“Алтай голд” ХХК Орхоны эх цутгал долоон голын зургааг нь булж, ширгээжээ

31

Орхон гол хүнцлээр тэжээгдэж, хүн, малгүй хордож байна

...Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших “Харгуйтын амны баруун салаа” нэртэй алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Алтай Голд ХХК" Орхон голын зарим эх цутгал жижиг голуудыг булж, устгасан, голдирлыг нь өөрчилсөн бодит төрхийг та одоо харж байна. Хэдхэн кг алтны төлөө гол, булаг шандыг ийн булшилсан үйлдлийг дэлхий дахинаа байгаль орчин, хүн төрөлхтний эсрэг хийсэн гэмт хэрэг гэж үздэг. Монгол Улсад ч мөн ялгаагүй. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль гээд олон хуульд голын голдирлыг өөрчлөх, булаг шанд, гол горхийг санаатайгаар устгаж ширгээвэл хуулийн хариуцлага тооцохоор заачихсан байгаа.

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн малчин К.Лхагважав "Энэ ухчихсан байгаа талбай нь сайхан цагаан дэнж байсан. Энд манайх 1994 оноос хойш отрын нүүдлээр орж ирж нутагладаг байлаа. Тэр сайхан нутгийг минь ийм болгочихсон. Бүх зэлэнд маань тулгаад ухчихсан. Дахиад нэмж ухах байх. “Алтай голд” компани энд ирээд гурван жил болж байна. Манай үхрүүдийн нүд өвдөөд эхэлсэн. Нэг өдөр л ногоон болоод хараагүй болчих юм. Хараагүй хэдэн үхэртэй болох нь. Уурхай орж ирэхээс ийм тохиолдол нэг ч гараагүй. Одоо манайхыг гаргахгүй оруулахгүй, бараг хорионд шахуу амьдарч байна" гэв. 

ЗОЛИОС

Өлийн голын хүдрийн дүүрэгт оршдог Харгуйтын амны баруун салааны алтны шороон ордын нөөц 800 кг, Хар чулуутын амны алтны шороон ордын нөөц 70 орчим кг байгааг тогтоосон байна. Харин ийм хэмжээний алт авахын тулд тус компани Цэнхэр сумын нутагт орших Харгуйтын амны баруун салаа, нутгийнхны ярьж байгаагаар Шийртийн хойд амыг ЗОЛИОСЛОВ. Эндээс эх аван урссаар Орхон голд цутгадаг долоон жижиг голын зургааг нь булшилчихаад сууж байна. Уг нь Монголын хамгийн урт гол Орхоны эхний хэсэг Хангайн нурууны Байгалийн цогцолборт газарт багтдаг. Гэвч байгаль хамгаалахад зориулж баталсан Монгол Улсын хуулиуд энд үйлчилсэнгүй.

“Алтай голд” компани “Харгуйтын амны баруун салаа” нэртэй алтны шороон ордын бай­галь орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг 2016 онд батлуулжээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг нь “Газарчандмань” компани хийсэн байна. “Алтай голд” ХХК-ийн ерөнхий захирал Цэндээгийн Мягмардорж гэгч бөгөөд урьд нь Өвөрхангай аймгийн Уянга суманд Өлтийн шороон ордод олборлолт явуулж байсан туршлагатай нэгэн. Тэрбээр Өлтийн алтыг нь аваад, үлдэгдлээ бусад компани, бичил уурхайчдад шилжүүлж, нөхөн сэргээлтээс бултсан гэх мэдээлэл ч байна.

Суварга хайрхан уулнаас эх аван урссаар Орхон голд цутгаж байгаа жижиг голуудын ялгааг харж байна. Алтны олборлолт явагдаагүй газраас эх аван урссаар уурхайнхны бохир устай холилдон нийлж, сааралтан булингартсаар Орхон голд цутгаж байгаа нь энэ. Ингэж бохирдсон Орхон гол цааш урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг бөгөөд нийт усных нь 47 хувийг бүрдүүлдэг гээд бод доо. Үнэндээ энэ бол Монголын эмгэнэл юм.

“Алтай голд” ХХК-ийн уурхай хариуцсан захирал н.Норовсамбуу “Манайх байгаль орчны мэргэжил­тэнтэй. Манай талбайд байгаа бут сөөг байгаль орчинд ямар ач холбогдолтой байдгийг мэдэхгүй” гэлээ.

