У.Хүрэлсүх Та, Ц.Нямдоржоос айж байна уу!

99

У.Хүрэлсүхийн Засгийн газраас “зайлуулахаас өөр замгүй” болсон сайдуудын нэг нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болоод байна. Хамгийн сүүлд л гэхэд цагдаагийн хурандаагийн эзэмшдэг, бусдад түрээслүүлдэг байранд нь мөрийтэй тоглоомын газар дахин дахин торгуулаад л ажиллаад байхад байрны эзэн нь мэдээгүй гээд ярьж байх юм. “Чоно үүрэндээ өлзийтэй” гэгчээр яагаад ч тэнд ажиллуулсан юм бэ, мэдээгүй гэдэгт нь итгэхэд бэрх л аж.

Үүний өмнөхөн Төв аймгийн Угтаалцайдам суманд тус аймгийн цагдаагийн хоёр албан хаагч 61 гаруй настай иргэн Г-гсаатуулж авч явах үеэр иргэн Г амь насаа алдсан золгүй явдал гарав. Олон нийт харахдаа ч, уйлж шаналж буй хохирогч, эх сурвалжуудын ярианаас харахад ч “тамласан” гэж үзэж цагдаагийн албан хаагчдыг буруутгаж байна. 

Зөвхөн ойрын өдрүүдийн алдаа энэ. Мөрийтэй тоглоомын байр бэлдэж өгсөн, эсвэл мэдээгүй гэх цагдаагийн хурандааг, иргэнийг саатуулахаар авч явахдаа амь насыг хамгаалаагүй цагдаагийн албан хаагчдыг ч ажлаас халснаар асуудал шийдэгдэхгүй шүү, Сайд аа! Албаар нь, хэлтсээр нь, салбарын сайдтай нь хүртэл хариуцлага тооцдог болох шаардлагатай болжээ гэсэн “горимын санал”-тай байна. Эсвээс хариуцлага тооцох бус хашраах гэгч л болж өнгөрдөг.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Танд бас огцрох шалтгаан бий. ШШГЕГ-аас өгсөн 360 сая төгрөгийн үнэтэй, 2017 онд үйлдвэрлэсэн, 0101 УБҮ дугаартай цоо шинэ “Лексус 570” автомашины тухай баримт дэлгэгдсэн. Тодруулбал ШШГЕГ-ын захиалгаар “Лотус голд майнинг” компани 360 сая төгрөгөөр уг автомашиныг нийлүүлсэн байдаг. Тус компанийн захирал Доржчимэдийн Гарамдагва гэж бий. Тэрбээр Рэнцэндоржийн Нарангэрэлийн хамт ОХУ-ын нутаг дэвсгэрт буюу Новосибирск мужийн Толмачева тосгонд байрладаг “Батухан” ХХК /УНАГ 5433969637 OGRN 1195476014722/-ийг хамтран эзэмшдэг. Түүнийг “сонирхох” явцад Доржчимэд овогтой Гарамдагвыг шүүгдэгчээр татсан, Давж заалдах шатнны шүүхийн 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 22-5113 тоот тогтоол олдов. “Батукан” ХХК нь автомашины худалдаа эрхэлдэг, тус компанийн Батхүү гэдэг хүнийг Новосибирскийн технологийн хяналтын албанд хөрөнгө бүртгэгчээр 2019 оны хоёрдугаар сарын 22-нд бүртгэсэн байдаг. “Лотус голд майнинг” компаниас худалдаж авсан гэх энэ машин дуулиан тарьж “Хамгийн шударга улстөрч юу хийчих нь энэ вэ. АСЕМ-ын үеэр Германы Засгийн газраас өгсөн “Mersedes Benz G class” гэгчээсч хувьдаа авчихлаа гэж хэсэг шуугисан. Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би Ц.Нямдорж сайдад “Машинаа зараад улсын өмч болго” гэж анхааруулсан. Дахиж ийм үрэлгэн байдал, тансаглалыг гаргахгүй” гэж танхимынхаа сайд нартай хамт сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдэж байлаа. 

Гэтэл саяхан “Улаан бал” нэвтрүүлэгт оролцсон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулаар ажиллаж байгаад халагдсан Д.Мөнх-Эрдэнэ Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаярын албан үүрэг гүйцэтгэхдээ гаргаж байсан авир араншингийн талаар, ялангуяа автомашины бизнесийн талаар, бэрийнх нь албан тушаалд хүрсэн тухай юу ярив. Олон нийт мэддэг асуудлыг тэр хүн ярилаа.Энэ талаар эрхэм сайд тайлбар хийх нь зөв байх. 

Түүний хүү Н.Анхбаяр уг нэвтрүүлгийн дараа фэйсбүүк хуудсандаа тайлбар хийсэн ч “жижиг гар”, “алингаа алдсан”, “та нарын хүүхдүүдэд ч тохиолдоно, амьдрал хоржин ш дээ” гэх зэрэг үг хэллэг хэрэглэснийг харахад төрийн толгойд олон жил суусан ааваасаа суралцаагүй, эсвэл нэлээд өөр хүн бололтой. Ямартай ч ам бардам хамгаалах мэргэшсэн дипломатч гэж дотроо өмөөрч явсан урам хугарав. Яасан ч албан бус яриа хэллэгтэй, омог шараа барьж тэвчдэггүй, өсөрхүү бардам хүү вэ. 

