Терагерц бол үнэт чулуу биш

992

 

Терагерц бол үнэт чулуу биш

 

Олонхийн нэрлэж байгаагаар терагерц гэх гялгар, хар өнгийн чулуун бугуйвч, зүүлт, ээмэг хотын төвийн Их дэлгүүрүүдээс эхлээд "Урт цагааны гудамж”-ны үнэт эдлэл, гоёл чимэглэлийн дэлгүүрт ховрын бараа биш болжээ. Янз бүрийн цахим дэлгүүр, фэйсбүүк, онлайн орчинд хүртэл элдэв арга заль хэрэглэн зарагсад олширч байна.

Сүүлийн үед төрөл, зүйл нь нэмэгдэж том, жижиг, дунд бага гарын хөөрөг хэлбэрээр ч зарагдах болж. Иргэдийн хувьд гоёл чимэглэлийн болон эрүүл мэндийн гэсэн хоёр зориулалтаар авч ашигладаг. Терагерц бугуйвч хамгийн багадаа 80-100 мянга, үнэтэй нь 300-500 мянган төгрөг. Хамгийн хямд ээмэг 70 мянга, хөөрөг 700-2.5 сая төгрөгийн үнэтэй байна. Том, жижиг, цахим гурван төрлийн дэлгүүрт зарагдаж байгаа бүтээгдэхүүний дундаж үнэ төстэй. Гэсэн хэдий ч хэмжээ болон талсттай, талстгүй хийцээсээ хамаарч үнэ хэлбэлзэнэ. Томоохон дэлгүүр нь шууд боловсруулсан бүтээгдэхүүнийг Япон Улсаас чанарын сертификаттай оруулж ирдэг гэнэ.

"Урт цагаан”-д байрлах үнэт эдлэлийн лангууны худалдагч эмэгтэйн хэлснээр тэднийх энэ зүйлээ Японоос захиж аваад өөрсдийн үйлдвэрт бүтээгдэхүүнээ хийдэг бөгөөд терагерц гэж нэрлэсэн хар өнгийн чулууг худалдан авагчийнхаа итгэл үнэмшлийг төрүүлэхийн тулд харуулж байсан юм. Тус чулуугаар хийсэн бугуйвчийг нэг жил зүүгээд даралт ихсэх өвчин нь ул мөргүй алга болсон хэмээн өөр нэг лангууны худалдагч надад сурталчлав. Цаашлаад уг чулуу мөсийг хайлуулдаг л гэнэ. Эд эсийг нөхөн сэргээж, хөгшрөлтийг бууруулж, цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, ядаргаанаас сэргийлдэг. Цахилгаан долгионы хорыг хүний биеэс гадагшлуулдаг. Үе мөчний өвчин намдааж, биеийн дулааныг нэмэгдүүлнэ. Өө бүр, аливаа бүх төрлийн өвчнийг түргэн хугацаанд эдгээж, хорт хавдрыг ч устгадаг гээд л сурталчлаад байвал яг нөгөө "Луйврын сүлжээ” гээч шиг болж мэдэх юм. Тиймээс "Энергийн чулуу гэж юугаар хийсэн, хаанаас ирсэн ямар бүтээгдэхүүнийг худалдаж аваад, хэрэглээд байна вэ. Үнэдээ тохирсон үнэ цэнийг өгч чадаж байна уу” гэсэн асуултад хариулт хайн бэдэрлээ.

Манай улсад сүүлийн 80 жилд 80 гаруй төрлийн ашигт малтмалын 2500 гаруй ордын нөөц давхардсан тоогоор бүртгэгджээ. Эдгээр нөөц дотор "Терагерц буюу энергийн чулуу” хэмээх нэршилтэй ямар ч ашигт малтмал Монгол Улсаас олдоогүй байгаа юм. Гаалийн ерөнхий газрын экспорт, импортын барааны гүйцэтгэлээс харахад, терагерц буюу энергийн чулуу гэсэн бүртгэлтэй импортын бараа алга. Яг ямар бүтээгдэхүүнийх нь нэршилд багтаж, хилээр орж ирдэг болох нь ч тодорхойгүй байна. Түүнчлэн судалдаг судлаач байхгүй гэхэд хилсдэхгүй.

ШУТИС-ийн дэргэдэх Газрын эрдэс баялгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Ё.Мажигсүрэн нэг удаа терагерцын найрлагыг судалж байжээ.

Түүний хэлснээр "SiО2 буюу цахирмаг гэж дэлхийн чулуулаг бүрхүүлийн жингийн 30 гаруй хувийг эзэлдэг силикат эрдэс бий. Уг эрдсээс хүчилтөрөгчийг нь шахаж гаргаад, зөвхөн силициум буюу болрын найрлага үлдсэн зүйлийг терагерц гэж байна. Судалсан терагерцийн 80-90 хувь силициум гэх хагас металлаас тогтсон байсан. Зарим нь титан, хөнгөн цагаан гээд бага зэрэг хольцтой гарсан. Энэ нь хүчилтөрөгчийг яаж шахаж гаргаснаас шалтгаалж үүсдэг байж магадгүй. Хүчилтөрөгчийг шахаж гаргасан ч гэсэн хэрвээ чулуулаг дотроо үлдсэн бол хэдий хэмжээнд үлдсэнийг нь хэмжих боломжгүй” гэх сонирхолтой хариултыг хэлсэн юм.

ТЕРАГЕРЦ БОЛ БАЙГАЛИЙН БОЛОН ҮНЭТ ЧУЛУУ АЛЬ НЬ Ч БИШ

Нэр томъёоны хувьд терагерц гэдэг бол долгионы давтамжийг илэрхийлсэн тоо хэмжээ. Яг ийм нэршилтэй чулуулаг байхгүй бөгөөд зохиомол аргаар гаргаж авдаг. Тэгэхээр нэр нь ч бас зохиомол байж болох талтай.

