Зүрхний шигдээс

8538

Зүрхний булчингийн агшиж сулрах үйл ажиллагаанд биеийн бусад булчинтай яг адил хүчилтөрөгчийн хангамж маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Зүрхэнд тэжээл өгдөг судсыг титэм судас гэх бөгөөд гол судаснаас эх авдаг. Зүрхний булчинд энэ судсаар дамжин хүчилтөрөгч очдог. Амьтны гаралтай өөх тостой хоол идэх, хөдөлгөөний дутагдалд орох, тамхи татах, архи ууснаас аажимдаа титэм судсанд холестрол (цусны судсан доторх өөх тос) цугларч, цусны судасны дотор хананд бөөгнөрөл үүсгэдэг.

Энэ бөөгнөрөл нь цусны судсыг нарийсгаж, судсаар өнгөрөх цусны урсгалыг саатуулдаг. Үүнээс үүдэн судасны хөндий хэт нарийсч, зүрхний үйл ажиллагаанд шаардлагатай хүчилтөрөгч дутагдана. Бид хүнд юм өргөхөд гарын булчин өвддөг, эсвэл удаан алхахад хөл өвддөг гэдгийг мэднэ, үүнтэй адил зүрхэнд хангалттай цус очихгүй байвал зүрх өвддөг. Судасны дотор хананд үүссэн холестерины бөөгнөрөл хагарвал уг бөөгнөрөл дээр цусны бүлэн үүсдэг. Ингээд цусны судас бөглөрч, зүрхний булчингийн хэсэг газар цусгүйдэж, тэжээл дутагдсаны улмаас үхжил үүсэхийг бид зүрхний шигдээс буюу инфаркт, зүрх хаагдах гэж хэлдэг.
Зүрхний шигдээс үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс

Ихэнх тохиолдолд холестерины бөөгнөрөл судасны хананд үүсч, энэ нь нэг л өдөр хагарч, зүрхний судсыг бөглөн зүрхний шигдээс үүсгэдэг байна. Үүнийг судасны хатуурлаас үүдэлтэй зүрхний өвчин, эсвэл зүрхний титэм судасны өвчин гэж нэрлэдэг.
Зүрхний шигдээс болох, даралт ихсэх, тархинд цус харвахад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс нь яг адилхан. Үүнд:
Амьтны гаралтай өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэснээс цусанд холестрол ихсэх
– Тамхи татах
– Хөдөлгөөний хомсдолд орох
– Архи хэтрүүлэн хэрэглэх
– Цусны даралт ихдэх
– Илүүдэл жин, таргалалттай байх
– Чихрийн шижингээр өвдөх
– Удамшлын буюу хамаатан садан дотор нь зүрхний шигдээсээр өвдсөн хүн байсан
Удамшлын хүчин зүйлсийг хянаж чадахгүй боловч бусад хүчин зүйлийг багасгах замаар зүрхний титэм судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нэгэнт титэм судасны өвчтэй болсон бол цаашид хүндрэхээс сэргийлэх боломжтой.
Зүрхний шигдээсийн шинж тэмдэг
Зүрхний шигдээсийн үндсэн шинж нь цээжээр хүчтэй өвдөж, амьсгал давчдах. Заримдаа цээж хорсох, хоолой руу шахах мэдрэмж төрнө. Өвчүүний ар талд өвдөнө. Өвдөлт зүүн гар, хүзүү, доод эрүү рүү дамжиж 20 минутаас дээш хугацаанд үргэлжлэх ба нитроглицеринд намдахгүй, өвчин намдаах тарианд ч үр дүнгүй байна.
Багтраат хэлбэр: Амьсгаадах, бачуурах, амьсгал давчдах
Хэвлийн хэлбэр: Аюулхай орчмоор өвдөх, бөөлжис цутгах, бөөлжих, өтгөн шингэрэх
Цусны даралт буурах хэлбэр: Артерийн даралт буурах, муужирч унах
Зүрхний дутагдлын хэлбэр: Хоолонд дургүй болох, ялангуяа махан хоолонд дургүй болно, оройн цагаар амьсгаадалт нэмэгдэнэ, доод мөчөөр хавагнана.
Зүрхний хэм алдагдах хэлбэр: Зүрх савлах, зүрх тасалдах мэт санагдах
Тархины хэлбэр: Толгой эргэх, ухаан балартах, тархинд цус харвах
Эмэгтэйчүүд, өндөр настнуудад шинж тэмдэг маш бүдэг явагдсанаас онош андуурагдах нь бий. Зөвхөн ядарч сульдах шинж илэрч болно.

Урьдчилан сэргийлэх
Хүмүүс зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэхэд мэдээж удамшлын хүчин зүйлсээ хянаж чадахгүй. Гэхдээ шигдээсээс сэргийлэхийн тулд зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах боломжтой.
– Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
– Архи уухгүй байх
– Тамхи татахгүй байх
– Артерийн даралт ихдэх өвчтэй бол даралтаа тогтмол хэвийн хэмжээнд барих
– Илүүдэл жингээ хасах
– Сэтгэл санаагаар тайван, уур бухимдалгүй байх
– Амьтны гаралтай өөх тосны хэрэглээг хязгаарлах, эслэг ихтэй жимс, хүнсний ногоо, шош, үрт ургамал, бор гурил, арвайн гурил, хөц будаа түлхүү хэрэглэж, цусан дахь холестролоо бууруулж хянах
– Чихрийн шижинтэй бол хүндрэлээс сэргийлэх, хянах
Та ингэж чадвал зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>