Юанийн уналт Монголын өрхүүдэд тустай ч таваарын ханшид халтай

23

Юанийн уналт Монголын өрхүүдэд тустай ч таваарын ханшид халтай

 

ХЯТАД "ВАЛЮТЫН ДАЙН” ӨДӨӨВ ҮҮ

Эдийн засгийнх нь амин тэжээл болдог экспортоо харсаар суугаад унагахыг урд хөршийн удирдагчид хүссэнгүй. Тиймээс юанийн ханшийн уналтаараа АНУ-ын өндөр тарифыг нөхөж, худалдааны саадыг аль болох хөнгөхөн давахаар зорьж байна.

Улмаар гадаад зах зээлд мөнгөн тэмдэгтийн нийлүүлэлтээ нэмэгдүүлж, оффшор юанийн ханшийг хүчээр сулруулаад байна. Өнгөрсөн даваа гарагт олон улсын зах зээлд ам.доллартай харьцах юанийн ханш (оффшор) огцом унаж, сүүлийн арван жилийн ёроолд хүрээд байна.

Ийнхүү олон улсын шинжээчдийн сүүлийн нэг жилийн турш таамаглаж байсан дүр зураг бодит биелэл, юаньтай харьцах ам.долларын ханш долоон нэгж даван чангарлаа. Үүнээс үүдэн Азийн зарим орны мөнгөн тэмдэгтийн ханш донсолж, БНСАУ-ын вон сүүлийн гурван жилийн доод цэгт хүртлээ уруудсан бол Японы иений ханш өссөн байх юм.

ЮАНИЙН УНАЛТ 2015 ОНД ТАВААРЫН ХАНШИЙГ СУЛРУУЛСАН 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ирэх сарын 1-нээс шинээр 10 хувийн татвар ногдуулахаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Мөн Хятадын экспортын сүүлийн хоёр сарын дүн сайнгүй гарсан нь урд хөршийн бодлого тодорхойлогчдыг офшор юанийн ханшаа эргэлт буцалтгүй живүүлэхэд хүргэсэн гэж шинжээчид тайлбарлаж байна.

Ер нь АНУ, Хятадын худалдааны дайн хөрсөндөө бууж эхэлсэн өнгөрсөн оноос эхлэн юанийн ханш савласан. Ялангуяа, худалдааны дайн ширүүссэн гуравдугаар сараас юанийн ханш огцом суларч, сүүлийн хэдэн сард олон улсын валютын зах зээл дэх хамгийн муу гүйцэтгэлтэй мөнгөн тэмдэгтээр нэрлэгдээд байсан юм. Тэгвэл манай гадаад худалдааны хамгийн том түнш болох БНХАУ-ын мөнгөн тэмдэгтийн уналт Монголд хэрхэн нөлөөлөх бол. Урд хөршийн төв банк юанийн ханшаа тогтмол хянаж, байсхийгээд хөндлөнгөөс нөлөөлөх нь сүүлийн жилүүдэд санхүүгийн зах зээлд ажиглагдах болсон. Энэ нь өнгөрсөн жилүүдэд Монгол Улсад богино болон дунд хугацаанаас хамааран харилцан адилгүй нөлөөлсөн байдаг.

ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛЭЭ ХЯМД БАЗААХ БОЛОМЖИЙГ ЮАНЬ ОЛГОНО

Богино хугацаанд, монголчуудын хийдэг их худалдан авалтын улирал болох намрыг угтсан юанийн ханшийн уналт хүүхэд, залуусыг хичээлийн бэлтгэлээ хямд базаах боломж олгоно. Олон улсад офшор юань дийлэнх валютын эсрэг суларч байгаа нь Монгол Улсад ч ажиглагдаж байна. Төгрөгтэй харьцах юанийн ханш тавдугаар сараас алгуур уруудаж, энэ сараас огцом уналаа. Нэг долоо хоногийн хугацаанд юанийн төгрөгтэй харьцах ханш 10 төгрөгөөр суларч, 378 нэгжид хэлбэлзэж байна.

Эрэлт нь нэмэгдсэнээр наадам өнгөрөв үү үгүй юу уралдаад өсчихдөг юанийн ханш ийн суларч байгаа нь илт мэдрэгдэж, хичээлийн хэрэгсэл, хувцасны үнэ харьцангуй тогтвортой байх төлөвтэй. Монголын эдийн засгийн микро түвшин буюу өрхийн төсөвт богино хугацаанд эергээр нөлөөлөхөөр байна. Гэхдээ юанийн ханш ийн суларч буй нь эргээд импортыг өдөөж, валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлэх эрсдэл бий.

