У.Хүрэлсүхийг “угаартуулж” мэдэх хотын утаа айсуй

429

Сая таван зуун хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Монгол Улсын гурван сая гаруй хүн амын талаас илүү нь нийслэл Улаанбаатарт чихцэлдэн амьдарч байна. Улаанбаатар хот Туул, Сэлбийн бэлчир хөндий дэх дөрвөн уулынхаа дунд 4.7 мянган хавтгай дөрвөлжин километр газрыг эзэмшин оршдог юм. Монгол Улсын нийслэл энэ газар нутагт 241 жилийн тэртээ суурьшжээ.

Харин өнөөдөр улсын нийслэлд тулгарсан хоёр том асуудал бий. Нэг нь ус, нөгөө нь утаа. Улаанбаатарын ундны усны нөөцөд “улаан гэрэл” ассан. Энэ асуудлыг шийдэхээр Мянганы сорилтын сангаас 350 сая ам.долларын тусламж авсан. Энэ тусламжийг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед яриад, У.Хүрэлсүхийн үед авчирсан байдаг. Ингэхээр энэ хөрөнгөөс улстөрчид бага зоогловол Улаанбаатарын ундны усанд ассан улаан гэрэл унтрах юм.

Харин сүүлийн хэдэн жилд төр, засгийн эрх барьсан улс төрийн хүчин, улстөрчид  улсын нийслэлийг утаа гээчээс салгасангүй. Улсын төсвийн хийгээд гаднаас олж ирсэн 207 тэрбум төгрөгийг сүүлийн 7-8 жилийн дотор “…Утааг арилгахад”, “…Агаарын бохирдлыг бууруулахад” гэсэн нэрийн дор үржээ. “…Хотын утааг бууруулна” хэмээн амлаж албан тушаалд хүрдэг хүмүүс ч тоогоо алдсан. Гэвч хэн ч энэ хугацаанд хотын утааг бууруулж. Харин эрх мэдэлд хүрсэн этгээд хамгийн ойрын хүнээ энэ ажилтай холбож тавьдаг л жишиг тогтсон. Зөвхөн нэг л даргын үеийг шалгахад хичнээн хэмжээний хохирол илэрч, утааг бууруулах, агаарын бохирдлыг арилгах ажлыг гардан хариуцаж байсан этгээдүүд хэнбугай болчихсон байсныг бид мэдэж байгаа. Брэндийн дэлгүүрийг гэртээ “нээчихсэн” байсан шүү.

Ийм маягаар сайжруулсан зуух энэ тэр гэж хэсэг бужигнуулсан. Энэ төслийг хийсэн компанийн төлөөллүүд одоо УИХ-д нөлөө бүхий тушаалтай сууж л байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар сайжруулсан түлш гээчийг санаачлан гаргаж ирээд, одоо гал түлдэг айлуудад тарааж худалдаад явж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ оны нэгдүгээр сард Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд оролцох үеэрээ “…Засгийн газар ирэх тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж, ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулсан.

Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс шатааж байна.. Дээр нь 3000 нам даралтын зуух байна. Эдгээр зуух Улаанбаатар хотын утааны 90 хувийг “үйлдвэрлэж” байгаа.  Жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тн-ыг түлнэ. Тоон харьцуулалтаас харахад агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа” гэж мэдэгдсэн. Энэ өдрөөс хойш нийслэлчүүд, нийгэм тэр чигээрээ энэ өвөл хотын утаа 50 хувиар багасна гээд итгэчихсэн хүлээж байна. Ерөнхий сайд ч үүнээс хойш хэд хэдэн удаа “…Хотын утаа 50 хувиар багасна” гэж ярьсан.

Засгийн газар 2025 он хүртэл хэрэгжих Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийг түшиглээд “Тавантолгой түлш” гэдэг компани байгуулсан юм.

“Тавантолгой түлш” ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатаны ярьснаар сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох Ухаа худагийн угаасан нүүрсийг үнэгүй авч, Улаанбаатар руу автомашинаар тээвэрлэн авчирдаг. Авчирсан нүүрсээ хоёроос гурван төрлийн бодисоор баяжуулж, хөө тортог багатай түлш үйлдвэрлэж байгаа. Үйлдвэрлэлийн явцад нэгдүгээрт эрчим хүчний нүүрсээ барьцалдуулах зорилгоор SB маркийн органик холбогч бодисыг, хоёрдугаарт нүүрсний найрлага дахь хүхрийг хоёр дахин бууруулах зорилгоор шохойн чулуу бага хэмжээгээр хольдог. Хамгийн сүүлд БНСУ-д үйлдвэрлэгдсэн хөө тортгийг дарж, бүрэн шаталтыг дэмжигч бодисыг нэмж байна. Ингэснээр сайжруулсан түлш маань түүхий нүүрстэй харьцуулахад агаар бохирдуулах хэмжээ багасахаас гадна удаан шатах давуу талтай гэж байна.

Гэвч утааны улирал ойртох тусам үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын хэлдэг ярьдаг нь нэлээд зөрүүтэй болж байна.

