"Мөрөөдлийн усан оргилуур"-ын газрын дээрэм нийслэлд давтагдах юм биш биз?

591

Зөвшөөрөл авчихаад барилга барилгүй удсан “Тэнгис” кино театрын хойд талын газрыг чөлөөлж бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэж байна” хэмээн нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэн өчигдөр ярьжээ. Тарьж ургуулъя гэхээсээ урьтаж тайрч тасдах тухай ярих болсон цагт цэцэрлэгт хүрээлэн барина гэхийг сонсоход мэдээж таатай. Гэхдээ яг ингэж гоё төслийн нэр хэлээд нийслэлчүүдийн нийтийн эзэмшлийн газрыг нүдэн дээр дээрэмдсэн шиг үйл явдал гарах вий гэх болгоомжлол бас төрөв.

Чингэлтэй дүүргийн тав­ду­гаар хороо, Ялалтын тал­байн баруун талд хэдхэн жилийн өмнө 16 давхар асар том барил­га баригдсан. Энэ барилгыг барьж байх үед кранаас төмөр унаж 21-хэн настай оюутан залуу амь насаараа хохирсныг хүмүүс мартаагүй байх. Ялалт орчмын айлууд олон удаа шаардлага, эсэргүүцэл хүргүүлсэн боловч мөнгөтэй эрхмүүд хүч түрээд л барилгаа барьчихсан. Хулгай хар мөртэй байдаг шиг хууль зөрчсөн барилга хүний амь авч, хотын газрыг нүдэн дээр дээрэмдсэн шиг явдал давтагдахгүй гэх баталгаа бий юү.

2011 онд “Тэнгис” кино театрын урдах энэ газарт эхэндээ “Мөрөөдлийн усан оргилуур” гэсэн гоё нэртэй төсөл бичсэн самбар өлгөж байв. Яг энэ онд мээр асан Г.Мөнхбаярын саналаар, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр хуучин усан оргилуурыг нийтийн эзэмшлээс хассаныг хүмүүс мэдээгүй өнгөрсөн. Гурван давхар өндөр, Монголд анх удаа ийм том усан оргилууртай болох нь гэж итгэсэн нийслэлийнхэн халимны дүрс бүхий хуучин усан оргилуурыг нь нураахад хэл ам хийгээгүй. Гэтэл төд удалгүй “Мөрөөдлийн усан оргилуур” гэсэн самбараа сэмхэн буулгачихаад хулгайгаа эхэлсэн байдаг.

Тус газарт 2007 онд анх зөвшөөрөл өгсөн бөгөөд Колъя овогтой Пүрэв гэдэг хүний нэр дээр байдаг, “Түмэн занги” ХХК барилгаа барихдаа К.Пүрэвийн эзэмшлийн кадастрын зурагнаас 3-4 дахин том томруулсан буюу нийтийн эзэмшлийн талбай руу халдсан талаар хэвлэлүүд тухайн үед мэдээлж байв. 2016 оны 9-р сард кранаас төмөр унаж оюутан залуугийн амийг хохироосны дараа холбогдох байгууллагуудаас шийдвэр гаргаж барилгын ажлыг бүрэн зогсоосон боловч 2016 оны сонгуулийн дараа үргэлжлүүлсээр "MN тауэр" нэртэй 16 давхар байшин сүндэрлэсэн.

Шил толь болсон энэ барилгын газрыг К.Пүрэв гэдэг хүн эзэмшдэг нь 2016 онд тодорхой болсон бол эдүгээ "Эко" констракш"-ий С.Нямдаваа эзэн суусан гэх мэдээлэл бий. Нийтийн эзэмшлийн газрыг дээрэмдсэн нүглээ нимгэлэх гэсэн үү, сүүлд Барилгын үндэсний ассоциацад онцгой хямдралтай үнээр талбай түрээслэх эрх олгосон байгаа юм. "MN" тауэр одоо Тэнгис кино театрыг халхалж, гадна зогсоолоо шийдээгүйгээс тэр орчимдоо түгжрэл, буримдал үүсгэсэн бетонон ширэнгүүдийн нэг болсон.

Ялалт кинотеатрын хойно барина гэх цэцэрлэгт хүрээлэн "Мөрөөдлийн усан оргилуур" нэрээр далдалсан газрын дээрмийг давтахгүй гэсэн баталгаа бий юү, хотын дарга нар аа?

Б.ТҮВШИНТӨГС

ЭХ СУРВАЛЖ: NIISLELTIMES.MN 

http://niisleltimes.mn/content/81574?fbclid=IwAR0TWkepD7WdUAlK4g0SHQLc5fWBoN0I1sydQoOMdMrtLSCNhifblfM5iB8

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>