Тэгвэл валютын нөөцийн дарамт бага гэж Монголбанк мэдэгдэж байна. Монголбанк Хятадын ардын банктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцэл үргэлжилж байгаа. Хэлцлийн хүрээнд Монгол улс өнгөрсөн оны байдлаар 12 тэрбум юанийг ашиглажээ. Энэ своп хэлцэл 2020 он хүртэл үргэлжлэх учраас тэр хүртэл ямар нэгэн төлбөр хийгдэхгүй. Валютын нөөцөд дарамт учруулахгүй хэмээн Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин мэдээлсэн юм. Монгол улс гадагш чиглэсэн худалдааны урсгал буюу импортынхоо 70 хувийг ам.доллар, 15 хувийг юаниар хийдэг байна.

ТАВААРЫН ХАНШИЙН УНАЛТЫГ ДАЛЛАВ

Гэхдээ баярлах болоогүй. Дунд хугацаанд, юанийн үнийн хямдрал таваарын ханшийн уналтыг дууддаг. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд голлох түүхий эдийн ханш огцом уруудах томоохон ташуур нь юанийн ханшийн уналт байсан гэж шинжээчид үздэг. Тодруулбал, юанийн ханш 2015 оны нэгдүгээр улирлаас алгуур уруудахад араас нь олон улсын зах зээлд таваарын ханш суларч эхэлжээ.

Улмаар Хятадын юанийн ханш 2015 оны наймдугаар сард голлох валютын эсрэг сүүлийн 20 жил харагдаагүй огцом унахад зэсийн ханш зургаан жилийн доод цэгт хүрч, Bloomberg-ийн түүхий эдийн индекс 1999 оны зургадугаар сараас хойших доод цэгтээ тулж байжээ.

Энэ нь Монгол Улсад шууд болон дам байдлаар нөлөөлсөн. 2015 онд манай экспортын орлого 1.1 тэрбум ам.доллараар буурчээ. Ялангуяа, алт, нүүрс, төмрийн хүдрийн экспорт хамгийн өндөр хувиар унасан бол зэсийн экспорт биет хэмжээгээр өссөн ч орлого нь 293 сая ам.доллараар буурч байжээ. Одоогоор зэс, нүүрсний ханш харьцангуй тогтвортой байгаа. Гэхдээ ирэх саруудад буурч болзошгүй байна.

Ам.доллартай харьцах юанийн ханш долоон нэгжийг давсан нь Хятадаас гадагшлах мөнгөний урсгалыг нэмэгдүүлж, мөнгөн тэмдэгтийн ханшдаа итгэх итгэлийг бууруулахыг шинжээчид сануулж байна. Ингэснээр Хятадын тансаг хэрэглээний зах зээл хумигдаж, юанийн ханшийн уналт нь ам.доллараар их хэмжээний зээл авсан БНХАУ-ын компаниудын өрийн дарамтыг нэмэгдүүлэхээр байна.

  • Нэг долоо хоногийн хугацаанд юанийн төгрөгтэй харьцах ханш 10 төгрөгөөр суларч, 378 нэгжид хэлбэлзэж байна.
  • Юанийн ханшийн суларч буй нь эргээд импортыг өдөөж, валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлэх эрсдэл бий.
  • Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцэл үргэлжилж буй.

Хятадын төв банкны бодлого ирэх саруудад хааш чиглэх нь одоогоор тодорхойгүй. Хэрэв юанийн ханш цаашид ч суларвал Турк, Аргентин болон Азийн зарим хөгжиж буй орнуудын мөнгөн тэмдэгтийг араасаа дагуулж магадгүй байгаа. "Ази тивийн хөгжиж буй улсуудын эрсдэлд эмзэг зарим валют хохирч болзошгүй. Бүс нутгийн зарим валют цаашид муудах болов уу” хэмээн Сингапур дахь Scotiabank-ны валютын стратегич Чи Гао таамагласныг Bloomberg уламжилсан байна.

Дэлхийн төв банкууд юаниар валютын нөөцөө нэмэгдүүлэх болсныг Олон улсын валютын сангийн тайланд дурдсан. Хэдийгээр худалдааны дайнаас үүдэн юанийн ханш тодорхойгүй байгаа ч дэлхийн төв банкууд юанийн урт хугацааны төлөвийг эергээр харж байна гэж DBS банкны БНХАУ, Хонконг дахь эдийн засагч Chris Leung үзэж байна.

Эцэст нь энэ долоо хоногийн эхээр олон улсын зах зээлийг доргиосон юанийн ханш тойрсон олон таамаглал хөвөрч байна. Мөн зарим шинжээчид валютын дайнд бэлтгэж эхлэхийг сануулж байгаа. Хамгийн гол нь энэ өөрчлөлт, үйл явц Монгол улсад дам болон шууд байдлаар, хэд хэдэн чиглэлээр нөлөөлөхөөр байна. Иймд БНХАУ-аас олон талаар хамааралтай Монгол Улс түүхий эд болон валютын ханшийн савлагаанд бэлэн байх нь чухал ажээ.

Г.Байгал

"Засгийн газрын мэдээ" сонин



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.