Их гүрнүүдийн өрнүүлэх орчин үеийн хүйтэн дайны шатрын нүүдэлд Монгол Улс бэрс болжээ

32

АНУ-ын ахмад дипломатч Жефф Гүдсон АНУ болон Монгол Улсын цаашдын хамтын ажиллагааны талаарх өөрийн бодлыг “The Hill” сонинд дэлгэрэнгүй хуваалцжээ. Тэрээр 29 жилийн турш АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар дэлхийн 49 улс тэр дундаа пост-коммунист орнуудад голлон ажилласан судлаач юм.

АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөх худалдааны дайн, ОХУ болон АНУ-ын харилцааг улс төрийн гүн үл ойлголцолд авчраад буй Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай олон улсын гэрээнээс гарах тухай асуудал зэрэг нь өнгөрсөн зуунд болж өрнөсөн хүйтэн дайны уур амьсгалыг өөрийн эрхгүй сануулна. Тухайлбал, их гүрнүүдийн хооронд өрнөх “5G” сүлжээний өрсөлдөөнийг XX зууны АНУ болон ЗХУ-ын сансрын технологийн уралдаантай харьцуулж болох юм.  

БНХАУ-ын эрх баригчид өөрсдийн тэргүүлэх бодлого болох “бүс ба зам санаачилга” хөтөлбөртөө хэдэн их наяд ам.долларыг зарцуулж байгаа энэ үед АНУ-ын Төрийн департамент стратегийн төвшинд ирээдүйд Хятадын зүгээс ирж болзошгүй аюул заналхийллийг бүхэлд нь дахин судлах болсон. АНУ-ын эрх баригчид 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон аймшигт террорист халдлагын дараагаар их гүрнүүдтэй хийх өрсөлдөөнийхөө талаар илүү нухацтай бодох болж, гол асуудлаа болгон харах хандлагатай болсон.

АНУ-ын томоохон стратегчид хамгийн сүүлд хүйтэн дайны үед л аливаа асуудалд одоогийнх шиг ийм нухацтай хандаж байсан юм. Тухайн үед барууны ертөнц бүхэлдээ ЗХУ-ыг бүх талаараа ялан гарахын тулд ажиллаж байв. Харин XXI зууны дөрөвний нэг өнгөрөхөд БНХАУ нь өнгөрсөн зууны ЗХУ-ын хэмжээний байр суурийг олж авчээ. Гэхдээ АНУ-ын хувьд орчин үеийн Хятад бол ЗХУ-тай харьцуулшгүй цоо шинэ, өвөрмөц өрсөлдөгч.

Тиймээс Хятадтай хийх орчин үеийн хүйтэн дайнд өөр арга барил, стратеги ашиглах шаардлагатай. Гэхдээ Цагаан ордны зүгээс авч хэрэгжүүлж буй орчин үеийн хүйтэн дайны стратеги нь 1947 онд хэвлэгдэж, нэлээдгүй маргаан дагуулж байсан алдарт түүхч, дипломатч Жорж Кеннаны “ЗХУ-ын тэлэлтийг хязгаарлах нь” гэх эссэтэй нэн төстэй аж. Энэхүү бүтээлд соёлын ялгаатай байдал дээр дүн шинжилгээ хийж стратегийн хувьд өөрт давуу байдлыг гаргаж авах тухай томьёолсон байдаг. Өөрөөр хэлбэл Хятадын соёл, дорнын философи, түүхэн үндэслэл, эх сурвалжийг нарийвчлан судалж Бээжинтэй хийх харилцаандаа давуу байдал болгож ашиглана гэсэн үг юм.

Цагаан ордны эрх баригчид үнэндээ үүнийг эртнээс төлөвлөж хийж ирсэн. Тэр нь ч өнөөдөр мэдэгдэхүйц үр дүнгүүдээ өгч байна. Үүний нэг жишээ нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ЮСАИД)-ын зүгээс Мьянмар улсад хэрэгжүүлж буй хөтөлбөр юм. Тэд тус улсын Засгийн газарт БНХАУ-ын хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй гүний усан боомт болон аж үйлдвэрийн бүсийн төсөлд техникийн зөвлөгөөг өгч буй. АНУ-ын мэргэшсэн зөвлөх багт Төрийн департамент, Америкийн шилдэг эдийн засагчид, дипломатчид болон хуульчид багтан ажиллаж байна. Үүний дээр саяхнаас Их Британи болон Австралийн мэргэжилтнүүд энэхүү багт багтах болсон.   

