Б.Хурцын хэрэг ингээд замхрах уу?
Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц, УПЕГ-ын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр 6 өдрийн турш хэлэлцсэний эцэст тогтоолоо танилцуулсан. УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, хохирогч Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн хэрэгт холбогдуулан дээрх хүмүүст гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн байсан. Харин Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар зөвлөлдсөний эцэст зарим зүйлийг зайлшгүй шалгах шаардлагатай, шүүхийн хэлэлцүүлгийн явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорын хяналтанд буцаах шийдвэрийг гаргасан билээ.