Сонгуулиар л “амь ордог” Сонгуулийн ерөнхий хороо

33

Үндсэн хуульд гарцаагүй нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй хэмээн саяхан л санал нэгдэж байсан улс төрийн хүчнүүд, улстөрчид одоо яавал энэ өөрчлөлтийг хийлгэхгүй, саад хийх вэ гэсэн уралдаанд гарсан нь, бас төсөлд орох боломжгүйг нь мэдсээр байгаа хэрнээ нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэм заалтууд санаачилснаа байсхийгээд зарлаж буй нь сонгууль дөхсөний дохио л доо. “Өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо цэгнэж, ирэх 30 жилийнхээ өнгө төрхийг тодорхойлох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх гэж байна” гэцгээх хэрнээ өөрсдөө энэ талаар бодож буй гэдэгт нь итгэхэд бэрх хүмүүс “Юу гэж хэлээд иргэдэд таалагдчих вэ, байз” гэсэн байдлаар асуудалд хандах нь цөөнгүй харагдана. Улстөрчдийн хэлэх үг, хийх үйлдэл бүхэн сонгуульд зориулагддаг зовлонт жил хаяанд иржээ.

Одоо хоног хугацаа өнгөрөх тусам сонгуулийн солиорол хүчээ авч, улам аюултай түвшинд хүрнэ. Бид ийм л улстөрчидтэй. Хамгийн эмгэнэлтэй нь сонгогчид үүнд нь итгэнэ. Хэдий чинээ ичгүүргүй, худалч байна, төдий чинээ сонгогдох магадлал өндөр. “Ямар ард түмэн байна, тийм төр тогтдог” гэдэг. Сонгож, бүрдүүлсэн парламентаа хараад л монголчууд ямархуу хэмжээнд сэтгэдэг, аль түвшний хүмүүс гэдгээ тодорхойлчих. Ингэхээр сонгогчдын боловсрол гэж тун чухал хэрнээ манайд оргүй хаягдсан зүйлтэй холбогдчихдог.

Манай сонгогчдын улс төрийн боловсрол асар дорой байгаа талаар олон улсын болон дотоодын мэргэжилтэн, судлаачид олон жилийн өмнөөс ярьж ирсэн. Харамсалтай нь, энэ талаарх яриа сонгуулийн өмнө хэсэг зуур өрнөөд, сонгуулийн дүн гарангуут мартагдчихдаг. Тэгээд гурван жил гаруй таг чиг байснаа дараагийн сонгуулийн өмнө нэг хэсэг шуугина. Ийм жишиг тогтоод багагүй хугацаа улирчээ. Энэ хооронд сонгогчдын улс төрийн боловсрол гээч нь улам л доройтсоор ирснийг бүрдэж буй парламент нь бэлээхэн хэлээд өгнө.

Өмнөх парламентыг О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ гэх мэтийн “оймсонд хавчуулагдаж үсэрсэн” гишүүдтэй хэмээн гоочилдог байсан бол энэ удаагийнхыг “Бандааш, Мурат” гэсэн түлхүүр үгээр ялгах боллоо. Ёс суртахуун, боловсрол, чадварын доройтол Монголын төрд урьд хожид дуулдаж байгаагүйгээр нүүрлээд буй нь өнөөх л “Ямар ард түмэн байна, тийм төр тогтдог” гэх гашуун үгийг сануулдаг. Өөрөөр хэлбэл, сонгогчдын боловсрол гээч зүйл бидэнд үгүй болсон учраас ийм хүмүүст итгэж, толгой дээрээ залчихаад байгаа хэрэг.

Иргэд сонгуульд оролцохдоо “Хэн юу амлав, түүнийг сонгосноор би юу хожих вэ” гэж харж, өгсөн бэлэг, тараасан мөнгөнд нь хууртан, саналаа худалдах явдал хавтгайрсны гор нь өнөөгийн төр, засаг, парламент. Улс орны хувь заяанд аль бодлого нь нөлөөтэй вэ гэж харах улс төрийн боловсрол дутмаг, зөвхөн өөрийгөө, өнөө маргаашаа боддог, популизмд автан найр тавьдаг богино ухааны “шагнал” нь өнөөгийн завхрал. Үүнийг дээр дооргүй хүлээн зөвшөөрдөг.

Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого сонгодог вэ” сэдэвт илтгэлдээ “Сонгогчдын эдийн засгийн буруу ойлголт сонголтод нөлөөлж байна. Тиймээс сонгогчдын боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй” хэмээн дурдаж байв. 2016 оны УИХ-ын сонгуулийг ажигласан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шинжээчдийн багийн ахлагч, Элчин сайд Одри Гловер “Монголд сонгогчдод мэдлэг олгох системтэй зохицуулалт алга” хэмээн дүгнэсэн удаатай.

Ингэхэд, сонгогчдод улс төрийн мэдлэг, мэдээлэл, боловсрол олгох ажлыг хэн хийх ёстой билээ. Хуулиас шүүрдвэл, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулахыг СЕХ-ны бүрэн эрхэд оруулсан байна. Сонгогчдод боловсрол олгох нь СЕХ-ны бүрэн эрхийн асуудал байх нь.

Гэтэл тус байгууллагын дарга Ч.Содномцэрэн “Шударга сонгуулийг зохион байгуулах нэн чухал хүчин зүйл бол иргэний нийгмийн хяналт, сонгогчдын боловсрол. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сонгуулийн үйл явцыг ажиглаж, иргэний нийгмийн хяналт тавих чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд байдаг. Цаашид сонгуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, сонгогчдын боловсролд чиглэсэн далайцтай ажлуудыг хийх нь зүйтэй” хэмээн энэ ажлыг өөрөөсөө түлхсэн байх юм.

Хуульд “Сонгогчдод боловсрол олгох нь СЕХ-ны бүрэн эрх” гээд заачихсан, бусад оронд ч сонгуулийн төв байгууллага нь сонгогчдын боловсролыг дээшлүүлэх үүрэг хүлээж, энэ ажлаа тасралтгүй явуулдаг. Гэтэл манай СЕХ энэ чухал үүргээ төрийн бус байгууллагуудад ацагласаар өнөөг хүрсэн. Үр дүнд нь Монголын сонгогчдын боловсрол “тэг заасан” хэвээр дараагийн сонгуультайгаа золгож байна.

Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх талаар цөөн хэдэн төрийн бус байгууллага ам ангайдаг. Сонгуулийн чимээнээр сэрж, адил агуулгатай хэдэн мэдэгдэл ёс төдий хийгээд алга болдог тэдгээр байгууллагын зорилго нь үнэхээр сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх үү, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрөөс мөнгө саах уу гэдэг нь ч эргэлзээтэй. Сайн дураараа ажиллаж буй, хэн нэгний өмнө үүрэг хүлээгээгүй төрийн бус байгууллагууд ч яах вэ. Харин хуульд заасан үүрэгтэй, тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой, УИХ, Засгийн газарт санал оруулж, шийдүүлэх бүрэн эрхтэй сонгуулийн төв байгууллага яагаад үүнд анхаардаггүй нь гайхалтай.

Бусад улс оронд сонгогчдоо сонгуульд бүрэн оролцуулахын тулд цагаач иргэддээ мэдээлэл бүрэн хүргэхээр 10-20 хэлээр хэвлэл мэдээлэл, урлаг уран сайхан, тэмцээн уралдаан гэх мэт бүх л сувгаар түгээж болоод байхад манайх ганц монгол хэлээрээ, ганц нийслэл хотдоо бүрэн дүүрэн мэдээлэл тарааж чадахгүй сууж байдаг. Сонгуулийн бэлтгэх хангаж, санал хураалт явуулах, сонгуулийн хороодын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулахаас өөр ажил хийхгүй байгаа нь байнгын ажиллагаатай СЕХ-ны хувьд үнэндээ чамлалттай юм.

Сонгогчдыг харанхуй, бүдүүлэг, боловсролгүй, дээр нь хэн дуртай нь юу хүссэнээ сараачиж болдог цагаан цаас шиг байлгах нь популист улстөрчдийн хүсэл юм бол сонгогчдыг боловсруулж, гэгээрүүлэх үүрэг хүлээсэн сонгуулийн төв байгууллага ажлаа хийхгүй байгаа нь эс үйлдэхүйгээрээ тэдэнд тусалж буй хэрэг шүү.

А.Амина

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.