Шүүгчид Ерөнхий сайдаас өндөр цалин авч байна

1532

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцлээ.

Тус ажлын хэсэг шүүгчдийн цалин Ерөнхийлөгчийн цалинтай ойролцоо, УИХ-ын даргын болоод Ерөнхий сайдын цалингаас өндөр байгаа нь зүйд нийцэхгүй гэж үзсэн байна. Түүнчлэн бүх шатны шүүгчдийн цалингийн хэмжээг тогтоох бүрэн эрх УИХ-д хадгалагдаж байна хэмээн дүгнэжээ. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүгчийн цалингийн хэмжээг тогтоох тухай өнгөрсөн оны 12, 16, 45 дугаар тогтоолуудаар өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн гэж үзсэн байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрээр шүүгч нарт олгох цалинд энэ онд 15 тэрбум төгрөгийг зарцуулсан.

Үүний араас Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг 4.5-4.6 сая төгрөгөөр тогтоох санал орж ирж байна. Энэ бол албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг хэмээсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Номтойбаяр З.Баянсэлэнгэ нар хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол хариуцлага тооцох асуудлын ярих ёстой гэсэн байр суурьтай байсан. Энэ үеэр гишүүд, тухайлбал УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ц.Оюунбаатар нар ганц шүүгчид бус прокурор, цагдаа, тагнуул зэрэг гүйцэтгэх ажилтнуудын асуудлыг ч орхигдуулж болохгүй гэлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ажлын хэсгийн дүгнэлтийг байнгын хорооны тогтоолоор баталгаажуулах, улмаар байнгын хорооны тогтоолыг Ерөнхийлөгчид хүргүүлэн хариуцлагын асуудал ярих, одоо мөрдөж буй УИХ-ын 54 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулан шүүгч, прокурор, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалингийн асуудлыг нэг мөр шийдэх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасан бөгөөд байнгын хорооны тогтоолыг Ерөнхийлөгчид хүргүүлэн хариуцлагын асуудал ярих гэсэн саналаас бусад нь олонхийн дэмжлэг авав.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>