Уурхайн хөлд нэрвэгдсэн "Бичигтийн боомтын зам"

528

Өнгө халиурсан намар цагийн сэрүү татсан нэг өдөр Өмнөд улсыг зорихоор Улаанбаатараас Сүхбаатарын Бичигтийн боомт хүртэл засмал, шороо ээлжилсэн замаар давхилаа. Сүхбаатар аймгаас цааш Бичигтийн боомт хүрэх замд хааяа таарах тээврийн тэрэгнүүд тэнхээ мэдэн дуу хадаасаар ойж буун зөрнө.

Жилийн дөрвөн улиралд иргэдийн, тээврийн цуваа тасардаггүй  энэ замын элэгдэл хорогдол эцэсттээ тулжээ.  Энэхүү зэрэмдэглэсэн замаар давхисаар Хятадын хилийг давж ажлаа амжуулчихаад буцаж ирэх замдаа Бичигт боомтод байрлах цайны газар түр саатав. Хоол цай хүлээж суух зуур гуанзаар холхих нүүрсний нарийн ширхэгний тоосонд дарагдсан бараан өнгөтэй тээврийн жолоочдын яриаг чагнаж суун ийн ганц нэг яриа өрнүүлсэн билээ.

Сүхбаатар аймгаас Бичигт боомт руу чиглэх "сайжруулсан” нэртэй нэг л зам бий. Тэр нь хуссаар байгаад 30-40-өөд см доошилж явах аргаггүй болсныг жолоочид ам уралдан ярьж байв.  Уг нь жил бүр хусаж янзалж, тэгшилдэг гэнэ. Хичнээн сайхан хусаж янзаллаа ч бороо, цас, удаа дараагийн машины явалт зэргээс үүдэж тэр дороо эвдэрчихдэг байна. Эвдрэлд орсон зам иргэдэд сайн сайхныг дагуулахгүй нь ойлгомжтой. Машин тэрэгний эвдрэл, хугацаа алдалт гээд харин ч нэг сөрөг талыг ар араасаа дагуулж өгнө. Энэ бүхнээс болж энэ замаар тээвэрлэлт хийдэг жолооч нар багагүй хохирол амсдаг байна. Дээд доод шатандаа замын асуудал хөндөгддөг ч он жил дамнасаар ямар ч өөрчлөлт үгүй.

Энэ нь УИХ-д өрсөлдсөн хүн бүр танай замыг хар зам болгоно оо гэж амладагтай холбоотой аж. Нэлээд хэдэн гишүүнийг бүс нутгаасаа гаргасан ч өнөөдөр зам нь бахь байдгаараа л байна.  Хүн ардаа бодож, нөхцөл байдлыг нь сайжруулан эдийн засаг, цаг хугацааны хэмнэлт гаргах ганцхан гарц нь хатуу хучиллтай хар замтай болох гэж уулзсан хүн нэг бүр учирлан ярьж байсныг тэмдэглэн хэлэхийг хүслээ.

Ингээд байгаа нөхцөл байдлын талаар жолооч З.Зоригтбаатартай хийсэн ярилцлагыг тоймлон хүргэе.

З.Зоригтбаатар: Бичигтийн боомтын замын эвдэрлээс болж өнгөрсөн жил нэг жолооч газар дээрээ амиа алдсан

-Сайн байна уу. Сая та бүхний яриаг чих тавин сонслоо, уучлаарай. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу. Замын асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. Энэ талаар яриагаа эхлэх үү. 