Зарим их сургуулиар ороход SiО2-оос Si буюу цахиурыг дангаар нь салгаж авах боломжтойг яг таг батлах судлаач олдсонгүй. Ямар ч байсан терагерц нь цэвэр байгалийн чулуу биш ажээ. Цэвэр байгалийн чулуу нь илүү хүйтэн шинж чанартай байдаг бөгөөд өөрийн гэсэн энергитэй хэмээн монголчууд эрт үеэсээ хэрэглэж ирсэн.

Тэгвэл "Терагерц үнэт чулуу мөн үү” гэдгийг СХЗГ-ын Үнэт, метал сорьцын хяналтын газрын Эрдэнийн чулууны шинжээч Б.Гэрэлээс тодрууллаа.

Тэрбээр шинжлүүлэхээр ирсэн чулууг байгалийн, таримал буюу зохиомол эсэхийг тодорхойлдог. Терагерцыг тодорхойлуулж, гэрчилгээ авахаар хүмүүс их хандаж байжээ. Гэвч байгалийн чулуу биш учраас Стандарт, хэмжил зүйн газраас гэрчилгээ олгодоггүй байна. Харин энергитэй эсэхийг нь тодорхойлох аргагүй гэдгийг мэргэжлийн үнэт, металл шинжээч нь хэллээ.

"Терагерц үнэт чулуу мөн үү” гэх асуултад тус чулуулагын найрлагыг судалсан Ё.Мажигсүрэн "Угаас байгальд элбэг тархсан цахиурын эслийн найрлагатай учраас хүний биед сайнаар нөлөөлдөг байж болох юм” хэмээн хариуллаа. Терагерц чулуун эдлэлийг худалдаж байгаа хүмүүсийн хувьд "Терагерцийн хэт ягаан туяа болон нарны энергиэс чулууг гаргаж авсан. Ямар ч байсан мөсийг хайлуулж, хүнсний бүтээгдэхүүнийг муутгадаггүй юм. Нано технологиор гаргаж авсан” гэх мэт тайлбаруудыг ам булаалдан хэлж байна.
 


П.ТУНАРАА: ӨӨРИЙГӨӨ ЭНЕРГИЖҮҮЛЭХ ГЭЖ ЯМАР НЭГ ЗҮЙЛ ХАЙХ ХЭРЭГГҮЙ

Энерги гэж юуг хэлээд байгаа талаар энерги судлаач П.Тунараагаас тодруулахад "Орчлон ертөнц дээр байгаа бүхэн өөрийн энерги, эрчим хүчтэй байдаг. Техник, технологи хөгжиж байгаа орчин үед энергид туслах бүтээгдэхүүнийг хэрэглэх, энергитэй сайн газар очиж энерги авах гэх мэтээр ярих боллоо. Шүр, болор, алмаз гээд байгалийн чулуунууд мэдээж энергитэй. Би гэхэд энергийн бугуйвч зүүж байна. Энэ бугуйвчийн хувьд соронзтой, шигтгэсэн чулуунууд нь алмаз, циркон. Дотроо магниттай учраас цусыг шингэлж, эргэлтийг сайжруулдаг. Миний энергид тодорхой хэмжээнд нөлөөлж болох. Гэхдээ та гаднаас ямар нэг зүйлд өөрийгөө энергижүүлэх гэж хайхаас илүү өөрөө өөрийгөө энергижүүлэх хэрэгтэй. Унтаж амрах, хоол идэх, дуулах бүжиглэх, тайван орчинд өөрийгөө ажиглах байдлаар энерги нөхөгддөг. Инээмсэглэх, талархах, хөдөлгөөн хийх, хайрлах үйлдэлд энерги эрчимждэг. Эдгээрийг ялгаруулахгүйгээр юуг ч зүүж хэрэглээд ач холбогдол тун бага. Энергийн бүтээгдэхүүн зүүсэн гээд бодоход л бодол өөрөө хүчтэй эрчим хүч болдог учраас биед эерэгээр нөлөөлж байж болно” гэсэн юм.

Тэгэхээр иргэдийг төөрөлдүүлж байж болзошгүй терагерц гэх хагас металл эдлэлийн "нууц увдис”, "ид шид”-ийн талаарх гомдол, санал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хараахан ирж байгаагүй юм байна. Мэргэжлийн хяналтын байгууллага ч уг асуудлыг шалгах чиг үүрэггүй. Харин цагдаагийн байгууллагаас холбогдох асуудлаар мэдээлэл авч чадаагүй юм. Зөвхөн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн бол хариуцлага ногдуулах чиглэлээр заалтууд бий аж.

Терагерц нь "Зохиомлоор гаргаж авсан. Ихэвчлэн Япон Улсаас, зарим тохиолдолд Хятадаас оруулж ирдэг. Хөнгөн бөгөөд гялалзах чанартай хагас металл” гэж тодорхойлж болохоор байна.

Зөвхөн миний эрэл хайгуулаар олсон мэдээллүүд энэ боловч манай улсад аль хэдийн өргөн дэлгэр тархсан терагерц гэх чулуун эдлэлийг хянаж, шалгаж, судалдаг албан ёсны байгууллага, ядаж л баримт нотолгоог дэлгэх судлаач тун хэрэгтэй санагдлаа. Юу гэдгийг нь ч сайн мэдэхгүй, тодорхойлолтгүй бараа бүтээгдэхүүнийг бид хэрэглэсээр байх уу. Эцсийн дүндээ ямар нэг чанаргүй бүтээгдэхүүний хохирогч, туршигч нь та өөрөө байх уу гэдгийг нэг удаа ч болов тунгаана биз ээ.

Zindaa.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>