Сурвалжилга: Гялгар уутыг хэрэглээнээс гаргах тогтоол мартагджээ

625

 

Сурвалжилга: Гялгар уутыг хэрэглээнээс гаргах тогтоол мартагджээ

 

Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээний сав баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон тогтоол хэрэгжиж эхэлсэн. 

Гэхдээ эхний ээлжид бүгдийг нь бус  хоёрхон төрлийн гялгар уутыг хэрэглээнээс гаргахаар болсон юм. Уг нь 0.035 миллиметрээс нимгэн гялгар уутыг хэрэглэх, худалдаалах, импортлохыг хориглосон шийдвэр гаргасан ч орлуулах бүтээгдэхүүн байхгүй гэх шалтгаанаар худалдаа эрхлэгчид эсэргүүцсэн.  Тиймээс эхний ээлжид 10-ын бариултай цагаан уут болон цэнхэр, улаан судалтай уутнуудыг хэрэглэж болохгүй гэсэн аргачлалыг БОАЖЯ-наас гаргасан.

Тиймээс бид тогтоолын хэрэгжилт хэр байгаа талаар хэрэгжилт ямар байгааг сурвалжиллаа. 

Бид найман нэрийн болон зургаан нэрийн жижиг дэлгүүрүүдээр орсон юм. Зарим дэлгүүрийн худалдагч хориглосон гэх гялгар уутнуудыг нүдэнд ил харагдах газар өлгөчихсөн,  хээв нэг ууталж өгч байгаа харагдсан.  Харин зарим дэлгүүр нь хориглосон гэгдэх гялгар уутнууд ил харагдахгүй байсан ч нууж хэрэглэдэг бололтой хальсан уут буюу 10-ын тортой төмс, ногоо барьсан хүмүүс гарч харагдав.

Нэгэн дэлгүүрийн худалдагч Э.Бүжинлхамаас нийлэг уутны хэрэглээг хориглосон байхад яагаад хэрэглээд байгааг асуутал "Бүх л газар хэрэглэж байгаа шүү дээ. Үүнээс өөр ногоо хийгээд өгчихмөөр боломжийн үнэтэй, бариултай уут олдохгүй байна. Шийдвэр гарсны дараахан бид уут хэрэглэж болохгүй, өөрсдөө уутаа авч ир гэж гэж үйлчлүүлэгчиддээ хэлж үзсэн. Гэтэл "Бид  тэгээд алган дээрээ тавиад гарах  уу.  Нэг бондгор мах авахын тулд 100 төгрөгийн уут худалдаж авах юм уу" гэж уурладаг байсан. Бас нэг кг төмс,  лууван авчихаад,  нийлүүлээд хийх уут нэхдэг. Тэр тохиолдолд одоо хориглочихоод байгаа цэнхэр, улаан канттай уутанд хийж өгөхөөс өөр арга байдаггүй. Бусад уут нь үнэтэй байдаг юм” гэв.

Мөн зарим нь хориглосон уутнаас зайлсхийн бидний хэлж заншсанаар тасалдаг уут хэрэглэж  байсан ч худалдан авагчид бариулгүй учраас "авч явахад төвөгтэй" гээд дурамчхан байдаг гэсэн юм.

Энэ талаар БОАЖЯ-наас тодруулахад, "Манай яамнаас 10-ын бариултай цагаан уут болон цэнхэр, улаан судалтай уутнуудыг хэрэглэж болохгүй гэсэн аргачлалыг гаргаад, өнгөрсөн гуравдугаар сараас албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ тогтоолын хэрэгжилтэд нь манайх хяналт тавьдаггүй. Чиг үүргийнхээ хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж ажиллаж байгаа" гэсэн юм.

Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулахад, "Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох" шийдвэрийн хэрэгжилтэд хүнсний эрүүл ахуйн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаар хяналт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар бид зөрчил илэрсэн тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7-д зааснаар "Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх" гэсэн заалтын дагуу "нийлэг" уут борлуулж буй иргэд, аж ахуйн нэгжийн уутыг зөвхөн хураах арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнээс өөрөөр иргэдийг торгох, үйл ажиллагааг нь зогсоох зэрэг ямар нэгэн хуулийн зохицуулалт хараахан гараагүй байгаа бөгөөд тус зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд нэмж оруулах хүсэлтийг бид гаргаад байна. Одоогийн байдлаар бид иргэдэд нийлэг уутыг хэрэглэхгүй байх "хэвшил" суулгахаар ажиллаж байна" гэв.

Харин иргэдийн хувьд "Өөрчлөгдсөн зүйл байгаа юм уу. Яг л хэвээрээ байна" гэх хариултыг өгч байсан юм.

Баянзүрх дүүргийн иргэн Б.Өнөрцэцэг "Анх шийдвэр гарахад нь би нийтийн жишгээ дагаад гялгар уут хэрэглэхгүй байхыг хичээж
 байсан. Гэхдээ үнэтэй авсан даавуун уутандаа шороотой төмс ногоо, мах зэрэг зүйлсийг хийхэд хүндрэлтэй юм билээ. Одоо бол тиймэрхүү асуудал гарахгүй байгаа. Уут хориглосон гээд өгөхгүй байсан дэлгүүрүүд уутаа өгөөд эхэлсэн. Тэр нь ч амар юм билээ. Үгүй бол манай дэлгүүрийн худалдагчид хоёрхон төрлийн уут хориглосон байхад бүх уутыг хориглочихсон юм шиг "Уут байхгүй хоригдлосон" гээд гэдийгээд суучихдаг байсан.

Баянзүрх дүүргийн Иргэн н.Атарцэцэг, "Гялгар уут хориглосон гэх сураг сонсогдож л байсан. Гэхдээ өөрчлөгдсөн зүйл бол алга л байна. 

Албан ёсны тогтоол хэрэгжиж эхлээд өдгөө долоо, найман сар өнгөрчихөөд байхад өөрчлөгдсөн зүйл нэг ч алга. Анхандаа дэлгүүрүүд гялгар уут хориглосон гээд тор өгөхгүй байна гэх утга бүхий пост, авсан зүйлсээ бөөгнүүлээд тэвэрчихсэн зурагууд цахим орчинд хөвөрч байсан ч өнөөдөр мартагджээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>