Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр : “Тэмбүүг устгая”

22

Тэмбүү өвчний одоогийн байдал Дэлхий дахинд:
 
Дэлхий дахинд жил бүр бэлгийн замаар дамжих халдварын 376 сая тохиолдол, үүнд тэмбүүгийн 6.3 сая тохиолдол ДЭМБ-ын тооцооллоор бүртгэгдэж байна.
АНУ-ын Засгийн газрын мэдээ
2017 онд АНУ-д 30 гаруй мянган тэмбүүгийн тохиолдол бүртгэгдсэн нь 100,000 хүн амд 9,5 тохиолдол байв. 2016 онд 100,000 хүн амд 8,6 тохиолдол бүртгэгдсэнтэй харьцуулахад 10,5%-аар өссөн байна. Энэ нь 2013 онтой харьцуулахад 72,7%-аар өссөн үзүүлэлт юм. 2013 онд 100,000 хүн амд 5,5 тохиолдол бүртгэгдэж байжээ.
Төрөлхийн тэмбүүгийн тухайд 2017 онд 100,000 амьд төрөлтөнд 23,3  бүртгэгджээ. 2016 онд 100,000 амьд төрөлтөнд 16,2 , 2013 онд 9,2 төрөлхийн тэмбүү бүртгэгдсэн нь жил бүр энэ халдвар өссөнийг илтгэж байна. 2013 онтой харьцуулахад 2017 онд төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 153,3%-аар өсчээ.
Европын холбооны өвчний хяналтын төвийн мэдээ
Европын холбооны 27 улсын мэдээгээр 2010 онд тэмбүү өвчин 100,000 хүн амд 4,2 тохиолдол байсан бол 2017 онд 7,1 тохиолдол болжээ. Энэ нь 2010 онтой харьцуулахад 70 хувиар өссөн үзүүлэлт ажээ. 2010 оноос хойш Исланд, Ирланд, Их Британи, Герман, Мальта улсад тэмбүү өвчин 2 дахин өссөн байна. 2007 онд европын холбооны улсуудад төрөлхийн тэмбүү 100,000 амьд төрөлтөнд 3,1 тохиолдол байсан бол 2017 онд  1,1 тохиолдол болж буурсан үзүүлэлттэй харин хүн амын дундах тэмбүүгийн халдвар нэмэгдэж байгааг Европын холбооны өвчний хяналтын төвөөс мэдээлжээ.
Европын холбооны Засгийн газрын мэдээллээр
2010 оноос хойш Европ даяар тэмбүүгийн тохиолдол тогтмол нэмэгдэж байна. 2017 онд Европын холбооны орнуудаас гаргасан тайланд тэмбүү өвчин хамгийн дээд хэмжээнд хүрч 33 мянган  тохиолдол бүртгэгдсэн нь Европын холбооны тандалтын бүртгэл эхэлсэн хугацааны хамгийн өндөр үзүүлэлт юм.
Австралийн Засгийн газрын мэдээ
2013-2017 онд тэмбүү өвчин Австрали улсад 135%-аар өсчээ. 2013 онд 100,000 хүн амд 7,8 тохиолдол байсан бол 2017 онд 18,3  болж нэмэгджээ .
Японы Халдварт өвчний үндэсний төвийн мэдээгээр
Япон улсад 2012 онд хүн амын дунд 100,000 хүнд тэмбүү өвчин 0,7 тохиолдол байсан бол 2016 онд 3,6 болж 5 дахин өсчээ. 2017 онд Япон улсад сүүлийн 44 жил анх удаа тэмбүүгийн тохиолдол 5770 хүрч 2015 оноос 2 дахин ихэссэн байна.
2012 онд төрөлхийн тэмбүү өвчин 100,000 амьд төрөлтөд 0,4 тохиолдож байсан бол 2016 онд 1,4 болсон байна.
1930-аад онд Америкт анх удаа мэдрэлийн тэмбүү оношлогдсон байдаг.Тэр үед Америкийн Alkepaniгэгч алдартай  гангстер тэмбүүгээ эмчлүүлээгүй удсанаас хүндэрч мэдрэлийн хэлбэрт шилжиж зан араншин нь хурц догшин болж зэрлэгшин олон хүний аминд хүрсэн байдаг.Энэ мэтчилэн ноцтой үр дагавартай учраас уг өвчнийг устгах үйл ажиллагааг эрүүл мэндийн яам эхлээд байна.
Тэмбүүгийн халдвар нь хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/-ийн халдвар авах эрсдлийг 3 дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ  эхээс урагт дамжиж амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг байна. Төрөлхийн тэмбүүгийн улмаас  дэлхий дээр жилд 200 сая хүүхэд амьгүй төрөх эсвэл нярай үедээ эндсэн байна.
 ДЭМБ-га “Бэлгийн замаар дамжих халдварын глобаль стратеги, 2016-2021”-ийг 2016 онд баталж,  2030 он гэхэд гишүүн 194 орны 80 хувьд нь төрөлхийн тэмбүү өвчний тохиолдлыг 100,000 амьд төрөлтөд 50-аас доош бууруулах, 2030 онд дэлхийн хэмжээнд өвчлөлийг 90 хувиар бууруулах зорилт тавьсан.
Уг зорилтын хүрээнд бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх зөвлөгөө өгөх, зан үйлийг өөрчлөх, халдварыг үнэн зөв оношлох, гүйцэд эмчлэх, хянах,  хавьтлыг тогтоон оношилгоо эмчилгээнд хамруулах, вакцин, бусад биобэлдмэлийг шинээр гаргах инновацийг дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.  
 