- Өөрөө сурвалжлагч уу. Дуртайяа ярилцлага өгмөөр байна. Учир нь манай Бичигтийн боомт хавийн эргэн тойронд өрнөж байгаа бодит байдлыг дээшээ төр засагт уламжлаад өгөх албан тушаалтан ховор шүү дээ. /инээв/ Намайг З.Зоригтбаатар гэдэг. Гурван жил нүүрс тээвэрлэлтийн жолоочоор явж байна. Жолооч бид нарт хамгийн түрүүнд замын асуудал хөндөгддөг. Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг долоон уул уурхайн компани бий.  Сүхбаатар сумын  наах нь Төхөмийн уурхай гэж бий. Бичигт боомтоос Төхөмийн уурхай хүртэл талдаа 210 километр явна. Мөн 80 километрийн зайд "Далай булаг”-ийн уурхай гэж бий. Компаниуд нь замаа тавьж өгдөггүй. Дээрх уурхайнуудаас тээвэрлэлт хийж байгаа жолооч нар бүгд нэг замтай нийлж Бичигтийн боомтоор хил давдаг. Нийлсэн зам нь 200-аад километр үргэлжилдэг. Сайжруулсан зам нэртэй ч стандарт шаардлага хангадаггүй. Уг нь жил болгон нэг компани ирж засч байна гэх нэрийдлээр хусч янзлаад алга болдог. Хусаад сайжруулчихсан үед нь 2-3 хоног л явна. Бензин шатахуун, элэгдэл хорогдол, машины техникийн эвдрэл гээд асуудал их гарна.  Түвшнээсээ доошоо их сууснаас болж өвөл цас хунгарлаж зарим газартаа машин суудаг. Нэг нэгнээ татах, ухах гээд жолооч нарт хүндрэл байнга учруулдаг. Зам харгуй муугаас болж хугацаа их алдаж байна. Энэ замыг засмал болгочихвол бид ч цаг хугаацаа алдахгүй амар байна. Замын асуудал үнэхээр хүнд байна.

-Замын хүндэрлээс болж аваар осол хэр гарч байна? 

-Гаралгүй яахав. Том машинууд нэг далийвал тэр чигтээ явчихдаг. Том машин битгий хэл дунд зэргийн машин ойчих тохиолдол бий. Саяхан гэхэд манай нэг машин уначихсан. Одоо урагшаа нүүрсээ оруулж чадахгүй саатаад байна. Уг нь зам заслаа гэж ярьдаг юм. Өнгөрсөн жил өндөр чиргүүлтэй том машин эргэхэд хэцүү замыг ковшоор тэгшилсэн болоод орхисон. Эргээд хэд хонолгүй ухагдчихдаг юм билээ.  Зам засах нэрийн дор гүйцэтгэж байгаа компаниуд нь мөнгө кармалаад алга болдог гэж иргэд ярих юм билээ.

-Танай машины жолоочийн бие нь гайгүй юу?

- Жолооч зүгээр байгаа. Өнгөрсөн жил Бичигтийн боомтын замаар яг замаараа явж байгаад нэг газар хоёр машин унасан. Нэг жолооч нь газар дээрээ нас барсан. Үүнээс үүдэж уурхайнууд замаа засмаар аядсан. Зам ч гэж дээ чулуу ихтэй, явах арга бхйгүй. Аймгийн зам мөн чулуу, дэржигнүүр ихтэй. Шалгалт ирэх сургаар засна гээд самосвал машинаар шавар асгаад, ковшоор тэгшилсэн болоод орхичихдог. Уг нь Сүхбаатар-Бичигт боомтын зам Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт хамаардаг. Зам засахад бас нэг хүндрэл нь Эрдэнэцагаан сумаас шороо өгдөггүй гэсэн.

-Бичигтийн боомт, Замын-Үүд, Алтанбулагийн хил шиг олны хөлд дарагдах нь бага юм. Үүнийгээ дагаад хөгжил тун тааруу санагдлаа. Тээврийн жолооч нарт ер нь асуудал мундахгүй их гэдэг. Замын асуудлаас гадна тулгарч байгаа бэрхшээл бий байх. 

-Энэ боомт дээр ажиллаж, амьдарлаа залгуулж байгаа ажилчид, тэдний бага насны хүүхдүүд гээд бий.  Гэтэл хүн амьдрах нөхцөл үнэхээр муу. Усанд орох газар байхгүй, наад зах нь утасны сүлжээ муу гээд тоочоод байвал асуудал их. Аваар осол гарах, жолооч гэмтэж бэртэх, хүний бие муудлаа гэхэд эмч, эмлэнэлэг, аптек гээд анхан шатны тусламж үзүүлэх газар байхгүй.  Бид нар кабиндаа унтдаг. Саяхан Эрдэнэцагаан сумын Засаг дарга солигдох болоод хурлын үеэр жолооч нараа төлөөлж үг хэлсэн. "Тэнд хүн амьдрах нөхцөл алга. Монгол болон Хятадын гааль хоёулаа сүлжээ муу” гэхчлэн асуудлуудаа хэлсэн. Одоог хүртэл шийдэгдсэн юмгүй л байна. Ер нь энэ боомт руу анхаарч байгаа удирдагууд алга.

