Өрийн таазыг Үндсэн хуулийн дээвэрт багтаая

89

 

Өрийн таазыг Үндсэн хуулийн дээвэрт багтаая

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ардчилсан намын зүгээс зайлшгүй шингээх ёстой гэж үзсэн асуудлуудын дотор "Засгийн газрын өрийн дээд хэмжээг тогтоох” гэсэн шаардлага бий. Одоо мөрдөгдөж байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т "Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх” гэж заасан.

Гэхдээ энэхүү өрийн таазыг 60 хувиас хэтрүүлэхгүй гэсэн өөрчлөлтийг МАН олонх болж, Засгийн газраа байгуулсан даруйдаа буюу 2016 оны есдүгээр сард хийсэн байдаг. Үүнээс өмнө АН-ын засгийн үед ч бонд гаргаж, зээл нэмэх бүртээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд жижиг "мэс ажилбар” хийсээр ирсэн байна.

ӨРИЙН ТААЗЫГ ХЭТРҮҮЛСЭН БОЛ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛДОГ

Баталсан цагаас нь хойш долоон жилийн дотор нийт 11 удаа өөрчилсөн төсвийн удирдлага, тусгай шаардлага, хяналт, хуримтлал гээд бүхий л харилцааг зохицуулах зорилготой органик хууль ийнхүү анхны зүс нь танигдахгүй болтлоо "зэрэмдэглүүлэв”.

Гэхдээ Үндсэн хуульд өрийн таазыг тодорхой тоогоор шууд зааж оруулбал эдийн засгийн үзүүлэлтүүдтэй холбоотойгоор өөрчлөлт хийх шаардлага үүсэх эрсдэлтэй.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг хангалгүй, өрийн таазыг хэтрүүлсэн бол "Үндсэн хуулийн 44.4-т заасанчлан Засгийн газрыг огцруулах санал гаргах үндэслэл болно” гэсэн хатуу зохицуулалттай. Хэрэв Засгийн газрууд өөрсдийн тавих өрийн хэмжээгээр хуулийг өөрчилж, гууль болгоогүйсэн бол үе үеийн танхимын санхүүгийн сахилга батыг сахиулагч, сэнтийг нь түших, эсвэл түлхэхийг шийдэгч гол хүчин зүйл байх байв. Гэвч хууль өөрчлөх эрх бүхий субьектийн гарын аясаар нугарсаар өнөөдөр өрийн хэмжээг эцэг хуульдаа хатуу зааж оруулах санал гаргатал өндрөө авчээ.

Гэхдээ Үндсэн хуульд өрийн таазыг тодорхой тоогоор шууд зааж оруулбал эдийн засгийн үзүүлэлтүүдтэй холбоотойгоор өөрчлөлт хийх шаардлага үүсэх эрсдэлтэй. Тиймээс дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уялдуулж, тухайн жилийн төсвийн хүрээний мэдэгдэлд суурь судалгаатайгаар багтаах эрх зүйн орчныг нээж өгөх нь зүй.

ӨР БОЛОН ДНБ-ИЙ ХЭМЖЭЭГ АНХ 40 ХУВИАР БАТАЛЖ БАЙВ

2009-2010 онд манай улс ОУВС-гийн Stand by хөтөлбөрт хамрагдахад, нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хууль гаргах шаардлага тавьсан. Түүний дагуу мэргэжлийн баг ажиллаж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг боловсруулан, өрийн таазыг 40 хувиар заан, батлуулж байв. Ингэж Монгол Улс олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр төсөв, санхүүгээ чамбайруулах онцгой үүрэг бүхий хуультай болсон юм. Хөтөлбөр ч амжилттай хэрэгжиж, эдийн засгийн хямралаас гарч, өсөх хандлагатай болсон он жилүүдэд АН-ын эрх баригчид гангарч, чангарч ирлээ.

Олон улсын зах зээлээс бонд босгож, экспортыг дэмжих, эдийн засгийн өгөөжтэй төслүүдээс илүүтэй дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө хаясан тул 2016 оноос аюулын харанга дэлдэнэ гэж судлаачид үзэж байв. Тухайн үед өрсөлдөгч хүчнийхэн нэг хүнд ногдох өрөөр далайлган айлгасаар АН-ыг бут ниргэж, үнэмлэхүй олноор парламентад тухалж чадсан билээ.

Тэд төр данхайж, төсвийн алдагдлын шалтгаан болсноор зогсохгүй хөрөнгө оруулалт буурснаар ажилгүйдэл, ядууралд хөтөлж байна гэж үздэг.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн гэх олон улсын байгууллагаас Монголын макро төсвийн загварын түүхэн чиг хандлага болон 2016 оны 11 дүгээр сард батлагдсан төсвийн суурин дээр гаргасан таамаглалаар 2017-2030 онд төсвийн нийт алдагдал ДНБ-ий зургаа орчим хувь, өр ба дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 85 хувьд хүрнэ гэж тооцоолж байв.

