“Ягааны гудамж”-ийг хуулиар хүлээн зөвшөөрье

87

 

“Ягааны гудамж”-ийг хуулиар хүлээн зөвшөөрье

 

Садар самууныг сурталчиллаа гэж намайг буруутгахаас тань өмнө хэдэн тоо баримт танилцуулъя. 2018 онд хүчингийн гэмт хэрэг улсын хэмжээнд 519 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар өссөн дүн юм. Харин 2019 оны эхний найман сард хэдийн 385 хүчингийн хэрэг бүртгэгдлээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны сайтад дурдсанаар зөвхөн 2018 онд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.

Өөр нэгэн статистикаар 2018 онд улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчний 16,130 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс таван хувиар нэмэгдсэн дүн юм. Нийт өвчлөлийн 38 хувийг тэмбүү, 33 хувийг заг хүйтэн, 28 хувийг трихомониаз эзэлж байгаа аж. Ялангуяа, 2010 оноос хойш тэмбүүгийн өвчлөл нэмэгдсээр байгаа нь анхаарал татах ноцтой асуудал болтлоо хүндэрсэн. 2015 онд тэмбүү өвчний 7678 тохиолдол бүртгэгдсэн нь 10 жилийн өмнөхөөс 2.8 дахин өндөр үзүүлэлт юм.

Жигшүүрт гэмт хэрэг, элдэв муу өвчнийг онцолж бичээд таныг эвгүйцүүлсэн ч үүнийг дурдахаас аргагүй нь.

Гэхдээ өнөөгийн Монгол бэлгийн замбараагүй амьдрал, аймшигт хүчирхийлэл, халдварт өвчний үүр болсоор буйг эдгээр тоо баримт хангалттай нотолно. Хүчирхийлэл, бэлгийн замын халдварт өвчнийг бууруулах талаар яам агентлагаас авахуулаад улсын тэргүүнийхээ хэмжээнд хүртэл ярьдаг ч байдал дээрдээгүйгээр барахгүй улам гаарах шинжтэй. Тиймээс энэ чиглэлээр төр болоод төрийн бус байгууллагуудын хийж буй тэмцэлд хошуу нэмж, нэгэн санаа дэвшүүлье. Миний хэлэх гэсэн санааг гарчигнаас минь ерөнхийдөө ойлгосон байх. Арай боловсноор хэлбэл "ягааны гудамж”, шуудхан хэлбэл биеэ үнэлэлтийг албан ёсоор зөвшөөрч, хууль, журмаар зохицуулаад өгвөл яадаг юм гэсэн санаа л даа. Ингэж бичихээр садар самууныг сурталчиллаа гэж шүүмжлэх хүн хар мянгаараа бий. Гэхдээ асуудлыг арай өөр өнцгөөс хараад үзвэл яаж байна. Бидний даган дуурайж, үлгэр жишээ авдаг барууны хөгжилтэй орнууд үүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрөөд буйн учир шалтгааныг бодолцох л учиртай.

Лондоны эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургуулийн хамт олон 1990-2018 онд дэлхийн 33 улсад хийгдсэн 130 гаруй судалгааг нэгтгэн дүгнэсэн байна. Судалгаанд нийт 100 орныг хамруулснаас 65 нь биеэ үнэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн улс байв. Тус судалгааг нэгтгээд дүгнэхэд биеэ үнэлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, боож хаах тусам бэлгийн замын өвчлөл, гэмт хэрэг, хүчирхийлэл нэмэгддэг нь тогтоогджээ. Харин албан ёсоор хүлээн зөвшөөрч, хуульчилсан улс орнуудад бэлгийн замын халдварт өвчний тохиолдол 50 хувиар буурсан дүнтэй байв. "Биеэ үнэлэлт хууль бус улс оронд бэлгийн болон биеийн хүчирхийлэл гурав дахин өндөр байна. Албан ёсоор хуульчлахгүй бол эрэлтээ дагаад гэмт хэрэг, хүчирхийлэл нэмэгддэг нь судалгаагаар тогтоогдсон” хэмээн лондоны эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургуулийн хэвлэлийн төлөөлөгч Ники Адамс тайлбарлажээ.

