Үндсэн хуулийг өөрчлөх аархал

130

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хоёр ч хуулийн төсөл зэрэгцэж, УИХ өөрийн үзэмж, тааллаар Ерөнхийлөгчийн хуулийн төсөл, улс төрийн намуудын санаа оноог “саналын түвшин”-д л харгалзан үзэх нь тодорхой. Уг нь Үндсэн хуулийг өөрчлөх олон хувилбар бий. Улс орон, нийт ард түмнийхээ эрх ашгийг төрийн институци нь хамгаалж чадах эсэх нь Үндсэн хуулийн гол асуудал. “НИЙТ АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ХЭН ХАМГААЛАХ ВЭ” гэдэг асуудал бизнесийн сэтгэлгээтэй хэдэн улс төрчдийн ханцуй дотроо эрх мэдэл наймаалцах 

хэмжээний жижиг асуудал огтхон ч биш. Яг үнэндээ бол тэд ард түмний оролцоогүйгээр, ард түмний эрхийг өөр хоорондоо наймаалцан аархаж байна. Шинээр өргөн баригдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд “иргэдийн эрх ингэж хөндөгдөж байгаа учраас”, эсвэл “төрийн байгууллага, сонгогдсон албан тушаалтнууд нь улс үндэсний эрх ашгийг дээдлээгүйн улмаас” гэсэн ганц ч бодитой үндэслэл алга. Үүний оронд харин өөрсдийн идэж уух сонирхол, олигарх бүлэглэлийн гадны захиалгад үйлчлэх сонирхлоо хориг саадгүйгээр гүйцэлдүүлэх санаагаар, “Засгийн газар тогтвортой ажиллах ёстой” гэж номчирхох юм. Хэвлэл мэдээлэл ч энэ дууг нь даган “найрал дуу”-гаар түрж, ёстой л нэг тархи угааж байна. Ямар ч нөхцөлд муу ажиллаж байгаа Засгийн газар, УИХ-тай хариуцлага тооцох боломж ард түмэнд нээлттэй байх ёстой.

