“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн: Би ханийнхаа нүдэнд л хамгийн их хайртай, нүдний шил бол түүний имидж

5702

"Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн ярилцлагыг хүргэж байна. Эхнэр Жулианатай анх сууж байхад нь үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон шум гарч байсан юм. Тухайн үед тэрбээр хэрхэн хариулж байсныг хүргэе.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Асуултаа шулуухан эхэлье. Саяхан өөрийн тань болоод танай эхнэр Жулианагийн талаар таагүй зүйлүүд дуулдлаа?

-Эр хүнийхээ хувьд хэлэхэд би ийм юманд эмзэглээд байна гэж юу байх вэ. Гэхдээ эмзэглээд байдаггүй ч гэсэн ингэж бичээд, бичүүлээд байх муухай. Ард түмний хайртай хүмүүсийг янз бүрээр гоочлох нь илүүц шүү дээ. Биднийг муугаар ч, сайнаар ч бичиж, ярьсан ч бидэнд огт нөлөөлөхгүй. Харин ч энэ нь эргээд реклам болно. Тийм болохоор биднийг маш олон хүн магтаад байх шиг байна. Магтаалын хажуугаар зарим нэг иймэрхүү хэл ам, хатуу үгс байх нь харин ч зүгээр юм уу гэж бодож байна.

-Чамайг эхнэрээсээ салсан. Түүнээсээ болж архины шилээр толгойгоо хагалсан гээд л шуугиад байсан. Энэ үнэн үү?

-Толгой тархиа хагалаад байх юу байх вэ. Энэ бол бид хоёртой холбоотой зүйл биш. Зүгээр нэг эр хүнд байдаг л асуудал. Гэхдээ эд эрхтэнээрээ хохирчихоод байж байдаг л асуудал гэж ярих муухай л даа. Зүгээр яах вэ, намайг цаашаа хараад зогсож байхад андуураад дагзан дундуур цохичихсон юм. Энэ цохисон хүнд тодорхой хэмжээний хариуцлага тооцсон, хүн андуурсан болохоор өөрөө ч надаас уучлал гуйсан. Ийм л юм болсон.

Эхнэртээ хаягдсандаа сэтгэлээр унаж толгойгоо хагалсан гэсэн байсан л даа. Дээгий бол тийм юман дээр шантрахаар хүн биш ээ. Мэдээж би хайртай, дуртай хүнээ хүндэтгэнэ, хайрлана. Цаашид ч хайрлах болно. Хайртай хүнийхээ төлөө тайзаа орхино гэдгийг би буудаж хэлээгүй.Хэн ч миний сэтгэлд орж үзээгүй байж ингэж хэлэх нь илүүц юм. Надад ийм зүйл хэзээ ч тохиолдохгүй учраас би шантарч, гутарч, сэтгэлээр унах юм байхгүй.

-Тэгвэл Жулиана та хоёр салаагүй, харьцаа чинь хэвээрээ байгаа гэж ойлгож болох уу?

-Бид хоёр салаагүй. Бие биендээ дэндүү хайртай, бие биенээ хэзээ ч орхихгүй, орхиж ч байгаагүй. Манай авгай одоо ирчихсэн, бид хоёр хамтдаа байгаа.

-Жулианаг хүмүүс Италийн эрлийз юм болов уу гэж таамагладаг. Уг нь цэвэр Монгол цустай гэсэн биз дээ?

-Миний хань угаасаа монгол цустай цэвэр монгол хүн. Италийн эрлийз гэж бодож байсан бол та бүхэн ташаа ойлгосон байна. Харин Италид суралцдаг нь үнэн. Хувийн амьдралаа олонд дэлгэнэ гэдэг бол барьцгүй хүний шинж. Хоёрт бол манай хамтлагийн Хаазаа "Хувь хүний амьдрал руу өнгийх нь тэр хүний илүүц зан юм” гэж их гоё хэлсэн байна лээ. Тэгэхээр би энэ үгийг их дэмжиж байна.

-Танай эхнэр Италид ямар чиглэлээр суралцдаг вэ. Зуны амралт нь болоод ирчихсэн байгаа хэрэг үү?

-Манай эхнэр Италид хуулийн чиглэлээр суралцдаг, дээд зэргийн боловсролтой эмэгтэй байдаг. Италид олон жил сурч, олон жил амьдарсан. Одоо сургуулиа төгсөхөд цөөн жил үлдээд байна. Зуны амралт нь арай ч болоогүй л дээ. Тэгэхдээ намар болтол Итали явахгүй. Дээд курсийн оюутан болсон учраас хичээлдээ явах шаардлагагүй, практик дадлага хийж байгаа л даа. Хань минь явах болоогүй болохоор би нэг хэсэг жаргалаа эдэлнэ.

-Бас Жулианааг их ядуу монгол айлын охин байж байгаад баян Итали айлд өргөгдсөн гэдэг юм билээ?

-Ядуу ч байна уу, баян ч байна уу надад хамаагүй. Би түүнд хайртай л байвал болоо. Би хайртай хүнээ аваад л явна шүү дээ. Итали айлд өргөгдсөн юм бол байхгүй. Өөрийн гэсэн аав, ээжтэй, гэр бүлтэй хүн.

