Өнөөдөр манай нийгмийн нэгэн эмзэг сэдэв бол "гэр бүл салалт" ...

62

Өнөөдөр манай нийгмийн нэгэн эмзэг сэдэв бол "гэр бүл салалт" ...

 

Ажил тарах цагаар "Сансрын клонк"-оос Ч10 автобусанд сууж (зогсож) явтал Тунелийн буудлаас хорин тав зургаан насны залуу суув. Залуугийн утас ойр ойрхон дуудна. Эхэндээ "тарсан", "автобусанд суусан", "очиж байна", "очоод ярья" гэх ч эхнэр нь болтой бүсгүй дахин дахин залгаж, элдвийг шалгаах нь мөнөөх залууд бүү хэл, автобусныханд дарамттай.
-Өнөөдөр юу хийсэн? ямар хоол идсэн? хэнтэй ярьсан? захирал чинь юу гэнэ?.., Залуу эхэндээ нэг үгээр хариулж байснаа цаанаас нь нарийн шалгаах тул дургүй ч, дуулгавартай ярьсаар. Ойр зогссон охид, хүүхнүүд энд тэндээс жуумалзаастай. Ярианаас нь мөнөөх залуугийн ажилладаг ОСК-ыг, сангийн инженерийн сарын цалинг, талоноор олгодог өдрийн хоолны орцыг, захирал нь шинэ тэрэг авч байгааг, цаашлаад залуугийн ах дүүсийн тухай "манай автобусныхан" сүрхий мэдээлэлтэй болов. Сүүлдээ эхнэр нь "гурил зуурахгүй, хурдан ирээд хоолоо хий". гэсээр нөхөр нь "чи будаа агшаачих, эсвэл би очоод хийе" гэсээр миний буух буудал болов..,
Өнөөдөр манай нийгмийн нэгэн эмзэг сэдэв бол "гэр бүл салалт". Үүний шалтгаанд "үл хүндлэл", "үл итгэлцэл", "хувь хүний орон зай" гэдэг нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй зүйлс дээгүүрт эрэмбэлэгддэг. Хүн бүхэнд хувийн орон зай хэрэгтэй. Нийгмийн сүлжээнд ч, нийтийн автобусанд ч тэр. Тэртээ тэргүй гэртээ харьж байгаа нөхрөө нийтийн унаанд явахад нь элдвийг асууж, дэмий ярих ямар ч тусгүй, нэр хүндгүй. Хичнээн сайн нөхөр ч эхний үедээ хариулна, сүүлдээ залхана, улмаар дутаана..,
Орон нутгийн ажил багатай залуу морио унаж гэрийнхээ урд талын дов дээр гараад гэр өөдөө дурандаад суучихдаг шиг, их хотын ажлаасаа тараад харьж буй нөхрөө нийтийн унаанд алхам тутмыг ам хэлийг нь сугалам яриулна гэдэг нэг төрлийн "синдром" шүү. Залуу гэр бүлд харилцан хүндлэл, итгэлцэл, хувийн орон зай гэдэг зүйл маш чухал зүйл. Эцгийн гэрээс гал тасалж, голомтоо тулна гэдэг хоёр өөр удам угсааны, хоёр өөр соёл, хоёр өөр хүмүүжил нийлж байна гэсэн үг. Хэнд ч дасах, уусах цаг хугацаа гэж бий. Ерөөс хэн ч ажил дээрээ албан ёсны, өрх гэртээ амь хувийн, цаашлаад хамт олонтойгоо, найз нөхөдтэйгээ, дарга цэрэгтэйгээ, хамтрагч харилцагчтайгаа гээд тус тусын үүрэг, хариуцлага, дүр төрхтэй нийгмийн харилцаанд ордог. Эхнэр нь тэр бүрийг хянаад, тандаад, шалгаагаад, ажил төрлийнх нь алхам бүрт оролцох гээд байвал айлын нөхөр бүү хэл автобусанд сонсох олон ч дутаана шүү дээ гэж. Уудам энэ орчлонд довоо л тойролгүйгээр жаахан холыг харж, ухаантайхан амьдарцгаах хэрэгтэй. Ерөөлтэй болтугай!
FACEBOOK
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.