Монгол төрийн нууц С.Баярын компьютерт хадгалагддаг гэв үү?!

57

Монгол төрийн нууц С.Баярын компьютерт хадгалагддаг гэв үү?!

 

Ерөнхий сайд, Элчин сайд байсан С.Баяр гэдэг хүн сүүлийн үед цахим сүлжээнийхэнтэй жаргал зовлонгоо хуваалцдаг болсон.
Үе үе "пээдийсэн” пост бичнэ, жиргэнэ. Хоёр жил гаруйн өмнө түүнийг Англид элчингээр томилогдох үед УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "…Пээдийчихээд” гэж загнаж байсан юм. Тэр пээдгэр гэдэг үг С.Баярт ихэд таалагдсан байх. Тиймээс одоо цахим сүлжээнд пээдийх гээд л үзэж тарж буй.
 
Яг үнэндээ С.Баяр пээдийгээд байгаа юм байхгүй л дээ. Өөрөө л тэгж бодож байгаа. Тэр зүгээр л тарчилж байгаа юм. Оюутолгойн гэрээ, 7 сарын 1 гээд бүтэн нойртой хонох аргагүй зовоож байгаа асуудал түүнд бий.
Ухна ишигний зовлонг ухна мэдэхгүй гэдэг шиг С.Баярын яаж зовж байгааг бусад яаж мэдэхэв дээ. Тийм л учраас С.Баяр өнөөдөр зовоогүй хүн шиг, тарчлаагүй юм шиг постолж, жиргэж суугаа хэрэг.
 
 
Ийм ноцтой асуудлуудтай тулчихсан, эхний хэрэг нь ийш тийш хөдөллөө гэх бүрт мань эр ямар нэг зүйл цахим сүлжээнд "ярьдаг” юм. Айдас ихтэй хүн тэгдэг. Хар шөнөөр хээр хөдөө ганцаараа явж байгаа хүн чоно нохойнд бариулахгүйн тулд чанга чанга хашгираад явдаг шүү дээ. Дуулна, орилно… Чангахан авиа л гаргаж байвал юу дуулж, юу ярих нь хамаагүй. Түүнтэй л адил юм.
Тэр "ном” бичдэг боллоо. Энэ бас л айдсын хашгираан. Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй байгуулсан хэргээр жил гаруйн өмнө С.Баярыг "Ганцхудаг”-т хоёр сар хоригдсон. Гарч ирээд "жаран хоног”-ийн тухай "ном” бичиж хэвлүүлсэн. Зарим хүн үүнийг нь АТГ-т өгч байгаа мэдүүлэг нь гэж "уншсан” байдаг.
 
 
С.Баяр саяхан ээлжит номоо бичиж дуусгажээ. Тэр нь "7 дугаар сарын 1” гэдэг нэртэй. Бас л удахгүй хавтаст хэрэг нээгдэж мэдэх л асуудал байгаа юм. Мань эр зовлонгийн түргэн гэсэн үү, аль эсвэл Оюутолгойн араас 7 сарын 1-ний хэрэг гарч ирээд шоронд хийчих вий гэж айсан уу, юутай ч боломжгүй цаг хугацаанд бичих ёсгүй номоо биччихсэн байна. Бас л айсан хүнээс гарч байгаа үйлдэл л дээ.
 
Сүүлийн номтой нь холбоотойгоор цагтаа Монгол төрийн өндөр дээд албыг хашиж байсан энэ хүн айдсаасаа болоод хийж байгаа үйлдлээ хянаж чадахгүй байна уу гэсэн эргэлзээ төрөв.
С.Баяр "7 сарын 1” гэдэг номоо 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд бичиж дуусгаад цахим сүлжээнд нэг эвгүй зүйл бичжээ. Тэрээр "…Энэ үдэш би "7 сарын 1” гэдгийг бичиж дуусгав. Яаж хэвлүүлэх вэ. Сая хуудаслан тоолов. Тэгтэл 60 хувь нь "нууц”, "маш нууц”, "маш нууц-онц чухал” тамгатай баримт ашигласан аж. Уг нь нууцлаад байх сүртэй юм алга” гэж  жиргэжээ.
С.Баярын жиргээ тоглоом биш шоглоом байна. С.Баяр МАН-ынхандаа "Баяр дарга” хэвээрээ байж болно. Тэглээ гээд төрийг ингэж шоглох эрх түүнд байхгүй. Учир нь С.Баяр бол Монголын төр,  Монголын ард түмний хувьд Оюутолгойн гэрээнээс хэдэн хаус, доллар "хуссан” л нэг нөхөр болсон шүү дээ. Шүүх удахгүй тогтооно.
Нөгөө талаас Монгол бол тусгаар улс. Улсад байтугай айлд нууц байдаг. Монгол төрийн нууцтай харилцаж явсан эрх бүхий цөөхөн хүний нэг С.Баяр улсын нууцыг ийм байдлаар ашиглана гэдэг байж боломгүй.
Уг нь тэрээр Ерөнхий сайдаар ажиллаад удаагүй юм. Хэдхэн сар болж Оюутолгойн гэрээг байгуулчихаад л яваад өгсөн нөхөр шүү дээ. Түүнээс хойш арван жил өнгөрсөн. Гэтэл сая сандраад бичсэн номондоо оруулсан  Монгол төрийн "нууц”, "маш нууц”, "маш нууц-онц чухал” материалууд С.Баярын компьютерт арван жил хадгалагдсан байж таарах нь уу? Энэ арван жилийн хугацаанд С.Баяр гэдэг жирийн иргэн Монгол төрийн нууцыг цүнхэлж аваад хэдэн улс дамжиж хэссэн бол? Төрийн нууц материалуудаар ном бичиж нийтэд тараах нь битгий хэл, төрийн нууцын тухай хэн нэгний чихэнд шивнэсэн хүмүүс шүүхээр шийтгүүлж шоронд ордог бус уу? Тэгвэл энэ С.Баяр гэдэг нөхөр "…Хадгалж байсан төрийн нууцуудаараа ном бичлээ” гэж гайхуулаад сууж байх юм. Ингэж болох уу? Ийм олон асуулт босч ирээд байгаа юм. Хэдэн сарын өмнө Тагнуулын дарга байсан Б.Хурц цүнх дүүрэн нууц материалтай телевизийн нэвтрүүлэгт орж байсан. Цүнхээ нээгээгүй ч ингэх хэрэгцээ түүнд байсан гэдэг.
 
Тиймээс Б.Хурцын цүнх, С.Баярын ном, эсвэл компьютерт байгаа төрийн нууцууд хадгалж буй эзэддээ нэг л ижил хэрэгцээтэй  болж таараад байгаа юм.
Хамгийн гол нь С.Баяр төрийн нууцыг хадгалаад байгааг нь улсын нүд, чих болсон тагнуулын байгууллага мэдэж байсан уу гэдэг их сонин. Тэгэхээр төрийн нууцыг ингэж хувьдаа ашиглах нь хуулийн зөрчил мөн үү биш үү, Д.Гэрэл дарга аа?!
 
 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.