Монгол улсад:
2018 онд улсын хэмжээнд 27 төрлийн 42074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буураад байна.
Нийт халдварт өвчний дотор бэлгийн замаар дамжих халдвар 38,3 хувь буюу 16130 тохиолдолбүртгэгдсэнбайна.БЗДХалдвар дотор тэмбүүгийн өвчлөл  38,2 хувьтай байна. Тиймээс гурван ч төрийн тэргүүн бүрэн эрхийн хугацаандаа энэ асуудлыг хөндөж УИХ-д мэдээлсэн байдаг. 2017 онтой харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 507 тохиолдлоор буурсан ч 100 мянган хүн амд 194, эхээс урагт халдварладаг төрөлхийн тэмбүү 100 мянгад 63,2 тохиолдол байна.Хөвсгөл, Говьсүмбэр, Сүхбаатар, Баянхонгор, Дорнод, Говь-Алтай, Хэнтий, Сэлэнгэ аймагт улсын дунджаас өндөр байна. 15-24 насны хүн амын дунд өвчлөл харьцангуй өндөр байна.
2019 оны эхний 5 сард тэмбүүгийн 2727 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 245 тохиолдлоор буурлаа.  Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол2015 онд  52,  2016 онд 42, 2017 онд 59,  2018 онд 49, 2019 оны эхний 5 сард 29 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлуудад үнэлгээ хийхэд 40 хувь нь жирэмсний хяналтад хамрагдаагүй байжээ. Тиймээс ЭМЯ төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж улмаар устгах зорилт тавин ажиллаж байна.
 
Хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
Монгол улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх,хянах үндэсний хөтөлбөр”-т БЗДХ-ыг бууруулах зорилт тусгасан . Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд ЭМЯ “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү төлөвлөгөө нь хүн амын дунд БЗДХ-аас сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааг өргөжүүлэн, үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүлжүүлэх зорилготой. 
Хөтөлбөрийн хүрээнд 3  чиглэлээр 31 үйл ажиллагаа төлөвлөснөөс эрүүл мэндийн салбарын хэмжээнд 23, бусад салбартай хамтран 4, урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны 4 ажил төлөвлөсөн.
Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй өвчтний бэлгийн хавьтагчийг илрүүлэн, тусламж үйлчилгээнд хамруулах ажил зохион байгуулж байна.Түүнчлэн БЗДХ-ын тусламж үйлчилгээ, жирэмсний хяналтын үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийх арга хэмжээг зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ тандалт судалгаанд үндэслэн 4 багаар Баянхонгор, Булган, Ховд, Сэлэнгэ, Өмнөговь аймагт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлээд байна.
Хүн амд чиглэсэн танин мэдэхүй, мэдээлэл, сурталчилгааны ажил  эрчимтэй явж байна.
ХДХВ, тэмбүүгийн халдвар илрүүлэх хурдавчилсан оношлуураар 78 мянган жирэмсэн эмэгтэй , эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог 3118 эрэгтэй , 2987 эмэгтэй биеэ үнэлэгч, тэмбүүтэй оношлогдсон өвчтний бэлгийн хавьтагч 13,414, нийт 97,519 хүнийг илрүүлэг шинжилгээнд хамруулна.
Мөн жилд 180650 БЗДХ-ын кабинетаар үйлчлүүлэгч эрэгтэйчүүд, 4267 сүрьеэтэй өвчтөн болон бусад салбартай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 140,000 оюутан залуус, 34419 гар аргаар алт олборлогчид, уул уурхайн салбарт ажиллагсад, алсын тэээврийн жолооч нар, 30 мянган эмзэг бүлгийн хүн ам, 3 мянган хорих ангид хүмүүжигчид, нийт 392,336 иргэнийг PRP, TPHA оношлуур ашиглан илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж, эмчлэх бөгөөд уг үйл ажиллагааг ХЗДХЯ, БШСУСЯ, УУХҮЯ, ЗТХЯ болон бүх шатны Засаг дарга нартай хамтран зохион байгуулна.
Ер нь тандалт судалгаанд үндэслэн 500-аад мянган хүнийг үзлэгт хамруулж, өвчтэй оношлогдох эрсдэлтэй 22,580 иргэнийг тэмбүүгийн эмчилгээнд хамруулна гэж тооцож байна.
Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэдэг өвчин бөгөөд халдвар авсан хэн боловч өрх, сум,аймаг,нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношлогоо хийлгэж, эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой. 2,4 сая единицийн Пенициллин-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулсанаар бүрэн эдгэнэ. Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр,хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилнэ.  Бэлгийн хавьтагчаа мөн эмчлүүлэх нь халдвар дахин авахгүй байх боломж учраас эмчилгээ хамт хийлгэх нь чухал юм.Тэмбүүгээр өвдсөн жирэмсэн эх хяналтдаа эрт орж өвчнөө оношлуулж эмчлүүлсэн тохиолдолд эх, хүүхэд аль аль нь эрүүлжих боломжтой. Энэхүү эмчилгээ урагт гаж нөлөөгүй байдаг байна. Монгол хүний удмын санд хортойгоор нөлөөлөх энэ өвчнөөс ард иргэдээ хамгаалахын төлөө эрүүл мэндийн салбар эрчимтэй ажиллах болно. Дэлхий нийтийн асуудал болоод байгаа энэ өвчнийг бид хамтдаа ялан дийлнэ. Тэмбүү өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлсэнээс хойш Сэлэнгэ аймгийн Хушаат сум энэ өвчнийг илрүүлж устгасан анхны сум боллоо. ХӨСҮТөвийн “Улаан тууз” эмнэлэгт 7 хоногт 280 хүн энэ өвчний асуудлаар ханддаг байсан бол 540 болж хоёр дахин нэмэгдлээ. Энэ нь үйл ажиллагааны үр дүн гарч буйн илрэл юм. Салбарын хоорондын хамтын ажиллагааг хангаж нийтээрээ энэ өвчинтэй тэмцэж чадвал сарын дотор ч устгах боломж буйг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.
 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.