Ерөнхийлөгч парламенттай, парламент нь засгийн газартайгаа хариуцлага тооцож чаддаг байг. Ард түмэн бол сонгуульд өгсөн саналынхаа хариуг 4 жилийн амьдралаараа хариуцчихаад байгаа шүү! Засгийн газар огцорно гэдэг бол нийгэм, ардчилалын тогтолцоо эрүүл байгаагийн, нийгэм нь авлига хээл хахууль, үр ашиггүй зарлагатай санал нийлэхгүй байгаагийн, гүйцэтгэх засаглалаас хариуцлага нэхдэг хэн нэгэн байгаагийн, ард түмэн илүү ихийг хүлээж, шаарддагийн илрэл. УИХ-ын гишүүдийг буцааж татна, УИХ-ын батлах хуулинд хориг тавина гэдэг бол болохгүй байна, сайжруул аа л гэсэн үг. 1993 оноос хойш Монгол Улсын долоон Ерөнхийлөгч нийт 63 удаа Улсын Их Хурлын баталсан хууль тогтоомжид хориг тавьж, үүнээс 39-ийг нь УИХ хүлээж авчээ. 
1993-2017 онд Ерөнхийлөгч нарын тавьж байсан хориг
Анзаарч байгаа бол УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь улам л багасч, толгой нь улам л томрон данхайсаар… 
УИХ гадны компанийн шахалтад автаж, баталсан хуулиа хоёр ч хонолгүй цуцалж байсан цаг саяхан. Судалгаа үндэслэлгүй, алсаа бодоогүй, аль нэг олигарх бүлэглэл, эсвэл гадны бүлэглэлийн захиалгаар хууль баталж байгаа бол улс үндэсний эрх ашгийг гол болгож хориг тавих ямар нэгэн субьект зайлшгүй хэрэгтэй. 63 хоригоос 39-г нь УИХ хүлээж авсан нь эдгээр хоригууд үндэслэлтэй, зөв гэдгийг хууль тогтоох байгууллага өөрөө хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. УИХ-д хориг бас хэрэгтэй л байгаа биз дээ. Үе үеийн Ерөнхийлөгчид бас зөв л шаардлага тавьжээ. 
Тойргоос сонгогдсон улс төрч, улс төрийн нам, бүлэглэл, тойргийн эрх ашгийг чухалчилдаг бол нийт ард түмнээс сонгогдсон, улс төрийн намаасаа татгалзсан Ерөнхийлөгч нийт ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавих үүрэгтэй. Гучин мянган иргэнээс сонгогдох, 3 саяын хүний саналыг авч сонгогдохын гол ялгаа нь энэ. 
Ерөнхий сайд С.Баяр толгойгоороо хариуцна гэж амлаад Оюутолгойн гэрээг хийсэн, тэгээд юу болов? Одоо Оюутолгойгоос алдагдал хүлээж байна. Тухайн үед хориг хэрэгтэй л байж! Монгол Улсын гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Монголд төрийн бус байгууллагын урилгаар Далай лам ирсний төлөө гадны шахалтад автан толгой бөхийж, уучлал гуйсан удаа ч бий. Төрд хамаагүй, төрийн бус байгууллагын урилга заллагын өмнөөс ардчилсан улс гадныхны өмнө бөхөлзөх дотоодын асуудлаараа тайлан тавих шаардлага байгаагүй. Том толгойлсны л гай! 2000 оны Үндсэн хуулийг дордуулсан 7 өөрчлөлтөөс хойш Улсын Их Хурлын эрх мэдэл улам ихсэж, үр дүнд нь гэмт хэрэг хийхдээ үйлдэл дээрээ баригдаагүй бол ялгүй гэсэн ойлголттой, хүчирхийлэл үйлддэг, жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийг булаадаг, тэр ч бүү хэл “Эх орноосоо урвах” гэдэг зүйл заалтыг эрүүгийн хуулиас авч хаяад төрийн нууцыг гадны байгууллагад өгсөн, задруулсан нөхцөлд гадны байгууллагатай хамтран ажилласан хэмээн баталдаг парламенттай болчихоод байна. 60 тэрбумын авлигын сүлжээ ч мөн л хууль тогтоох байгууллага, засгийн газар бүхэлдээ Улс төрийн нам, олигарх бүлэглэлийн мэдэлд орсны гай юм. 
