ЖДҮ бол хулгай, харин жаран тэрбум гэдэг бол яриа юм

47

Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Бас хүнийг арьс өнгө, үзэл бодол, шашин шүтлэг, яс үндэс, нас хүйсээр ялгаварлаж үл болно гэчихсэн.

Гэвч эрх баригчид Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтөөрөө эдгээр агуулгыг аваад хаячихаж байгаа бололтой юм. Учир юу гэвэл энэ 8 сарын 8-нд Тагнуулын ерөнхий газраас 60 тэрбумын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ гэсэн мэдээлэл тарсан.
Эх сурвалжийн мэдээллээс харахад энэ хэрэгт Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг буруутгаж буй бололтой юм. Харин УИХ-ын дарга асан М.Энхболд бий эсэх нь тодорхойгүй байв. Мөн 60 тэрбумын схемийг зохиосон автор Г.Доржзодовыг ч хэрхсэн нь бүрхэг байгаа юм.
Өмнө нь хоёр ч удаа хэрэг болон шалгагдсан. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гээд хааж байсан 60 тэрбумын гэх бичлэгийн хэргийг сүүлд дахин сэргээж яаж ийгээд шүүх бараадуулах гэж байх шиг байна.     
Яг үнэндээ 60 тэрбумын гэх бичлэгийн хэрэг их сонин л доо. Хэдэн хүний яриа л байдаг юм. Товчхондоо, Г.Доржзодов гэдэг нөхөр өөрийн зохиосон албан тушаалын схемээ А.Ганбаатарт танилцуулж эцэст мань хоёр схемээ Ц.Сандуй, М.Энхболд хоёрт сонсгосон. Ердөө ийм л асуудал байдаг. Энэ бичлэгт нэр нь гарсан хүмүүс хэрэгт татагдаж байхад зохиолч нь болох Г.Доржзодов Үндэсний баатар болчихсон тууж яваа нь бас сонин байдаг юм.

60 тэрбумын бичлэг шиг яриа намын дарга болгоны өрөөнд яригддаг асуудал  

За тэгээд, 60 тэрбумын бичлэг шиг яриа намын дарга бүрийн өрөөнд болж л байдгийг олон намын, олон улстөрч хэлсэн дээ. Тэр бүгдийг бичлэг болгоод гаргаад байвал 60 тэрбумыг задгай мөнгө болгоод ярьчих хэмжээний бичлэг гарч ирж мэднэ шүү. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын тухайд ийм зүйл ярьж л байдаг. Харин хийж чаддаг эсэх нь эргэлзээтэй гэдэг юм. 

Шүүх үндсэндээ амарчихсан ийм цаг үед яагаад гэнэт 60 тэрбумын хэргийг прокурорт шилжүүллээ гэсэн мэдээлэл ил болов гэдэг хачин. Цаашаа шүүх рүү явна гэдэг бол тодорхой харагдаж байна. Гэхдээ муу нэрт 60 тэрбумын бичлэгийн талаарх энэ мэдээлэл юуг дарахад зориулагдав гэдгийг бодох хэрэгтэй юм.

Ерөөс МАН-д хоёр хар толбо бий. Хоёр хуваагдсан талынханд оноогддог юм. Нэг нь 60 тэрбум. Энэ асуудлын талаар дээр учирлалаа. Шууд хэлэхэд, энэ асуудлыг МАН дахь нөгөө талынхан нь улстөржүүлж, үр шимийг нь хангалттай хүртсэн.
Бүхэл бүтэн засгийн эрх, улсын жолоог үүгээр далимдуулж авсан шүү.
Нөгөөх нь ЖДҮ-гийн хэрэг. Энэ бол шууд хулгай. УИХ-ын гишүүд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж үйлдсэн гэмт хэрэг.
Ард түмний дундаас арай хөдөлгөөнтэй, хувьдаа үйлдвэрлэл явуулах гээд зүдэрч байгаа үйлдвэрлэгчдэд зориулсан төрийн дэмжлэгийг УИХ-ын гишүүд туучихсан юм.
Харин АТГ-ын дарга солигдсоны дараа энэ хэрэг улам бүдгэрч, одоогоос гурван сарын өмнө АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт "Тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон тул: 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн "Баруун зүүн эх сувилал” ХХК
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн "Марал буян групп” ХХК
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн "Цант Алтай” ХХК
УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн "Өндөр бадрах” ХХК
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн "Дархан эрдэнэ мах комбинат” ХХК
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн "Хантай хайрхан” ХХК
УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн "Солар хаус” ХХК
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн "Бүрэн луу” ХХК
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн "Кэй өү эм эм жи эл” ХХК
УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн "Арвайн хүрд” ХХК
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн "Саруул хангайн чөлөөт бүс” ХХК
УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн "Өлзий дэн” ХХК

