Э.Оюунболд л биш байгаасай

186

Э.Оюунболд л биш байгаасай

 

Өнөө жилийн Улсын их баяр наадамд зодоглосон 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид нарийвчлан шинжлүүлэхээр явуулсан. Гэтэл дээрх 16 бөхийн хоёроос нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь шинжилгээний хариугаар илэрсэн тухай мэдээлэл цацагдаж бөхөд хайртай монгол түмний сэтгэлийг гонзойлгож орхив.

 

Улсын их баяр наадамд уран мэхийг уралдуулан барилдаж ес даван түрүүлж Улсын аварга болсон Э.Оюунболдыг "Өнөө хоёрын нэг биш байгаасай” хэмээн бараг л залбирч суусан хүн олон байв. Харамсалтай нь Улсын аварга Э.Оюунболд сэргээшийн шинжилгээнд "бүдэрсэн” хэмээн МҮБХ-ноос албан бичгээр зарлажээ. 

 

МҮБХ-ноос сэргээш хэрэглэсэн нь илэрсэн хоёр бөхийн нэрийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооныхон санаатайгаар нуун дарагдуулж өөрчлөх гэж байна хэмээн "хардаж” буйгаа илэрхийлж, Улсын аварга Э.Оюунболдыг ард түмнээсээ уучлалт гуйж аварга цолоо хураалгах ёстой. Харин түүний оронд Улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож Даян аварга цол хүртээхийг шаардсан байна.

 

Сэргээшийн шинжилгээнд хамрагдаж "асуудалгүй” гэх хариу авсан бөхчүүд эхнээсээ цахим хуудсаар мэдэгдэл хийгээд эхэлсэн. Харин Улсын аварга Э.Оюунболд одоогоор хараахан мэдэгдэл хийгээгүй байна. Хэдий МҮБХ-ноос ийнхүү Улсын аварга Э.Оюунболдыг сэргээш хэрэглэсэн нь илэрсэн хэмээн илт мэдэгдчихсэн ч ард түмэн итгэл алдрахгүй аваргын амийг л сонсохыг хүлээсээр сууна.


Монголын үндэсний бөхийн холбооноос Улсын аварга Э.Оюунболд бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн нь үнэн бол дараах хариуцлага тооцох саналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст хүргүүлжээ. Уг шаардлагад:

 

Э.Оюунболдыг нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнээс уулчлалт гуйлгуулах

 

Э.Оюунболдын ес давсныг хүчингүй болгож, аварга цолыг хурааж, улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож ДАЯН АВАРГА цол олгох

 

Э.Оюунболдын найм давсныг хүчингүй болгож, Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, ҮЛЭМЖ БАДРАХ чимэг олгох

 

Э.Оюунболдын долоо давсныг хүчингүй болгож, улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, УЛСЫН ЗААН цол олгох

 

Э.Оюунболдын зургаа давсныг хүчингүй болгож, улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, УЛСЫН ХАРЦАГА цол олгох

 

Э.Оюунболдын тав давсныг хүчингүй болгож, аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН цол олгох

 

Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцох

 

Э.Оюунболдын түрүү бөхийн бай, шагналуудын хураан авах

 

Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилээр хасах

 

 

 

Уг нь шинжилгээний хариунд эргэлзэж байгаа бол дахин В сорьцын шинжилгээнд хамрагдах эрх нь бий. Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга  Г.Билгүүн "Сэргээш илэрсэн тухай албан бичгийг танилцуулснаас хойш 10 хоногийн хугацаанд В сорьцын шинжилгээнд хамрагдах эсэхээ бөх өөрөө шийдэх ёстой" хэмээн мэдэгдсэн. 

 

Гэхдээ В сорьцын шинжилгээнд хамрагдахыг хүссэн бөх шинжилгээний бүхий л зардлыг өөрөө даах учиртай. Олон улсын итгэмжлэгдсэн лабораториуд багагүй өртгөөр В сорьцын шинжилгээг хийдэг болохыг ч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын бөхийн салбар хорооноос мэдээлсэн. 

 

Г.Сүрэн

Shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.