Дэлхийн ноолуурын зах зээлд гялалзах том боломж хаалга тогшиж байна

504

Дэлхийн ноолуурын бараг тал хувийг хангадаг манай улсад цэнхэр гаригийн ноолуурын зах зээл дээр голлох тоглогч байх том боломж бий. Өнөөхөндөө Азийн Монголоос бэлдсэн ноолуурын ихэнх нь урд хөрш рүү бараг түүхийгээрээ гарчихаж байна. Бүх ноолуураа ээрч, утас болгож, бүр цаашлуулж яривал цамц, пальто үйлдвэрлээд экспортолдог болчихвол ноолуурын салбар сэвхийгээд ирнэ. Товчхондоо дэлхийн ноолуурын зах зээлд гялалзах том боломж хаалга тогшиж байна. Ингэж хэлсэн нь цаанаа учиртай. АНУ-ын Конгрессын зарим гишүүний өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл ноолуурын салбарт итгэл найдварын гэрэл асаасан төслүүдийн нэг болоод буй. Ноос, ноолуур, оёдол гэх мэт хөнгөн үйлдвэрийн салбарын хийсэн оёсныг АНУ руу татваргүй экспортлох агуулгатай энэ төсөл батлагдвал Монголын эдийн засагт овоо доллар цутгана. Яг өдийд АНУ-д айлчилж яваа Ерөнхийлөгчөөс эхтэй санаачилга л даа. Салбарын холбоо нь компаниудтайгаа амьд харилцаатай, хүчтэй ажилладаг гэсэн давуу тал лав л ноос, ноолуурынхнаас анзаарагддаг. Нэг талаас төр, нөгөө талаас Монголын ноос ноолуурын холбоо ийм агуулгатай төсөл АНУ-ын сенатын анхааралд ороход идэвхтэй ажилласныг өнгөрсөнд өрнөсөн үйл явдлуудаас харчихаж болно. Хэдийгээр энэ төсөл сенатын хэлэлцүүлгээр орж, эцэслэн батлагдаагүй ч сүүлийн үед өрнөж буй үйл явдлууд эерэг хүлээлт үүсгэж байна. Бараг л батлагдчих болов уу.

Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр АНУ-ын Стратеги, олон улс судлалын төвд "Монгол, Америкийн харилцааны төлөв байдал" сэдвээр лекц уншихдаа “Монгол-Америкийн хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асар их нөөц бололцоо байна. Тухайлбал, ноолуурын салбараар жишээлье. Боловсруулсан ноос, ноолууран бүтээгдэхүүн Монгол Улсын хамгийн их нөөц боломжтой экспортын бүтээгдэхүүн. Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хөдөөгийн иргэдийн аж амьдралыг сайжруулах, мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, нүүдлийн соёл иргэншлээ хамгаалж үлдэх гол суурь нь юм. Тийм учир нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжсөнөөр малчдын, хөнгөн үйлдвэрлэлд ажилладаг эмэгтэйчүүдийн орлого нэмэгдэж, Монгол Улсын эдийн засаг төрөлжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна. Бидний тооцоолсноор 40-50 мянган хүний ажлын байр бэлэн болох юм. Энд тодруулан тайлбарлахад, Монголын ноос, ноолуурын үйлдвэрлэл нь малчны хотноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болон гарах хүртэл хүн, амьтан, байгальд ээлтэй шат дамжлагыг дамждаг, энэрэнгүй үйлдвэрлэл юм. АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүдийн санаачилсан “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг манай улс талархан хүлээн авч байгаа бөгөөд Америкийн ард иргэд, Конгрессын гишүүд дэмжинэ гэдэгт миний бие итгэлтэй байна” хэмээн онцолж харагдсан. Төрийн тэргүүний зүгээс анхаарч байгаагийн маш тод илрэл. Хоёр улсын Ерөнхийлөгч нар товлосон цагаа сунгаж уулзсан гэх мэт айлчлалтай холбоотой мэдээллүүдээс үүргээ гүйцэтгэсэн, үр дүнтэй айлчлал болж байна гээд дүгнэчихэж болохоор байна.

Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөлд сенат толгой дохих хэд хэдэн шалтгаан бий. Эхний том шалтгаан бол Монголын ноолууран бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд танигдсан орон зай. Манай ноолуурын үйлдвэрийнхэн Европ, Америкт бүтээгдэхүүнийхээ чанараар нэгэнт хүлээн зөвшөөрөгдчихсөн. Монгол ноолуур гэсэн брэндийг бүтээчихсэн гэчихэд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй. Саяхан Европын нэг том бизнесмэн манай улсын үндэсний компанийн захирлыг сураглаж очоод уулзаж л дээ. Өнөөх нь ноолуурын салбарын том компанийн захирал л даа. Европын бизнесмэнд өнөө компанийн үйлдвэрлэсэн ноолууран пальто жигтэйхэн таалагдсан гэнэ. Ийм шалтгаанаар Монголыг зорьж ирээд хэд хэдэн пальто аваад буцжээ. Хэрийн брэндийг таашаадаггүй дэлхийн том бизнесмэний таашаалд монгол компанийн үйлдвэрлэсэн ноолууран пальто таалагдана гэдэг мэдээж тохиолдлын хэрэг биш. Дэлхийн брэнд чансаанд хүрсний л илрэл.

Монголын ноолууранд Америкийн зах зээл үүдээ нээх дараагийн шалтгаан нь худалдааны дайн. Дэлхийн худалдааны дайн энэ янзаараа өрнөж, илүү даамжирвал Америк Хятадаас биш манайхаас ноолууран бүтээгдэхүүн авахыг илүүд үзнэ. АНУ, Хятадын дунд өрнөсөн худалдааны дайны ирээдүйг шинжээчид янз бүрээр харж байна. Нэг хэсэг нь ингэсгээд намжина гэж байгаа бол нөгөө зарим нь удаан хугацаанд үргэлжилнэ, технологийн хүйтэн дайн гэсэн онош руу ойртлоо гэцгээж буй. Шинжээчдийн таамгийг анзаарахад худалдааны дайн сунжирч магадгүй таамаг зураг давамгайлаад эхэлчихлээ.

Монгол ноолуурын өөр нэг давуу тал гэвэл төрийн тэргүүний хэлсэнчлэн малчны хотноос эцсийн бүтээгдэхүүн хүртэл байгальд ээлтэй шат дамжлагатай гэсэн онцлог нь. Дэлхий даяараа ногоон эдийн засаг, зөв үйлдвэрлэл ярьж эхэлсэн энэ үед цохож хэлэхээс аргагүй олзуурхал. Бас манайх эрс тэс уур амьсгалтай орон учраас монгол ямааны ноолуур хүйтэнд дулаан хадгалдаг, дулаанд чийгтүүлдэггүй гэх мэт онцгой чанартай. Үүнийг нь дэлхий мөн л хүлээн зөвшөөрчихсөн.

Эцэст нь нэг зүйлийг онцлохгүй орхиж болохгүй. АНУ гэдэг аварга зах зээл Монголын ноолуурт үүдээ нээлээ гэж бодъё. Тэр үед яг өнөөгийнхөөрөө байвал ноолуураа Америк руу экспортлоод хүссэн төсөөлсөн их мөнгөө олж чадахгүй. Яг өнөөгийнхөөрөө гэхээр гайхаж мэднэ. Дэлхийд брэнд болсон ноолуур энэ тэр гэж биччихээд яагаад ингэж хэлэв гэсэн эргэлзээ олон хүнд төрж магадгүй. Ноолуурын салбарт хандаж буй төрийн хандлагыг хэлээд байна л даа. Ноолуурын салбарынхан “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл авч байгаа. Гэхдээ үйлдвэрлэлээ сэвхийлгэх хэмжээний бага хүүтэй зээл биш. Арилжааны банкуудын хүүнээс арай бага ч, дарамт болохоор хэмжээний өндөр хүүтэй зээл энэ салбарынханд очдог. Компаниуд эргэлтийн хөрөнгийн зээлээр хомс байдаг нь ийм учиртай. Эргэлтийн хөрөнгө багатай учраас малчдын бэлтгэдэг ноолуурын ихэнхийг урд хөршийн бизнес эрхлэгчид худалдаж авч, угаагаад аваад гарчихдаг юм.

Ноолуурынханд бас нэг зовлон бий. Технологио сайжруулъя гээд тоног төхөөрөмж оруулаад ирэхээр гаалийн татварт хамгийг нь авчихдаг. Уг нь доллар оруулж ирдэг том салбарынхаа технологио сайжруулъя, үйлдвэрлэлээ тэлье гэсэн компаниудыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр дэмжчихэд болохгүй юмгүй. Энэ мэт ноолуурын салбарынханд хамаатай суурь асуудлуудыг шийдэж байж ноолуураа АНУ руу экспортолж ашиг олно. Бүр тодруулж хэлбэл АНУ-ын сенат “Монголын ноолууран бүтээгдэхүүний татваргүйгээр импортолъё” гэж толгой дохивол манай ноолуурынхан төрийн бүрэн дэмжлэгтэй байж л их доллар олно.

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>