ТӨБЗГ-ын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий "Хос эрхэс” ХХК
УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий "Цаст согоот” ХХК-ийн төслүүдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийг хаах саналыг хүргүүлж байна” гэсэн бичиг явуулсан байгаа юм. Мэдээж дээр нэр нь дурдагдсан эрхмүүд дэмжлэг үзүүлсэн гэх. Харин УИХ-ын нэр бүхий 40-өөд гишүүн жинхэнэ ЖДҮ-ийн мөнгийг хуссан нь баримт нотолгоотойгоо ил болсныг ард түмэн бүгд мэднэ. 
Улмаар энэ хэргийг үүрэхээр хуруу дарам цөөхөн хүн үлдсэн ч хэрэг нь шүүхэд очмогц 60 тэрбумыг гаргаж ирсэн бололтой байна.

ЖДҮ-чин гишүүд МӨНГӨ угаасан уу?

 Тухайлбал,  УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЖДҮ-гийн хэргийн талаар маш ноцтой мэдэгдлүүдийг хийсээр байна. Тэрбээр "Зээл авсан жагсаалт дунд ХЗХ, ББСБ, ломбардтай 34 аж ахуйн нэгж байна. Тэдний 11 нь албан тушаалтантай хамаарал бүхий байна. Манай УИХ-ын гишүүдтэй хамаарал бүхий байгаа юм. Эндээс өндөр хүүтэй хадгаламжид мөнгө оруулсан 8 үйлдэл тогтоогдсон” гэсэн байна. Бас "Албан тушаалтантай холбоотой гэхээр их хурлын гишүүд л гэсэн үг шүү дээ. Манайх чинь 49 ЖДҮ-чинтэй. УИХ-ын гишүүдийг 4 ангилж болж байна. 
1. Өөрийнхөө ААН-д зээл авсан.
2. Хүнд зуучилж өгөөд дундаас нь 200 сая төгрөгийн хахуул авсан.
3. 3 хувийн хүүтэй зээл аваад 30 хувийн хүүтэйгээр мөнгө угааж, бусдад зээл өгсөн.
4. Худлаа төсөл бичиж, зарим нь төсөл бичихгүйгээр шууд мөнгийг нь авсан.

Гэтэл ганц Б.Батзоригийг золиослох юм шиг байна. Уг нь Б.Батзориг буруугүй. Харин ч хамгийн зөв зүйл хийсэн. Намынхаа үүрэг даалгаврыг биелүүлсэн.  Б.Батзоригийг үлдээгээд бусад 48 гишүүний хэргийг тусгаарласан байна. Хөөн хэлэлцэх хугацааг нь дуустал хүлээнэ гэсэн үг. Сонгуулийн өмнө ЖДҮ-г шийдсэн хэмээн Б.Батзоригийг золиосонд гаргах юм шиг байна. Харин Б.Батзоригийг 07 дугаар сарын 26-нд нийслэлийн прокурорт өгөөд шалгуулж байгаа юм байна” гэжээ.
Харин түүний эдгээр үгийг нөгөөдүүл нь сонсохыг ч хүсэхгүй байгаа юм.
Бодит байдал ийм байна. Хэрвээ ЖДҮ-гийн хэргээ авч үлдээд 60 тэрбумын гэх бичлэгийн хэргээр шүүх, прокурорыг "хүчиндэж” шийдвэр гаргуулах аваас Монголд урьд өмнө байгаагүй их хэлмэгдүүлэлт болно.
Ялангуяа ардчиллын замд ороод явж байгаа 30 жилийн түүхэн дэх хамгийн том төрийн хэлмэгдүүлэлт болох юм.
Ц.Сандуй л гэхэд тухайн үед Нийслэлийн МАН-ын дарга байсан. М.Энхболд МАН-ын дарга байсан. Ийм төслүүд, элдвийн санаа намын дарга нарт ирж л байдаг аж.
Хэрвээ тэдний оронд У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёр байсан бол Г.Доржзодов, А.Ганбаатар хоёрын схемийг сонсох л байсан гэсэн үг.
Яг одоо тэд юу ч " сонсож” байгаа юм, бүү мэд шүү дээ.
Эцэст нь хэлэхэд, ЖДҮ бол хулгайн гэмт хэрэг. 60 тэрбум бол хэдэн хүний хоорондын яриа төдий л зүйл юм шүү.
Энэ хоёроос болж хэн, хэрхэн хохиров гээд харахул хариулт нь хэн бүхэнд тодорхой билээ.

Р.Саруул

Эх сурвалж: erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.