Б.Бат-Эрдэнэ: Хөрөнгө, орлого нь огцом өссөн гэх уих-ын гурван гишүүн тайлбар ирүүлээгүй байна

72

Б.Бат-Эрдэнэ: Хөрөнгө, орлого нь огцом өссөн гэх уих-ын гурван гишүүн тайлбар ирүүлээгүй байна

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.


-Ёс зүйн дэд хороо хуралдаанаар нэр бүхий таван гишүүний асуудлын талаар хэлэлцэх байсан. Эдгээр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв үү?

-Ёс зүйн хороогоор хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр байсан. УИХ-ын гишүүн, шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын гишүүдийн карт сугалж, хуралдааны дэг зөрчсөнтэй холбоотой асуудлаар УИХ-ын дарга тухайн өдрийн хуралдаан дээр УИХ-ын ёс зүйн дэд хороонд шаардлага тавьсан. Нөгөөх нь Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатараас Хууль зүйн байнгын хорооны хурлыг тодорхой хугацаагаар саатуулсан гэх үүднээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн асуудлыг хэлэлцэхээр байсан. Хоёрдугаарт "Бид уучлахгүй хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас есдүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын хөрөнгө орлого огцом нэмэгдсэн гэсэн үндэслэлээр шаардлага ирүүлсэн.

Ёс зүйн дэд хорооны дүрэмд заасны дагуу хүсэлт, өргөдөл, гомдлыг ёс зүйн дэд хорооны нэг гишүүнд хуваарилдаг үүний дагуу УИХ-ын гишүүн Г.Тэмүүжинд хуваарилсан. Эхний асуудлыг ёс зүйн дэд хороогоор хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Д.Эрдэнэбат гишүүн УИХ-ын даргын аман шийдвэрээр УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг авч хэлэлцэж болохгүй. Өөрсдийг нь байлгаж, тал талын байр суурь үндэслэлүүдийг нь гаргаж байж асуудалд хандах ёстой гэсэн. Парламентын ажил зарчмаар явагддаг. Хоёр гишүүн байхгүй учраас санал хурааж энэ асуудлыг хэлэлцэх асуудлаас хойшлуулсан. Хоёрдугаарт, УИХ-ын гурван гишүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцье гэж шийдсэн. Гурван гишүүнээс хоёр нь гадаадад томилолттой учраас хүрэлцэн ирээгүй. Ёс зүйн дэд хорооноос яригдаж байгаа гурван гишүүнд тайлбар ирүүлэх бичиг явуулсан. Гурван гишүүний тайлбар хараахан ирээгүй байна. УИХ-ын гишүүний ёс зүйн байдлыг ёс зүйн хороо авч хэлэлцэхдээ дүрмэндээ заасан тухайн гишүүдийг өөрсдийг нь байлгах тайлбар өгөх, тайлбар гаргуулж авах эрхтэй гэж заасан. Ёс зүйн дэд хороо мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрх байхгүй.

-М.Оюунчимэг гишүүн өөрийн хүсэлтээр АТГ-т шалгуулахаар хүсэлтээ өгсөн. Нөгөө хоёр гишүүн нь мөн шалгуулах хүсэлтээ өгсөн үү?

-Одоогоор өгөөгүй байх. Тайлбар нь бүрэн хэмжээнд ирээгүй байна. М.Оюунчимэг гишүүн өөрийн хүсэлтээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан байна лээ.

-2020 оны төсөвт хэнтий аймагт хамгийн их төсөв тусгагдсан байна гэх зүйл яригдаж байна. Энэ тухайд?

