Угаарын хийд хордсон иргэдийнхээ эмчилгээг төр даая

408

-Утааг бууруулах чиглэлд хийсэн шийдвэртэй алхмаас ухрах нь буруу-

Шинэ зүйл туршиж үзэх алдаа оноотой. Арвин туршлага байхгүйгээс алдаа гарах ч богино хугацаанд арилгаж урагшлах шаардлага бидэнд үүслээ. Шахмал түлшинд олон хүн угаартаж, зарим нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан нь аль аль талдаа хариуцлагагүй, бэлтгэлгүй байсны гай.

Өвөл болоход ямар эрсдэл биднийг хүлээж байгааг мэдэхгүй учраас шахмал түлш хэрэглэх талаарх зөвлөмжийг бүх сувгаар сайн түгээмээр байна. Дахиад хүний амь эрсдэхгүй гэх баталгаа алга.

Угаарын хийд хордсон иргэдийнхээ эмчилгээний зардлыг олон таван үггүй даах сэтгэлтэй, зүтгэлтэй баймаар байна, манай төр. “Чи үхэхээр би үх” гэж байгаа юм шиг асуудлыг газар дээр нь очиж үзэхээс бусдаар иргэдтэйгээ ойр байж чадаж байна уу гэх асуулт гарч ирж байна. ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр “Томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан бид онцгой анхаарч ажиллаж байна.

Нэг бэрхшээл тулгарч байгаа нь урсгал зардлын тооцоолол. Нэг иргэний хордлогод орсон эрхтэн тогтолцооны байдлаас шалтгаалж эм, тарианы хэрэглээ харилцан адилгүй нэмэгдэж байгаа. Гэхдээ бид холбогдох шаардлагыг хүлээн авч ажиллаж байна” гэх.

Бүхэл бүтэн нэг улс шүү дээ, утааны асуудал жил бүрийн өвөл гамшгийн хэмжээнд хүрдэг. Үүнээсээ салъя гэж арга технологи нэвтрүүлж байгаа нь сайн ч хордсон, угаартсан иргэдийнхээ эмчилгээг, амиа алдсан хүмүүсийн оршуулгын зардлыг даадаг, анхаарал хандуулдаг сэтгэлтэй байхсан.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангийн мэдээлж буйгаар “2019 оны аравдугаар сарын 04-ний өдрөөс хойш шахмал түлшинд хордсон асуудлаар нийт 206 дуудлага ирж 549 хүн угаарын хийд хордож тэдгээрээс найман иргэн амиа алдсан. 199 тохиолдолд хэрэг бүртгэл нээн явуулж байна. Маш олон төрлийн туршилт хийсэн. Гэр хорооллын иргэдийн бараг 99 хувьд буюу 174 мянган айл өрхийг сайжруулсан зууханд шилжүүлсэн байсан.

Харамсалтай нь, айл өрхийн 65 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй зуухтай байна. Түлшний уутан дээр ханан пийшин болохгүй гэж бичихээс илүүтэй үндэсний хорооноос айл бүрээр орж мэдээлэл өгсөн.

Борлуулалтын бүх цэгт мэдээллийн самбар байршуулаад байна. Айл өрхүүдийг зуухаа шийдэх хүртэл нь угаарын хийн мэдрэгчээр хангах шийдвэрийг Засгийн газраас гарган ажиллаж байгаа. Арваннэгдүгээр сарын 1-ний дотор шийднэ. Эхний ээлжинд зургаан дүүргийн галлагаагаа шийдсэн айл өрхүүдэд угаар мэдрэгч нийлүүлнэ” гэсэн байв.

Үе шаттай арга хэмжээ авч байгаа нь сайн ч шахмал түлшээ түлэхээс өөр аргагүй нөхцөлд урьдчилан сэргийлэх, зөв галлах талаар далайцтай ажил өрнүүлэх шаардлага байсаар байна шүү дээ. Хордсон иргэд, нас барсан хүний ар гэрт нөхөн олговор олгож байна уу гээд анхаарал хандуулах асуудал холбогдох албаныханд бишгүй байна. Ажил хэрэг болгож байгаа нь хэд бол.