-Бичигтийн боомтоор тээвэр хийгдэж байгаа уурхайн компаниуд ихэнх нь Хятадын компани гэж сонссон. Монгол талын уурхай бий юу. 

-Хятадын хөрөнгө оруулалттай тав, Монгол талын хоёр байсан, нэг нь татан буугдсан. Эдгээр уурхайнууд бүгд нүүрсний уурхай. Жолооч нар нүүрсээ Хятадын хил давуулж хүлээлгэж өгнө. Хятадын хил гарангуут төмөр зам байдаг.  Жолооч нар өөрсдөө нүүрсээ буулгадаг. Хаалгаа барьж байгаад ковшоо түлхэж буулгана. Битүү нүүрс тортог л болдог доо. Тэнд нүүрсээ буулгаад цааш нь галт тэргээр тээврэлдэг юм билээ.

-Компаниудын зүгээс жолооч нарын аюулгүй байдал, хангамж зэрэгт хэр анхаардаг вэ. Нууц биш бол цалин хөлсөндөө сэтгэл хангалуун байж чаддаг уу? 

-Хангамж гэх юм байхгүй ээ. Наад зах нь маск ч өгдөггүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал бол яриад ч хэрэггүй. Шинэ компани орж ирж байгаа тохиолдолд Монгол талыг хариуцсан мэргэжилтэнтэй байх ёстой. Автын инженер, Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер гэх зэрэг.  Тэр мэргэжилтэнгүүд нь жолооч нарын аюулгүй байдлын төлөө ядаж маск, нормын хувцас зэргийг нь хангах үүрэгтэй. Гэтэл зарим компанид тийм зүйл байдаггүй. Цалин мөнгөний хувьд хангалтгүй ээ.

-Гэрээсээ хол, ийм нөхцөлд удаан амьдрах хүсэх зүйл биш байж таарна. Өөр ажил төрөл эрхлэх бодол төрдөг үү?

-Байнга хээрээр гэр хийж, машинд амьдарч, халуунд халж, хүйтэнд хөрнө гэдэг хүсэх зүйл биш. Гэвч биднийг нас шүд заахгүй, арай ахиу таван цаас өгч байгаа нь энэ газар шүү дээ. Гэр орондоо ойр ажиллая гэхээр бидэнд тохирох ажил олдохгүй юм. Тиймээс ямар ч байсан тэсэж байгаад хэдэн жил болно гэж боддог.

 -Ярилцсанд баярлалаа. 

Манайхан Бичигтийн боомтоор урд хөршийн Улаанхад нэртэй муж руу нэвтэрч ихэвчлэн барилгын материал татна. Бараа материалаа Бичигтийн боомтоор оруулж ирэхэд 100 гаруй км бол Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлэхэд 300 гаруй км зам туулахад хүрдэг. Тиймээс Бичигтийн боомтоор дамжуулан тээвэрлэлт хийх нь зардал хэмнэх боломжтой.

Гэтэл үнэхээр бодлого үгүй удирдлагуудтай, хууль үгүй ардууд хуйларч байна тэнд. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нэг замын сүлжээтэй болох нь бүү хэл нэг нийтийн жорлон барьж, нэг усанд орох газраа шийдэж чадалгүй сууцгаана тэд. Уул уурхайгаа дагаж хөгжөөгүй, уул уурхайн хөлд нэрвэгдсэн, бодлого дутсан бор суурингийн иргэдийн эрүүл мэндийн тухай бүр ч ярилтгүй болжээ.

75-100 тонн нүүрс ачсан хүнд даацын автомашинууд бартаат замаар янцаглан довтолгож үнэт цагийг мартсан мэт тайвуухан урагшлана. Тэдний зам үнэхээр машин тэргийг нь эвдэж, явгалах хэмжээнд хүрчээ. Бичигтийн боомт руу тээвэрлэлт хийдэг уул уурхайн компаниудад Сүхбаатар аймгийн удирдлагын зүгээс зам засварлах ажлыг жил бүр үүрэг болгодог гэх. Нутгийн удирдлагууд, уурхай эрхлэгч компаниудтайгаа хамтран хөрөнгөө гаргаж, ядаж аймгийн төв, Бичигтийн боомтыг хатуу хучилттай замаар холбочихвол хэдэн хүний амь нас, цаг зав нааштайгаар шийдэгдэх бол.

ЭХ СУРВАЛЖ: У.МАНДАХ, FACT.MN


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>