-Чи хадмуудтайгаа хэр харьцаатай байдаг вэ?

-Хадам гэж хэлж болохгүй л дээ. Хүн хүний амьдрал өөр. Хэрэв эцэг, эхгүй хүн байвал яах юм, тийм биз дээ. Ер нь бид хоёр хэн хэнийхээ эцэг эхтэй дотносоод сүйд болоод явдаггүй, бие даасан улс. Одоо ч хоёулаа тусдаа амьдардаг. Надад ханийнхаа ар гэрийнхэнтэй уулзах боломж байдаггүй. Тэд гадаадад амьдардаг болохоор тэр л дээ.

-Жулиана Монголдоо ирж мэргэжлээрээ ажиллах уу, эсвэл чи Итали явах уу?

-Үүнийг би хэлж мэдэхгүй. Угаасаа хүний амьдрал чи тэгнэ, ингэнэ гээд эртнээс бэлдчихсэн байдаггүй. Тэр үеийн байдал ямар байхаас л шалтгаалах байх. Манай хүн хэдийгээр Монголд ирэхэд нь өөрийг нь янз бүрээр бичиж, яриад байдаг ч гэсэн Монголдоо ирэх их дуртай. Тэр тусмаа хөдөө газар, мал дээр байх бүр дуртай. Ямар сайндаа дөнгөж ирэнгүүтээ хонь гаргуулж байх вэ дээ. Өөрөө Монголд байх л хамгийн гоё гэж ярьдаг юм.

-Чамайг эхнэрээ байхгүйд Хүмүүнлэгийн ухааны сургуульд сурдаг нэг бүсгүйтэй мессэжээр харилцах болсон гэлцэх юм?

-Би чинь Hot мессэж байтугай зүгээр мессэжээ бичиж чаддаггүй хүн. Мессэж бичиж чадахгүй гэхээр буруугаар ойлгов. Ер нь мессэж хэрэглэдэггүй. Намайг онгирч байна, хийрхэж байна гэж битгий бодоорой. Ер нь тэгээд 9911-тэй утас барьдаг хүн мессэж бичээд явна гэж байхгүй шүү дээ. Би Хүмүүнлэгийн ухааны сургууль байдаг гэж мэдэх болохоос энэ сургуульд сурдаг нэг ч хүн танихгүй.

Бид хоёр тусдаа байдаг ч бид өдөр бүр утсаар ярьж, би өдөр бүр түүнийхээ хажууд байгаагаар төсөөлж, гэрэл гэгээг харж явдаг. Тийм болохоор би хайртай хүнээ өөр хүнээр солино гэж толгойд минь байдаг ч үгүй, төсөөлдөг ч үгүй.

-Энэ асуудлыг Жулиана хэр хүлээж авсан бэ?

-Мэдээж эмэгтэй хүнийхээ хувьд эмзэглэсэн л байлгүй. Гэсэн ч миний хань ухаантай болохоор бүгдийг ойлгодог юм. Урлагийн бидэнд ийм зүйл их тохиолдох юм байна гэдгийг сайн мэдэрсэн. Тэгээд ч намайг мессэж бичдэггүй гэдгийг мэднэ л дээ. Хамт байх хугацаандаа бид нэг нэгнээсээ огт салдаггүй. Би ханийгаа сонин хэвлэлээр янз бүрээр бичүүлээд байгаадаа эмзэглэдэг. Адаглаад ах дүү нар нь ч юу гэж бодох юм. Тийм болохоор танай сониноор дамжуулаад түүнэсээ уучлалт гуйя.

-Жулианааг Италид амьдардаг, тансаг амьдралтай ч гэж зарим нь яридаг. Энэ утгаараа чамайг Жулианагийн мөнгөнд болсон гэж хүмүүс ойлгодог юм шиг ээ?

-Би ганцхан энэ ярианаас их ичсэн. Түүний ойр тойрныхон, эцэг эх нь энэ тухай сонсвол яана гэж гутаж байна. Би тэр хүнийг тэжээх гэж өөрийн болгож авсан. Түүнээс би тэжээлгэх гэж суусан бол нададад хөгийн л дөө. Би машин тэрэг авахуулаагүй. Би ч тэр, манай хүн ч тэ тийм баян тансаг амьдралтай хүмүүс биш.

-Жулианаг хаана ч хэзээ ч нүдний шилээ авдаггүйг хүмүүс гайхаад байдаг л даа?

-Гадаадад олон жил амьдарсан хүн өөрийн гэсэн европ стиль имижтэй болно шүү дээ. Би ханийнхаа нүдэнд нүдэнд нь хамгийн их хайртай. Нүдний шил бол түүний имиж. Олон жил шил зүүгээд сурчихсан болохоор нарны хэт ягаан туяаг харж чаддаггүй, эвгүй байдаг гэсэн. Түүнээс солир долир биш л дээ. Тэгээд ч би солир долир хүнтэй суухгүй нь ойлгомжтой биз дээ. Хэрэв тийм бол надад хэцүү шүү дээ.

Эх сурвалж: Mongolcomments.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>