Уг нь шахмал түлш түүхий нүүрс түлэхээс хамаагүй бага утаа ялгаруулж байгаа нь агаарын чанарын мэдээнээс харагдаж байх. Энэ талаар физикч Л.Бямбажаргал “Саяын хэд хоногийн цочир хүйтрэлээр гэр хорооллын маш олон айл шахмал түлшийг хэрэглэсэн байх. Нийслэлийн гэр хороололд 200-гаад мянган айл байдаг гэхэд 50-60 мянга орчим нь сайжруулсан түлш түлсэн.

Хортой байсан бол тэдгээр айл өрхөөс хордлого шууд илэрнэ. Гэтэл нэг удаагийн золгүй явдлаас болж утааг бууруулах чиглэлд хийсэн шийдвэртэй алхмаас ухрах нь буруу болов уу” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Хүн бүрт хардах эрх бий. Үүнийг далимдуулж улс төр хийж байгаа нам,эвслүүд ч байна. Утаанаасаа салбал нийтээрээ, улсаараа хожно. Үүнийг харалгүйгээр өнөө маргаашийн улс төр, ашиг хонжоогоо харж, эргээд түүхий нүүрсээ түлье гэх улс төрийн хүчин ч байх. Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг эхлүүлсэн улс төрийн хүчин, эрх баригчдыг муучлах ажил цахим орчинд ид өрнөж байна.

Нөгөө талаас энэ өвөл шахмал түлшнийх нь чанар танигдаад нийслэлийг дулаанаар хангаж чадахгүйгээ мэдэнгүүт татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийгээд ард түмний шахалтаар зогслоо. Эхлүүлсэн ажлынхаа замын голоос буцах гэж байна гэх хардлага ч гарах болжээ.

Энэ талаар физикч Л.Бямбажаргал “Засгийн газар эхлүүлсэн ажлаа эцсийг нь хүртэл хийгээсэй, үр дүнг нь үзээсэй гэж бодож байгаа. Түүнээс биш Ерөнхий сайд У.Хүрэлсүх шахмал түлшинд хортой бодис хийж ард түмнээ хорлох гээд байгаа юм юу л бол. “Яндангаа хаагаагүйгээс бид хордож үхэж байгаа юм биш үү” гэж нэг хүн нийгмийн сүлжээнд бичсэн байсан.

Яндангаар утаа нь гараад явбал агаарт хүчилтөрөгчтэй нийлээд нүүрсхүчлийн хий болоод замхраад явчихдаг зүйл шүү дээ, юун хүн хордох вэ. Замаар явж байгаа энэ олон автомашиныг хучлагаар бүтээгээд дотор нь ороод суучихвал хордоод үхнэ. Түүнтэй л адил. Тэгэхээр угаар гэж нэгэнт оношлогдсон бол тэр нь хүний буруутай үйлдэл, технологийн юм уу горимын л алдаа байгаа” гэсэн юм.

Хотын даргын “Шахмал түлшний талаар буруу ташаа мэдээлэл тараавал хариуцлага тооцно” гэсэн утгагүй мэдэгдлээс болоод хувь хүний эрх чөлөөг хөндөж, төрийн нэр барьж иргэдээ айлгаж болохгүй. Үүнийхээ оронд зөв сурталчилгаа хиймээр байна.

Хотын дарга айлд очсон, гал түлээд сууж байгаа харагдсан. Хэдэн айлд очиж гал түлэв. Нэг айлд баахан телевизийнхэнтэй очоод гал түлснээрээ нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан гэсэн үг үү. Хүйтрэхээс өмнө энэ бүх асуудлаа цэгцэлж, хүний амь нас ахин эрсдэхээс сэргийлэх нь төрийн үүрэг болсныг цаг агаар хасах хэм рүү орсон энэ өдрүүдэд ахин сануулмаар байна.

ЭХ СУРВАЛЖ: С.БАТЗАЯА, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>