-Хэнтий аймаг бол түүхийн асар их өв соёлыг хадгалсан газар. Их эзэнт Чингис хааны мэндэлсэн газар.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Хэнтий нутгийг уул, уурхай янз бүрийн үйл ажиллагаанаас ангид байлгах, байгалийн үзэсгэлэнт байдлыг нь хэвээр хадгалах, түүхийн өв соёлоо хадгалж, хамгаалж үлдэхийн төлөө тууштай тэмцлээ, ажиллалаа. Үүний үр дүнд харьцангуй бусад аймгуудтай харьцуулахад Хэнтий аймгийг хамгаалж, хадгалаад ирсэн. 2016 онд байгуулагдсан Засгийн газрын бүрэлдэхүүнд би байсан. Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ хамтраад Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгоё гэх асуудлыг тавьсан. Тухайн үеийн Засгийн газрын байгаль орчны сайд, Зам, тээвэр хөгжлийн сайд болоод холбогдох хүмүүс Хэнтийд очсон. Засгийн газрын гишүүд Хэнтийд очоод хэнтийн ард түмэнд Монголын төр, ард түмэн талархлаа илэрхийлэх ёстой юм байна. Өнөөдрийг хүртэл зах зээл, уул уурхайн элдвийн халдлага дайрлагаас хамгаалаад түүхийн үнэт өв соёл, байгалийн өвөрмөц үзэсгэлэнт газраа өдийг хүртэл хадгалж ирсэнд Монголын төр, ард түмэн баярлаж талархаад зогсохгүй, төрийн бодлого чиглэх ёстой гэж дүгнэсэн. Ингээд Засгийн газраас Улаанбаатар хотын дараа аялал жуулчлалын хоёр дахь бүс Хэнтий аймаг юм байна гэж зарласан. Энэ ажил У.Хүрэлсүхийн Засгийн газарт ч хэрэгжээд явж байна. Хэнтий аймгийн гол ажил бол миний санахад хоёр том замын бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа. Бор-Өндөр аж үйлдвэрийн парк байгуулах хэмжээний дэд бүтэц, усан хангамж, цахилгаан, төмөр зам гэхчлэн иж бүрэн хот байгуулагдсан. Боловсон хүчний уул уурхайн хүнд үйлдвэрийн монголын гол нөөц тэнд байгаа. Бор-Өндөрийг Дорноговь аймгийн Даланжаргалантай 45 км-ээр холбох замын бүтээн байгуулалтын ажил явж байгаа. Энэ намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ороод АН эрх барьж байхдаа хоёр удаа нээлт хийгээд тэр замыг тавья гээд чадаагүй. Тэнд 40 гаруй тэрбум төгрөг тавигдсан. Нөгөөх нь хуучин Өндөр-Хаан гэж нэрлэж байсан Чингис хотоос Дадал чиглэлийн хатуу хучилттай зам барих бүтээн байгуулалтын ажил төрийн бодлого шийдвэрт орсон. 2011 онд шинэ бүтээн байгуулалт гэх УИХ-ын тогтоол шийдвэрээс тэр хүрээнд хийгдэнэ гэсэн хөтөлбөр байсан. Энэ маань түүхэн аялал жуулчлалын бүс болсонтой холбоотойгоор энэ том замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Тэр хоёр замын бүтээн байгуулалт нэлээд өртөгтэй харагдаж байгаа байх. Хүмүүсийн шүүмжлээд байгаа шиг Хэнтий аймагт хэт их төсөв өсөлттэй байгааг мэдэхгүй байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг Их хурал дээр ажлын хэсэг гараад ажиллана.

-Орлого тогтворгүй байхад төсвөө нэмээд байгаа нь хэр зөв юм бэ?

-Сүүлийн жилүүдэд орлогоо тооцож чаддаггүй. Тэр дундаа орлого нь цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүн өртөг шингээж чадаагүй бүтээгдэхүүнээс хамааралтай байна. Эдийн засгаа олон өнгөтэй болгох, олон тулгууртай болгох бодлогын хүрээнд олон ажил хийх ёстой. Бодит байдал дээр ажлын байр олноор бий болгодог, амьдрал ахуйг нь авч явж байгаа нь мал аж ахуйн салбартай холбоотой. 2012-2016 онд улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн байхад малчдын орлого дээр тулгуурлаж бүх барилга байгууламж аймаг орон нутагруу чиглэсэн байлаа. Иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, бодит бүтээмж бий болгох баялаг бүтээх энэ асуудал чухал.

-Энэ жилийн төсвийг хувь гишүүнийхээ хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-2016 оноос хойш тодорхой эдийн засгаа сэргээх, өмнө нь гарсан алдааг засах чиглэлээр цогц бодлого явуулсны үр дүнд эдийн засагт нэлээд өөрчлөлт нааштай гарч байна. 2018 оноос эхлээд төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн. 2017 онд улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн учраас төсөвт юу ч суухгүй, эндээс юу ч хараад хэрэггүй шүү хэлж байсан. 2018, 2019 онд тойрогт хөрөнгө оруулалтын ажлууд хийгдээд 2020 оны тухай асуудал яригдаж байна. Төсөв бололцоотой байна.

 

Өдрийн сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.