Дээр дурдсан 2025 он хүртэл хэрэгжих Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт бичсэнээр Нийслэл хотын гэр хорооллын айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, сайжруулсан түлш үйлдвэрлэх үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэхэд нийтдээ 670 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Гэхдээ үүний 650 орчим нь нүүрсийг тээвэрлэх замд зарцуулагдана гэсэн. Цемент бетонон хучилттай 500 км замаа барьж ашиглалтад оруулсан гэж хөтөлбөрт тэмдэглэжээ.

Гэвч  “Тавантолгой түлш” ХХК-ийн нүүрсний тээврийн хөлд Улаанбаатар-Мандалговь чиглэлийн зам эвдрээд дууслаа гэдэг шүүмжлэл ихээхэн өрнөж байна. Нутгийнхан ч нэлээд бухимдалтай байгаа юм. 2009 онд эхлүүлсэн энэ чиглэлийн замыг гүйцээхэд Чингис бондын 49.2 тэрбум төгрөгийг нэмж гаргаад 2013 онд ашиглалтад оруулж байв. Одоо энэ замын арчлалтын асуудал салбарын яам, газрын шүдний өвчин болоод байна.

Нөгөөтэйгүүр сайжруулсан түлш үйлдвэрлэх ажлын зардал гэж энэ компаниас багагүй хөрөнгө гардаг. Тухайлбал, “Тавантолгой түлш” ХХК нь зөвхөн энэ онд “Соната 7”-тай дүйцэхүйц суудлын автомашиныг 200 сая төгрөгөөр, 7500 мкв талбайтай түүхий эдийн агуулахыг 3 969 840 000 төгрөгөөр, тээврийн ачааны машиныг 12 705 000 000 төгрөгөөр, тээврийн хяналтын машиныг 190 сая төгрөгөөр, бутлуурын системийг 1 100 000 000 төгрөгөөр, 500 мкв бүхий үйлдвэрийн барилгыг 3 818 670 000 төгрөгөөр, гадна цахилгаан хангамжийн өргөтгөлийг 2 457 500 000 төгрөгөөр, ДЦС-ын үйлдвэрт хэрэглэгдэх хүнд даацын ачааны машиныг 49 сая төгрөгөөр, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн 2,3 дугаар шугамын тоног төхөөрөмжийг 4 285 281 764 төгрөгөөр, дугуйт ачигчийг 98 сая төгрөгөөр, Толгойтын үйлдвэрт хэрэглэгдэх хүнд даацын ачааны машиныг 49 сая төгрөгөөр, сайжруулсан шахмал түлш савлах шуудай нэг тонныг 1 500 200 000 төгрөгөөр, дотоод түгээлтэд ашиглах дугуйт ачигчийг 49 сая төгрөгөөр, 4,5 дугаар шугамын хатаагчийг 1 890 209 998 төгрөгөөр, 7500 мкв бүхий түүхий эдийн агуулахыг 3 969 840 000 төгрөгөөр, агуулахын байранд ашиглагдах дугуйт ачигчийг 49 сая төгрөгөөр, суурин компьютерийг 114 030 000 төгрөгөөр, хяналтын камерыг 75 сая төгрөгөөр, 5000 мкв бүхий үйлдвэрийн барилгыг 3 818 670 000 төгрөгөөр, тээврийн ачааны машиныг 12 705 000 000 төгрөгөөр, ажилчдын автобусыг 160 сая төгрөгөөр, гадна цахилгаан хангамжийн өргөтгөлийг 2 457 500 000 төгрөгөөр бариулах зэрэг худалдан авалтыг хийжээ. Энэ бол зөвхөн 2019 оны хэдхэн сарын худалдан авалт нь юм. Ерөнхийдөө сайжруулсан түлшийг бүтээх гэж төрөөс асар их зардал гаргасан. Хүч ч их тавьж байна. Хамгийн сүүлд НЗДТГ-аас энэ ажлыг дэмжиж сайжруулсан түлшний агуулах барих 3311 мкв, 9000 мкв-аар хоёр газрыг 2019 оны есдүгээр сарын 12-нд олгосон байна.

Эдгээрийг нэмээд, бас сайжруулсан түлш хийж эхэлсэн цагаас хойшх зардлыг тооцвол овоо л дүн гарч таарна. Хамгийн гол нь энэ бүхний эцэст Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр хотын утаа 50 хувиар буурч байвал маш сайн. Харин буурахгүй бол яах вэ. Хоёр талын үр дүн гарч ирнэ. Эдийн засгийн хувьд Монгол Улс олон зуун тэрбум, их наяд төгрөгөөр хохирно. Улсын мөнгө гэхээр ард түмний татвар гэсэн үг. Өөрөөр хэлбэл, “Цэвэр агаар сан”-гийн хэрэг гэдэг “Сайжруулсан түлшний хэрэг” гээч мандаж баларна.

Улс төрийн хувьд харвал Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд эрх мэдэл хийх хөрөнгө нь байсан. Зарцуулсан. Хийсэн. Тэр хэмжээгээр “…50 хувь бууруулна” гэж ам гарсан. Хэрэв хотын утаа хэвээр үлдвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар, хувь улстөрчийнх нь карьерт цэг хатгах хэмжээний нөлөө үзүүлнэ.

Товчхондоо, улаанбаатарчуудыг утаа мэдрэхгүй өвөлжүүлж гялайлгах уу, Засгийн газар ч,  У.Хүрэлсүх ч утаанаас болоод “угаартах уу” гэдэг нь хоёрхон сарын дараа тодорхой болно.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>