болсон” хэмээн үзэж, Бөхийн холбоог булаацалдаж байсан эсрэг тал буюу “Гацуурт”-ын Л.Чинбатын талынхан Э.Оюунболдод хариуцлага тооцуулахаар өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл хандаж байв.

Энэ жилийн үзүүр түрүүний барилдаанд улсын арслан Э.Оюунболд улсын аварга Н.Батсуурийг давж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн 512 бөхийн барилдаанд түрүүлээд байна.

Улсын наадамд түрүүлсэн аварга Э.Оюунболд “Төрүүлж өсгөсөн ээж аав, хайрт хань, үр хүүхэддээ баярлалаа. Энэ спортын ард нь байдаг бүх багш нартаа баярлалаа. Хэнтийн ард түмэндээ би амласнаа биелүүллээ гэж хэлье. Хэнтийн арав дахь аварга болсондоо баяртай байна. Энэ жил бэлтгэл, форм сайтай байлаа. Монголын нийт ард түмэн та бүхэн сайхан наадаарай” хэмээсэн юм.

GEREG.MN

https://gereg.mn/news/26990

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>