ХААН ХОР

Байгалиа сүйтгэгчдийн энэхүү хорлонтой үйлдэл Орхон голын сав дагуу нутаглан ундаалдаг хэдэн зуун хүн ард, мал, амьтан гээд амьтай бүхэнд сөргөөр нөлөөлж байгаа. Таны харж байгаа энэ бохир ус хүнцлээр хордсон гол урсаж байна гэсэн үг. Тэгвэл хүнцлийн талаар цухас ойлголт өгье. Хүнцэл нь хүний биед ноцтой хор хөнөөл учруулж болзошгүй элемэнтэд тооцогддог. Хүнцлийг хүмүүс эртнээс “Хаан хор” хэмээн нэрлэж иржээ. Грек нэршил нь “хүчтэй, эзэрхэг”, сири хэлээр “цайвар шаргал нунтаг” гэсэн утгатай юм байна. Амт, үнэргүй хэдхэн миллиграммыг ус, дарсанд холиод уулгахад ямар ч амьтныг хоромхон зуур цааш нь харуулах хүчтэй. Хэрэв маш бага тунгаар байнга хэрэглүүлэх юм бол хэдэн сар, жилийн дараа чимээгүйхэн нүд аниулах чадалтай хор. 

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн малчин Д.Буянжаргал “Уул уурхайн тоос шорооноос болдог байх. Манайхны үхрийн 30-аас дээш хувь нь сохорсон. Тул хүртэл сохор гарч байна. Энд үхэл, амьдралын зааг гэдэг шиг байна. Алгын чинээ газарт тугалын хашаа барьтал хөөгдсөн. Хойтон гэхэд энэ хөндийд эрүүл газар үлдэхгүй. Зургаа, долоон булаг шанд байсан нь ширгээд дууссан” гэв.

Xүдэрт агуулагдах хүнцэл нь голдуу уул уурхайн олборлолтын явцад газрын гүний болон урсгал гол, мөрний усанд уусах боломжтой. Xүнцэл ихээр агуулсан ундны усыг удаан хугацаагаар хэрэглэвэл хорт хавдраар өвдөх, арьсанд яр шарх туурах, гар хуруу хөхрөх, шүд харлах, хөлийн тавхай хавдах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Иймд ундны усан дахь хүнцлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 1975 онд АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагаас 0.05 мг/л байхаар тогтоосон бол 2001 онд энэ хэмжээг бууруулж, бүр 0.01 мг/л болгожээ. Харин  хүнд аж үйлдвэр олонтой, хөгжиж буй зарим орон энэ хэмжээг зориуд 0.05 мг/л байхаар хуульчилсан байдаг юм байна.

Тэгвэл одоо харьцуулалт хийж болохуйц нэг баримт сөхье. “Бороо Гоулд”-ын уурхайн хаягдлын далангийн усан дахь хүнцэл 2820 мг/л, далангийн шаварт агуулагдах хэмжээ нь 4419 мг/кг-д хүрсэн баримт бий. Мөн Гацууртын голын дунд хэсгийн шавраас авсан дээжинд хүнцлийн хэмжээ 136мг/кг байна. Ноён уулнаас эх авдаг Гацууртын голын дагуух шороон ордыг “Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж, хэдэн зуун тонн алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгарч, голын ус бохирдсоныг шинжилгээгээр тогтоосон удаа бий. Хүнцэл агуу­лагдах хэмжээг 0.01 мг/г-0.05 мг/г гээд дэлхий дахинаа хатуу тог­тоочихсон байхад Монголд алт олбор­лодог нэг уурхайн хаягдлын далан, лаг шаварт агуулагдах хүнц­лийн хэмжээ бүр 4400 мг/кг гар­сан байна. Энэ аюул биш гэж үү.

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн малчин Р.Алтансүх "Анх манай зуслангийн хөндий газарт нь ороогүй байсан. Гэтэл ухчихлаа. Одоо яах юм бүү мэд. Бид хөөгдөөд л явна. Хангайн амьтад мараалдаг газрыг нь ухчихсан. Би марааг нь хамгаалаад бараагүй. Хортой юм хэрэглээд байгаа байх. Манайхны үхрүүд сохроод дууслаа. Намайг бол цагдаа нар шөнө унтаж байхад давхиж ирээд “нүү” гэж хөөдөг. Энд хөөрхөн цөөрөм байсан. Түүнийг ухаж байхад мэргэжлийн хяналтынханд хэлтэл тоогоогүй" гэв.

Ингэхэд хүнцэл гэх ХААН ХОР хэрхэн бий болоод байна вэ? Газрын үндсэн чулуулгийг ухаж ил гарган олборлолт явуулснаар газрын гүнд “унтаж” байсан арсенопирит мэтийн хүнцэлтэй эрдсүүд наранд ил гарч, бороо цасны устай холилдон исэлддэг. Ингэснээр хүнцлийн усанд уусамтгай нэгдлүүд үүсдэг бөгөөд хүнцлээр бохирдсон ус гол горхитой нийлж урсана гэсэн үг.

Маш тодорхой хэлбэл, Орхоны ай сав, хөндийд амьдардаг хүн мал бүгд их бага хэмжээгээр хүнцлээр бохирдсон хортой ус ууж байгаа нь эндээс харагдаж байна. Угтаа энэ асуудал зөвхөн уул уурхайн бүсэд амьдардаг хүн малд хамаатай асуудал биш. Орхоны ай сав, бүс нутагт ургадаг тариа ногоо, энэ голоос ундаалдаг малын мах, сүү гээд бүгд гинжээр холбогдсон тасрахгүй хэлхээ энд харагдана. 