Гэхдээ энэ бол хөгжиж буй орнуудын стратегийн ач холбогдолтой салбаруудад их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, зээл тусламжаар эдийн засгийг нь залгих Хятадын бодлогын эсрэг хэрэгжүүлж буй АНУ-ын олон ажлуудын ердөө нэг нь. Сүүлд хийгдсэн судалгаагаар БНХАУ нь өрийн хавх тавих замаар дипломат давуу эрх олж авах аргыг 24 өөр орны 40 төсөл дээр хэрэгжүүлж байна гэж тодорхойлжээ. Эдгээрийн нийт хөрөнгө оруулалт нь 50 тэрбум ам.доллар бөгөөд бүгд Засгийн газруудад чиглэсэн зээл буюу ард түмний өр юм.  

Вашингтон сүүлийн арав гаруй жилийн хугацаанд маш олон хөгжиж буй орнуудын нийгмийн салбарын зарцуулалт, татварын хууль эрх зүйн орчин,  тогтвортой уул уурхайгаар дэд бүтэц хөгжүүлэх чиглэлд өргөн цар хүрээтэй багуудыг ЮСАИД, Дэлхийн банк зэрэг хоёр болон олон талт байгууллагуудын шугамаар илгээж, зөвлөх үйлчилгээ үзүүлсээр ирсэн. ЗХУ 1990 онд задран унасны дараагаар түүний харъя болон дагуул байсан, тусгаар тогтносон шинэ орнуудад чөлөөт эдийн засагт дасан зохицоход нь зориулж АНУ нь энэ төрлийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлсэн байдаг.  

Үүний нэг жишээ нь Монгол Улс юм. ЮСАЙД нь 2003 оноос эхлэн макро эдийн засгийн бодлогын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын парламент, гүйцэтгэх засаглалтай урт хугацаанд хамтран ажиллах багийг томилон ажиллуулж эхэлсэн. Үүний ачаар тус улсын татварын орчин, эрчим хүч, уул уурхайн салбар болон олон улсын худалдааны өрсөлдөх чадвар үндсээрээ өөрчлөгдсөн юм. АНУ эртнээс Монгол Улстай сайн харилцаа тогтоох гэж хичээж ирсэн нь ОХУ болон БНХАУ гэх өрсөлдөгч хоёр их гүрний дунд орших газарзүйн байршил, геополитикийн шинж чанараас ихээхэн хамаарсан. Берлины хана нуран унаснаас хойш тус улс нь АНУ-ын хувьд чухал ач холбогдолтой болж эхэлсэн байдаг.   

Монгол Улс нь өнөөдөр АНУ-ыг гуравдагч хөршөө гэж албан ёсоор үздэг. Харин АНУ-ын хувьд Монгол нь алсдаа их гүрнүүдтэй хийх орчин үеийн хүйтэн дайны шатрын тоглоомын голд орших итгэлтэй түнш орон юм. Ойрын ирээдүйд ч гэсэн Хойд Солонгостой хийхээр чармайж буй зөвшилцөлд чухал оролцоотой.  

Харамсалтай нь АНУ-ын нийт өр 22 их наяд ам.долларт хүрээд байгаа энэ үед Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Төрийн болон ЮСАИД-ын хэрэгцээгүй зардлыг хэрхэн буруулах талаар эргэцүүлж буй. Энэ нь Монголчуудын хувьд гуравдагч хөршөөс нь ирэх тийм ч сайн мэдээ биш.

Гэвч Вашингтоны хувьд үндэсний аюулгүй байдлын асуудал үргэлж нэн тэргүүнд тавигдсан хэвээр байх болно. Өөрөөр хэлбэл төрийн удирдлагын үр ашиггүй зардлыг хянахдаа үндэсний аюулгүй байдлыг огт хөндөхгүй гэсэн үг юм. АНУ-ын эрх баригчид БНХАУ-ын Үндэсний аюулгүй байдалд нь заналхийлэл учруулах хамгийн том боломжит дайсан гэж харах болсон. Тиймээс Хятадын өрийн хавханд орох өндөр эрсдэлтэй болоод буй Монгол Улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэх нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолтой шууд уялдаж байгаа. Өөрөөр хэлбэл ЮСАИД-ын зүгээс олон жил Монголд хэрэгжүүлсэн байгаль орчин, бэлгийн чиг хандлагыг зөв тодорхойлох зэрэг үр ашиггүй зарцуулалтууд бол өөр түүх юм. Тиймээс цаашид Цагаан ордон Монгол Улстай илүү эдийн засгийн үр ашиг, өөрсдөдөө ОХУ болон БНХАУ-тай хийх геополитикийн өргийн дархлаа болох чиглэлд хамтран ажиллах болов уу.

О.Мөнхбат

Эх сурвалж: The Hill  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.