Монголын төр Ц.Нямдоржоос, Ц.Нямдоржийн гэр бүлээс эрх мэдэл, албан тушаал харамлаагүй. Ийм үгийн утгыг Ц.Нямдорж сайд сайн мэднэ. Учир нь тэрбээр энэ оны наймдугаар сарын 29-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэх үеэр “Содбилэг ээ, танай гэр бүлд Монголын төр, МАН хангалттай тусалсан” гэж хэлнэ билээ. Чуулгандаа суухыг шаардахад заавал тэгж хэлэх ёстой гэж үү. Харин одоо энэ үгийг нь Ц.Нямдорж сайдад өөрт нь эргүүлж шидье. “Ц.Нямдорж сайд аа. Танаас ичиж байна. Монголын төр, МАН танай гэр бүлд, цаашилбал багшийн тань хүүхдэд хүртэл тусалж байна. Гэсэн ч таны хариуцсан салбарт алдаа гарахад та ичиж огцорч мэддэггүй юм байна. Хариуцлага хүлээхгүй юм байна. Таны төрсөн дүү 127 м.кв байрыг 45 саяар авдаг, та орлогоосоо давсан үнээр байр түрээсэлдэг, 17 үл хөдлөх хөрөнгийн үндэслэлийг тогтоох гэхэд гарааш, амбаар гэжшалтаглаад, Эрдэнэт үйлдвэрт таны хэлснээр нэг удаагийнх нь 300 сая төгрөг хүрэхгүй үнэтэй хоёр удаа шахаа хийсэн компанидаа АТГ-т ХОМ-т бүртгүүлэхгүй байхад хаанаас, яаж шударга ёс бий болох юм бэ? 

Таны “хуурай дүү” буюу багшийн тань хүү ”ДЦС-IV” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан С.Анхбаяр нь 2004-2006 онд өөрийн хүү Н.Анхбаяр, хуурай дүү С.Анхбаяр нараараа дамжуулаад 42 сая ам.долларын шахааг хийсэн гэх мэдээллийг хариуцлагатай албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн ч төдөлгүй АТГ үгүйсгэж эхэлсэн. Дараа нь С.Анхбаярын хувийн компани “Хан хув”-ын тухайд  Үндэсний аудитын газрын тайланд “Улаанбаатар хотын “Өмнөд” дэд станцад гарсан ослын мөрөөр уг дэд станцыг шинэчлэх ажлын нэг багцыг гүйцэтгэхээр шууд гэрээ байгуулсан нь илэрсэн. Үүнд “Хан хув” ХХК 2008 оны тавдугаар сарын 26-наас долдугаар сарын 8-ны хооронд ажлыг гүйцэтгэх гэрээтэй байсан боловч тухайн төсөл, арга хэмжээний хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй, захиалагч урьдчилгаа төлбөрийг олгоогүй, нийлүүлэгч санхүүгийн чадваргүй зэргээс шалтгаалан хугацаанд нь хийгээгүй байна” хэмээн дурдсан байдаг. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хяналтын хэлтсийн 2014 оны арваннэгдүгээр сарын тайланд “Хан хув” ХХК нь ОХУ-аас 67 тонн аммонийн нитрат оруулж ирсэн тухай мэдээлсэн нь бий. Түүнчлэн зочид буудал болон бусад өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Тодорхой болгож зарлалгүй төөрөгдүүлсээр Ц.Нямдоржийн хуурай дүү гэгдэх С.Анхбаярт хэргийг шүүх хурал 2018 оны есдүгээр сарын 25-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах ял оноосон. Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 жил хорих, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах ял оноосон байна. С.Анхбаяр нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллаж байсан бөгөөд авлигын хэргээр саатуулагдаад байсан юм.

Харин Улсын Дээд шүүхээс С.Анхбаярт нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 27 сая төгрөгөөр торгох ял оноосныг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд хэвлэлүүд мэдээлэв. Хоёр жилийн ял ингээд “хийсчихэв”. Хэтэрхий том өмгөөлөл, ивээл биш гэж үү! Эрдэнэт үйлдвэрт хийсэн “Анлимитид” компанид холбогдох хэргийг шалгах ажиллагаа үргэлжилсээр байна. Хэзээ дуусах вэ? Энэ компани улайм цайм төрсөн хоёр хүүгийн тань нэр байна. Та болон Элчин сайд хүү тань албан тушаал хашиж байгаа бол яагаад албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв бөглөчихөж болдоггүй юм бэ? Энэ хуулийг Ц.Нямдорж Та батлалцсан. “Би болон миний хүүхдүүд мөрдөхгүй байж болно” гэсэн заалт оруулчихгүй яасан юм бэ? 

Ийм хуримтлагдсан “хур алдаа, дутагдал” байна аа. Та Монголын Төрөөс явчих л даа, гуйж байна. Ингэхдээ “С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлачихаад явна” гэж амласнаа биелүүлчихээд яваарай! 

Эрхэм Ерөнхий сайд У.Хүрэлсүх Та ХЗДХ-ийн сайдаасаа, эсвэл хувь хүнийх нь хувьд Цэндийн Нямдоржоос айх шалтгаантай л биш бол хариуцлага тооцох шалтгаан нь хангалттай байна шүү дээ! Хариуцлага тооцож чадах уу, хариулна уу! 

У.Оргилмаа

Эх сурвалж: baabar.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.