Тэд, "2016 оны эцэс гэхэд өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувьтай тэнцсэнээр орлогын 20 гаруй хувийг төрийн үйлчилгээний төлбөрт зориулах нь төсөв тогтворгүй болсныг илтгэнэ” хэмээн дүгнэж байлаа. Ингээд ОУВС-гийн ээлжит хөтөлбөрт хамрагдаж, 2030 он гэхэд өрийн хэмжээ ДНБ-ий 55 хувьд хүртэл буурна гэж таамагласан. Эдийн засаг өндөр хэлбэлзэлтэй өсөж байгаа үед өр болон дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа урт хугацаанд 30-50 хувь болгох зорилт тавих нь зүйтэй гэх зөвлөмжийн дагуу бодлого явж байна.

Харин АН-ынхан өр нэмэгдээгүй ч дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ багасч, өрийн эзлэх хувь өсөх төлөвтэй байгааг анхааруулав. Тэд төр данхайж, төсвийн алдагдлын шалтгаан болсноор зогсохгүй хөрөнгө оруулалт буурснаар ажилгүйдэл, ядууралд хөтөлж байна гэж үздэг. Мөн тэд валютын ханш огцом нэмэгдэж байхад нийт өрийн үзүүлэх нөлөөллийн судалгааг холбогдох байгууллагууд хийхгүй байгаад эмзэглэж буйгаа дурдсан.

ӨР НЭМЭХ, АЛДАГДАЛ ИХСЭХ БҮРТ ХУУЛЬДАА ГАР ХҮРСЭЭР БАЙХ УУ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.9-д "...төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2017 онд 10.4 хувиас, 2018 онд 9.5 хувиас, 2019 онд 6.9 хувиас, 2020 онд 5.1 хувиас, 2021 онд 3.6 хувиас, 2022 онд 2.8 хувиас тус тус хэтрүүлэхгүй, 2023 оны төсвийн жилээс эхлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байна” гэж заасны дагуу төсвөө чамбайруулахыг хичээж буй ч, тайлан дүнгээр зөрөх үед хуульдаа дахин "гар дүрэх” үү.

Өнөөдрийн байдлаар өрийн тааз хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй гэх боловч үнэн чанартаа анх баталсан 40 хувиас хол үсэрсэн үзүүлэлттэй. Өрийн хэмжээ нэмэгдэхэд инфляц, ажилгүйдлийн түвшин өсөж, хадгаламж бууран, мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлдөг.

  • 2017-2030 онд төсвийн нийт алдагдал ДНБ-ий зургаа орчим хувь, өр ба дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 85 хувьд хүрнэ гэж тооцоолж байв.
  • Хууль өөрчлөх эрх бүхий субьектийн гарын аясаар нугарсаар өнөөдөр өрийн хэмжээг эцэг хуульдаа хатуу зааж оруулах санал гаргатал өндрөө авчээ.
  • Валютын ханш огцом нэмэгдэж байхад нийт өрийн үзүүлэх нөлөөллийн судалгааг холбогдох байгууллагууд хийхгүй байгаад эмзэглэдэг гэв.

Цаашлаад улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал хөндөгдөх хөшүүрэг болохыг ч үгүйсгэхгүй. Зарим хөгжил буурай улс гадаад өрийн төлбөртөө газар нутгаа олон жилээр ашиглуулахаар өгсөн талаарх мэдээлэл ч гарч байв.

Үүнийг засаг барьж, замбараагүй өөрчилж ирсэн АН-ынхан өөрсдөө сайн мэдэхийн хувиар анхааруулж, шаардлага тавьж буй нь сайн хэрэг. Бусдын алдааг давталгүй, түүнээс сургамж авч шийдвэр гаргах нь зөв удирдлагын зарчим. Сөрөг хүчний үгэнд орж, Үндсэн хуульдаа өрийн таазыг шингээсэн гэж оноо алдах вий хэмээн болгоомжлолгүй, улс орны эдийн засгийн чухал асуудлыг ул суурьтай судлаасай. Засгийн эрх барьсан бүхэн органик хуулиар оролдож, улсын төсвийг "самраад” байх юм бол Үндсэн хуульд зааж өгөхөөс өөр аргагүй.

Өнөөдрийнх шиг өрийн төлбөрийг дахин зээл авч санхүүжүүлэх замаар шийдвэрлэх нь ирээдүйн орлогоосоо хумсалж, эдийн засгийн өсөлтөөс хүртэх боломжийг хязгаарласан алхам гэдгийг "зовлон үзсэн” АН-ынхан сануулаад байгааг талархан дэмжүүштэй. Үндсэн хуульд өрийн таазыг зааж өгснөөр хуулийг өөрсдөдөө зориулж өөрчлөх биш, түүнд нийцүүлж төсвөө чамбайруулахаас өөр аргагүй болно. Ингэж нямбайлсан санхүүгийн бодлого, хэмнэсэн төсөв, хуримтлуулсан орлого улсын хөгжлийг өөд татах нь тодорхой.

Э.Батцэцэг

"Засгийн газрын мэдээ" сонин



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.