Сүүлийн үед элдэв аархалууд бүр дийлдэхээ байлаа. Зах зухаас дурьдвал, 7 сарын 1-нийг хүчээр дарах ААРХАЛ, Оюутолгойн гэрээг хийхдээ толгойгоо тавих С.Баярын ААРХАЛ, УИХ-аа давж Дубайд гэрээ хийдэг Ч.Сайханбилэгийн аархал, Ц.Элбэгдоржийн АСЕМ-ийн ААРХАЛ, төрийн албыг худалдсан М.Энхболдын 60 тэрбумын ААРХАЛ, сонгуульд ялсны учир Сонгуулийн Ерөнхий хорооны даргыг шагнах ААРХАЛ, олонхи болсон 65-ын талцсан ААРХАЛ, ЖДҮ-чин гишүүдийн ААРХАЛ, авлига авдаг захын хурган дарга нарын Ланд 200 худалдаж авах ААРХАЛ, Ж.Мөнхбатын концессийн ААРХАЛ, албан шугамаар олж авсан мэдээлэлдээ дулдуйдах Хурцын ААРХАЛ, Эрдэнэт үйлдвэрийг хулгайлж авсан МАНАН бүлэглэлийн ААРХАЛ, хүчирхийлэгчдээ хамгаалах УИХ-ын ААРХАЛ, үгэнд ордоггүй УИХ-ын гишүүдээ намаасаа хөөж бүлгээ тараах С.Эрдэнийн ААРХАЛ, Үндсэн хуулийг өөрчлөх Г.Занданшатарын ААРХАЛ… дахиад ямар аархал хүлээж буйг мэдэх юм алга. Их л аархаж байна даа… 
Ерөнхийлөгчийн эрх мэдэл тодорхой, хязгаартай байх нь мэдээж чухал. Тэгэхдээ Улсын Их Хурал өөрөө тавьсан хоригуудыг нь хүлээн зөвшөөрчихөөд Ерөнхийлөгч хориг тавиад байгаа болохоор бид ажиллаж чадахгүй байна гэх нь утгагүй. Эрхэлж гэдийгээд нуруугаараа савж унасан айлын хүүхдээс ялгаа алга. Тэгсэн мөртлөө аархахдаа ямар гаргууд гээч! 
Их хурлын 76 гомдоллож, эрхэлж, хойшоо савж унаад байхын оронд хуулиа л чанартай батал! Хэн ч та нарт саад хийгээгүй! 
Улсын Их хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн аль аль нь харилцан хяналттай чиг үүрэг нь холилдоогүй тус тусдаа байвал л улс үндэсний эрх ашиг хамгаалагдана. Дор дороо хариуцсан ажлаа л сайн хийвэл болох нь тэр. Түүнээс хэн нэг нь эрх дарх болгоныг өөр дээрээ овоолж, аархсанаар сайн юм болохгүй. Ээ дээ, энэ аархах өвчин үү…? 
Үндсэн хуулиар байгуулагдсан Монгол улсын төрийн тогтолцоо гэдэг том утгаар нь авч үзвэл өнөөгийн хямралын гол үндэс болсон дутуу дулимаг хууль баталдаг УИХ-ын хариуцлага сахилга батыг дээшлүүлэх, чадвар муутай Засгийн газрыг шахахад л Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт чиглэх ёстой. Аль ч талыг барилгүйгээр хөндлөнгийн нүдээр харахад бодит байдал ийм л харагдаж байна. 
Үндсэн хуулийн өөрчлөлт бол Ц.Элбэгдоржийн хэлдгээр “Оюутолгой” гэдэг охиноо гадныханд найр тавин үнэгүй шахам өгч буй хэрэг огт биш, эсвэл А.Баатархуягийн хэлдгээр хүүгээ өгч байгаа хэрэг бас л биш, харин мөрөн дээрх бөндгөрөө хэнд тушаах вэ гэдэг асуудал юм шүү! Улс үндэсний эрх ашгийг хэн нэгэн ганцаараа хамгаалахгүй. Хэн нэгэн хүн дангаараа үүрэх ч ачаа биш.
Харилцан тэнцвэртэй, хяналттай төрийн тогтолцоо л хэрэгтэй! 
Хориг тавьдаг Ерөнхийлөгч, хуулиа сайжруулдаг УИХ, ажлаа хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээдэг Засгийн газартай больё. Аль аль нь л ажлаа хийж чадахгүй бол огцордог байг! Зүгээр л 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтөө л буцаачих. Хүчингүйд тооцсугай гэсэн ганцхан өгүүлбэр л батална. Илүү шунах хэрэггүй.
Өрөөлийн үгийг авдаггүй, зөвхөн өөрөө л хүсвэл огцордог болох гэж зүтгэхээ УИХ боль, ямар эзэн хаан биш! УИХ өөрөө өөрийнхөө эрх мэдлийг нэмэх нь ч ашиг сонирхлын зөрчилтэй л харагдаад байна. ААРХААД БАЙНА УУ, ҮГҮЙ ЮУ…! Эхлээд ард түмнийхээ амьдралыг сайжруулж, бүгдийг нь аархуулчихаад дараа нь өөрсдөө аарх л даа… 
Монгол Улсын иргэн М.Хастөр

Эх сурвалж: sonin.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.