Осол: Зургаан хүний биеийн байдал маш хүнд байна

112

Осол: Зургаан хүний биеийн байдал маш хүнд байна

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны "Ар гүнт”-ийн даваанд хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт зорчигч тээврийн автобус онхолдож олон хүн гэмтэж, нас барсан тухай дуудлага 2019.10.19-ний өдрийн 11:21 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 3 автомашинтай 25.5 км зам туулан 11:54 цагт очиход Дотоод хэргийн их сургуулиас Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн "Замтын-Эх” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг "Наранбулаг” амралтын газрын чиглэлд зорчиж явсан 39 зорчигчтой /3 хүүхэд, 36 том хүн/ 07-80 УНҮ улсын дугаартай "Аеро товн” загварын автобус онхолдож 29 том хүн, 3 хүүхэд гэмтсэн байжээ. 

 

Гэмтсэн иргэдээс биеийн байдал маш хүнд 13 хүнийг нийслэлийн Аврах ангийн 1 автомашин, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 3 автомашин, нийт 4 автомашинаар, биеин байдал хөнгөн 19 хүнийг "Айсо” загварын дунд оврын автобусаар 12:33 цагаас 13:30 цагийн хооронд ГССҮТ-д хүргэж өгчээ. Гэвч Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны харьяат  иргэн Т /36 настай, эрэгтэй/ эмнэлэгт очих замд 13:00 цагт нас барсан байна.

 

Биеийн байдал хөнгөн 11 хүнийг Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд биеийн байдал хэвийн байсан 1 хүнийг зөвлөгөө өгч гэрт нь буцаажээ. Одоогоор ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал маш хүнд 3 том хүн, 3 хүүхэд, биеийн байдал нь дунд 13 хүн энгийн тасагт хэвтүүлэн эмчилж байна.

 

Ослын улмаас автомашины төмөр эд ангид хавчуулагдан Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат  иргэн Б /59 настай, эрэгтэй/,  Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны харьяат иргэн З /54 настай, эрэгтэй/, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн А /42 настай, эрэгтэй/,  Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн Ц /40 настай, эрэгтэй/,  Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн У /39 настай, эрэгтэй/,  Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны харьяат иргэн Г /38 настай, эрэгтэй/ нар нас баржээ.

 

Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд жолооч "автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэх мэдүүлгийг өгсөн байна. Энэ хэрэг ослын шалтгааныг тогтоохоор Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.