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн малчин Б.Дэмбэрэлсүрэн "Долоон булаг байсан. Бүгдийг нь ухсан. Хамгийн сүүлд ганцхан булаг үлдэхэд нь байгаль орны байцаагчдаа хэлэхэд “Зөвшөөрлийг нь авчихсан болохоор хамаагүй. Ухна” гэсэн. Бид одоо шар туяатай бохир ус ууж байна. Манайх өвөлжөөнөөсөө зусландаа очиж чадахгүй байна. Цэнхэр сумын Засаг дарга, аймгийн Байгаль орчны газрын дарга нь ирээд “Лицензтэй талбайгаас нүү” гэдэг. Манайх энд арав гаруй жил зуссан нутаг. Малчид малын бэлчээргүй болж байна. Хүүхдүүдээ тоглуулах талбай алга" гэлээ.

ЦААЗЫН ЭРХ

Харин алтны компаниуд ийм бохир усыг ундандаа хэрэглэж болохгүй гэдгийг тун сайн мэддэг. Олборлолт явуулдаг аль ч уурхай ундны усаа хол газраас, гүний худгаас зөөвөрлөдөг дүрэмтэй. Ингэхэд “Алтай Голд” ХХК энэ нутагт ашиглалтын лицензийг хэрхэн авч, шинээр хөрс хуулж эхэлсэн юм бол? Түүх сөхье. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 оны долдугаар сарын 16-нд батлагдсан түүхтэй. Гэвч “Урт нэртэй” хуулийн дагал­дах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах нэрийдлээр эх байгалийг хүйс тэмтрэн, эвдлэн сүйтгэх шийд­вэрүүд 2015-2016 онд батлагдсан.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар алтны компаниудад зориул­сан хууль бус шийдвэрүүдээ ца­гаан сарын битүүний өдөр болон наад­­мын үеэр баталсан баримт бий.

Энэ үеэр нийт 13 мянга гаруй га газрыг хамгаалалтын бүсээс гаргасан түүхтэй. Яг энэ алдаанаас болж Монголын хамгийн урт гол, Хангайн нурууны Суварга хайрхан уулаас эх авч, 1124 км урссаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг хамгийн том цутгал Орхон гол улаанаар урсаж, бохирдох аюул бодитоор нүүрлээд байна. Угтаа гол усыг хордуулан бохирдуулах, байгаль орчныг сүйтгэх ЦААЗЫН ЭРХ-ийг Монголын төр өөрөө олгосон нь энэ.

"Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн"-ий гишүүн С.Батсайхан "Олон улсын конвенциор хүнийг үндсэн амьжиргаанаас нь  салгаж үл болно гээд заачихсан. Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Бүгд зөрчигдөж байна. Монголчууд нүүдлийн соёлыг бий болгосон. Бүгд байхгүй болж байна. Хордсон усан дотор үхэр байхыг харлаа" гэсэн юм. 

Харин “Босоо Монгол хөдөлгөөн”-ний тэргүүн П.Шинжээравдан "Энэ нутгийг ухаж байгаа Мягмардорж гэж хүн Өвөрхангай аймгийн Өлтийн амыг сүйтгээд хаясан. Бөөрөлжүүтийн гол, Онги голын эхийг юу ч үгүй болгосон. Удахгүй энэ нутаг мөн сүйтгэгдээд дуусна гэж ярилаа. Хангайн нурууг орвонгоор нь эргүүлэх хууль бус энэхүү шийдвэрийн жагсаалтад “Алтай голд” компани багтжээ. Тодорхой хэлбэл, тус компанийн лиценз 2015.07.07-ны өдрийн Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий эхийн хилийн заа­гаас чөлөөлөгдөж, ашигт малт­мал олборлох үйл ажиллагаа нь 2016 оноос эхэлсэн байна. Ийн­хүү “Алтай голд” компани Хангай нурууны Суварга хайрхан уулаас эхтэй Орхон голын эх  дээр эзэмшлээ тогтоож, цутгал голуудыг нь ширгээн булшилж, уугуул малчдыг төрсөн нутгаас нь шахан гадуурхаж, ой, усны сан, эх бүрдэх газрын хөрсийг хэдэн зуун га талбайгаар нь хуулан эргүүлж сууна. Үүнийг зүгээр л хараад, зүгээр л сонсоод өнгөрөх асуудал гэж үү. Төрийн тахилгат Суварга хайр­ханаас эхтэй Орхон голын гол цутгал жижиг гол горхиуд хэчнээн мг/кг хүнцлээр бохирдсоныг хэн ч хэлж мэдэхгүй байна. Хууль хяналтынхан, мэргэжлийн байгууллагууд тун удахгүй баталгаат лабораториор шинжилгээ авч, асуултын хариуг тодорхой болгоно гэдэгт итгэж байна" хэмээлээ. 

Ц.Цэвээнхэрлэн

Эх сурвалж: Zindaa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.