Тавантолгойг нь өгөөд тарж унасан парламентаа өөрчилье

395

С.Баяраас энэ хүн ганцхан л юм гуйсан байдаг юм. Тэр нь Тавантолгой. Элбэгдоржоос бас ганцхан л юм хүссэн байдаг юм. Тэр нь мөн л Тавантолгой. Баяр, Элбэгдорж нарын хэн хэн нь энэ тухай нэг бус дуугарсан. "Баттулгын шуналыг Монголын төр хангаж дийлэхгүй" гэсэн тайлбар зүүсэн санагдана. MCS-ийн Оджаргалтай энэ хүн нэг л юмаараа барьцаад байдаг юм. Тэр нь Тавантолгойн суга болох Ухаа худаг.

Төмөр замтай энэ хүн нэг л сэжмээр холбогдоод байдаг юм. Тэр нь Тавантолгойн нүүрсийг урагш, хойш зөөх боломж. Хэн нэг нь түрүүлээд зам тавьчих вий, Тавантолгойг зөөчих вий гэж 10 жил айж явсан, агсамнаж хийрхсэн. АТГ-т авсан идсэнээрээ шалгагдаад ачигдах, Ерөнхийлөгч болох хоёр зам түүний өмнө байсан. Хоёр дахийг нь сонгоод азаа үзсэн. Түүний оронд хэн ч байсан тэгэх л байсан. Ерөнхийлөгч болмогцоо Тавантолгойн нүүрсэнд эзэн суух нь суусан. Монголын улс төрийн 1,2,3 дугаар хүмүүс Тавантолгойгоос нүүрс авах гэж дугаарлаж өрсөлдсөн Хятадын хэдэн арван компанийн манай талд барьдаг авлигад эзэн суухын төлөө үхэн өрсөлдөж, яван алалддаг.

Ж.Мөнхбат Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байх үед зүгээр ч нэг 200 гаруй тн нүүрс ор сураггүй алга болчихоогүй юм шүү. Аль эрт ачуулчихсан, авдагаа аваад авдраа томруулчихсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, цаашлаад УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга гэдэг чинь улсаа хөгжүүлдэг угсаа сайтай алба биш. Ердөө л Тавантолгойд эзэн суух гарц. Тэдний хувьд Монголын төр ердөө Тавантолгойн үнэтэй. Гэвч энэ нь дахиад л хангалттай биш аж. Парламентийг залгина гэнэ ээ. Нөгөө олигарх гишүүд нь оволзтол санал өгөөд, гөлөлзтөл кноп дараад л ардчилсан засаг будаа. За тэгээд өгчих л дөө. Гадаад паспорт ч үгүй, ганц үг хэлэх эрх ч үгүй байсан үедээ эргээд оч, элгээрээ мөлх. Эсвэл энэ хүндээ тэр Тавантолгойг нь өгчихье.

Нэг орд газраа золиослоод нэгэн үеийнхний зорьсон ардчилсан засаглалтайгаа үлдье. Ерөнхийлөгчийн засаглалтай болмоор байна гэсэн үү? Яг тэгээд болчихвол энэ хүн маргааш нь албаа хүлээлгээд өгчихөж чадах уу? Үгүй. Хаан болох гээд хамжлагаа хөдөлгөөд, харц ардаа шилбүүрдээд харайлгах байлгүй. Назарбаев эрх мэдлээ Дарига Назарбаевагийн даргалдаг Казакстаны парламентад өгсөн нэртэй үе дамжин шилжүүлсэн. Дарангуйлагч хэзээ ч зогсож чаддаггүй. Зогсвол алуулдаг. Бүгдээрээ эргэж харъя.

Явсан зам, туулсан амьдрал, хэн байснаа, хэзээ хаана зогсож болох байснаа эргэн харъя. Нарантуул дээр савхи оёж зогсдог ах эгч нар яг тэндээ инээлдээд, хөзөр дэлгээд, мэнд мэдээд, банштай цайгаа хувааж уугаад, шинэ загвараа сурталчлаад зогсож л байна билээ. Тэд амгалан байсан. Учир нь тэд Тавантолгойд шунаагүй. Номарангийн хэрэгт орооцолдоогүй. Спирт зөөгөөгүй, төмөр зам тавина гэж 250 сая ногоон төрөөс суйлаагүй, байхгүй үйлдвэрийн хоосон гэрчилгээн дээр утаагүй түлшний мөнгө авч луйвар хийгээгүй, Зам тээврийн яамыг 12 жил чөдөрлөөгүй!

Хүн зогсох ёстой газраа зогсож чаддаг байх сайхан. Ядаж л хүн айж, хүүхэд цочихгүй. Төр ганхаж, түмэн гундахгүй. Харин одоо...тэр өөрөө л зогсохгүй бол түүнийг зогсоох хүн үгүй. Хаа хүртэл хавиргаа ханзартал, ханцуйгаа элэгдтэл зүтгэж, хэний гар хөл, ганзага ногт болохыг таашгүй.

Р.Эмүжин 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>