Автобус хүрэлцэхгүйгээс хүний амь эрсдэх нь
Шөнө нь түлшинд угаартан амиа алдаж өдөр нь ажил алба, хичээл сургуульдаа очих гэж автобусны буудал дээр олон цагаар бээрч зогсох, автобусанд бусдаас түрүүлж суух гээд гүйлдэх нь ёстой нөгөө "гамшигт хот” гэдэгтэй агаар нэг болж нийслэлчүүд хөөрхийлөлтэй амьдарч байна. Хичээл эхэлсэнтэй зэрэгцэн нийслэлд нийтийн тээврийн хүрэлцээ муудаж автобусны буудал дээр 30-40 минут хүлээх, автобусны араас гүйлдэх, чихэлдэх нь 10 жилийн өмнөх дүр зураг давтагдаж ялангуяа, өглөө оройд илүү хүндрэлтэй байна хэмээн иргэд өдөр бүр цахим орчинд бухимдлаа илэрхийлсээр сар орчим болов.
Манай улсад нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобусын ашиглалтын хугацаа 12 жил гэдэг бол бусад улсад дээд тал нь найман жил байдаг. Тиймээс 10 жил болгож хугацааг наашлуулахаар Зам, тээврийн яамтай ярилцаж байгааг мэргэжилтнүүд нь хэлж байв. Нөгөөтэйгүүр төрийн болон хувийн автобус баазын 21 аж ахуйн нэгж бий. Эдгээр аж ахуйн нэгж бүгд нөхөн хангалтаа хийх учиртай. Тиймээс ирэх оны эхээр 200 автобусаар сэлгэлт хийх бүрэн боломжтой гэлээ.