Угаас хорьж, хаах тусам тухайн зүйл далд хэлбэрт шилжиж, гэмт хэргийг өөхшүүлдэг нь өнгөрсөн үеийн түүхээс тод харагддаг. Америкчууд 1930-аад онд согтууруулах ундааг хориглосон "хуурай хууль” гэгчийг гаргаад яалаа. Хууль хэрэгжсэн арваадхан жилийн хугацаанд архины наймаа далд хэлбэрт орж, үүнийг дагасан мафийн сүлжээ улс орныг бүхэлд нь хэрсэн байдаг. Улмаар америкчууд архи, согтууруулах ундаатай хүчээр тэмцээд амжилтад хүрэхгүйгээ ойлгож, өнөөх хуулиа цуцалсан түүхтэй.

• Биеэ үнэлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, хуульчилсан улс орнуудад бэлгийн замын халдварт өвчний тохиолдол 50 хувиар буурсан байна. 

• Хорьж, хаах тусам тухайн зүйл далд хэлбэрт шилжиж, гэмт хэргийг өөхшүүлдэг. 

• "Хэрэв Сингапур улс олон улсын бизнес, санхүүгийн төл болох гэж байгаа юм бол биеэ үнэлэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой” хэмээн Ли Куан Ю дурсамж номдоо бичжээ.

Яг л үүнтэй адил дүр зураг өнөөгийн Монголд харагдаад байгаа юм даа.

Бид биеэ үнэлэлтийг хүчээр дарж хориод үр дүнд хүрсэн бил үү. Өмнө нь улаанбаатар зочид буудлын өмнө зогсдог байсан охид, бүсгүйчүүд арга барилаа өөрчилж, цахим орчинд шилжсэнээс өөр онцын ялгаа алга. Охидын биеийг үнэлүүлэх зар сошиалаар зураг хөрөгтэйгөө дүүрэн байгааг хууль хяналтынхан мэддэг л байх. Хэдэн сарын өмнө Английн Telegraph сонинд Монголын биеэ үнэлэгчдийн тухай нийтлэл гарсан нь нэг хэсэгтээ л шуугиан дэгдээсэн. Тэнд бичсэнээр бол сүүлийн үед эмэгтэйчүүд улаанбаатарт төвлөрөхөө больж, Өмнөговьд олноороо очих болжээ. тэнд байдаг тээврийн жолооч нарт шатахуунаар биеэ үнэлдэг тухай ичиж зовмоор зүйл тус нийтлэлд бичигдсэн. НҮБ-ын тооцоолсноор Монголд 19 мянга гаруй биеэ үнэлэгч байдаг гэнэ. Эрээнд гэхэд монгол охид хэдэн зуугаараа биеэ үнэлж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж, сурвалжилсаар байгаа ч үүний араас ямар нэг арга хэмжээ авч, шийдэлд хүрсэн нь үгүй. Нэгэнт хууль хүчнийхэн хяналтаа тавьж чадахгүй, хорьж цагдаж чадахгүй байгаа юм чинь албан ёсоор хүлээн зөвшөөрөөд, хуульчилвал яасан юм бэ. Угаас дэлхий нийт хорьж цагдаж чадаагүй байхад бид мянга хориод ямар ч нэмэр алга. Тиймээс албан ёсны зөвшөөрлийг нь өгөөд дэлхийн том хотуудад байдаг шиг "ягааны гудамж”ийг байгуулчихья. Тэндээ эрүүл мэндийн хяналтаа маш сайн тавьдаг байх ёстой. Ингээд татвар хураамжаа аваад явбал болохгүй ч юм алга. Муу нуухаар сайн илчил гэдэг дээ. 

Сингапурыг өнөөгийн өндөрлөгт хүргэсэн домогт удирдагч Ли Куан Ю хүртэл өөрийн дурсамж номондоо "Хэрэв Сингапур улс олон улсын бизнес, санхүүгийн төв болох гэж байгаа юм бол биеэ үнэлэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой” хэмээн бичиж байв.

"Ягааны гудамж”-тай болох нь хүчирхийлэл, бэлгийн замын халдварт өвчнийг бууруулах төгс шийдэл биш л дээ. Гэхдээ хүч хүрэхгүй зүйлээ хорьж боохын оронд бусад улс орон шиг хүлээн зөвшөөрчихвөл зах замбараагүй байдал бага ч атугай цэгцэрнэ. Ядаж л гаднын хэвлэл дээр "Монголчууд шатахуунаар биеэ үнэлж байна” гэж бичүүлэхгүй юм даа.

Г.Баярсайхан
Засгийн газрын мэдээ
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.