Томчууд нь торойж, жижгүүд нь жийгдсэн Монголын бизнесийн орчин

32

Танил маань оффисын үйлчилгээний чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг жижигхэн компанитай. Ерөнхийдөө албан газар айл өрхийн цэвэрлэгээний чиглэлээр дагнадаг, бас ч гэж 10-аад хүнийг ажлын байраар хангаж яваа компани. Өнгөрсөн жилээс Яармагт байх томоохон объектийн цэвэрлэгээг хариуцаж ажиллахаар хөөцөлдөөд бүтэхгүй байгаа. Учир нь тэндхийн цэвэрлэгээг Монголдоо толгой цохих том компанийн нэг нь хариуцдаг юм байна. Нэр зүсийг нь дурдаад яахав. Эрчим хүч, уул уурхай, зочид буудал, үйлдвэрлэл үйлчилгээ гээд хөл дүрж, гар хүрээгүй салбар бараг үгүй гэмээр том компани. Ингээд том компанийн хөл хөндөлдөөд танилын маань аж ахуй  томорч чадахгүй, тэрүүхэндээ “тийчэлж” байгаа. Монголын зарим толгой компаниуд юм юм руу үсчиж,  жижиг компаниудынхаа  орон зайд эзэн суухыг илүүд үздэг иймэрхүү жишээ олон бий.

Харин дэлхий нийтийн жишиг арай өөр. Тухайн компани ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрөл авсан түүгээрээ л ажиллана. Тэр салбартаа л өрсөлдөнө. Компанийн ийм  соёлын хамгийн ойр байгаа жишээ гэвэл Оюутолгой.

Муу нэртэй, луу данстай Оюутолгой компани зөвхөн уул уурхайтайгаа “зууралддаг”. Дэлхийн энтэй энэ их айлд юм юм л хэрэгтэй. Гэхдээ тэр бүхнээ зөвхөн ханган нийлүүлэгч нартаа даалгадаг. Тус компани 2018 онд 898 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан бөгөөд 2010-2018 онд үндэсний худалдан авалтад 2.7 тэрбум гаруй ам.доллар зарцуулжээ.  Энэ нь багцаалбал 7.2 их наяд орчим төгрөг болно. Оюутолгой компани ямар мөнгөгүй гэх биш охин компаниуд  байгуулаад  гол гол үйлчилгээ, худалдан авалтаа өөрсдөө хийе гэвэл нэг их асуудал биш байх. 

Гэвч тэд бусдад, тэр дундаа Монголын компаниудад боломж олгохоо илүүд үзжээ. Энэ бол бизнесийн соёл, хамтдаа хөгжих зарчим. Бусаддаа боломж олгож, жижиг компаниудын бизнесийн орон зайг нь хамгаалж буй хэлбэр. Жижиг компаниудыг дэмжих нь хоёр талын хувьд хэзээд сайн бизнес байсаар ирсэн дэлхий нийтийн жишиг байна. Алдарт “Dell”-ээс эхлээд стартапуудыг хөрөнгө, хамтын ажиллагаа, худалдан авалтаараа дэмждэг томоохон компаниуд бий.

Ер нь дэлхийн том компаниуд нэг л төрлөөр дагнаж, тэр салбарынхаа ноён оргилд хүрэхийг илүүд үздэг. Microsoft  нийтийн хоолны сүлжээ ажиллуулж, Boeng газар тариалан эрхэлж, Toyoto бренд хувцасны дэлгүүр нээлээ гэж хэн ч хэзээ ч сонсохгүй байх. Энэ бол зарчим.

Өөр нэг жишээ байна. Манай хөрш айлын гэр бүлийн хоёр  найман нэрийн дэлгүүртэй. Удаж байна аа, лав 10 гаруй жил болсон байх. Харин угийн хөдөлмөрч, хөөцөлдлөгөө сайтай хөрш маань дэлгүүрээ томруулж чадсангүй. Дэлгүүртэй боллоо гээд дэгжиж хөлжиж чадаагүй ч бас уруудаж доройтоогүй гэдэг нь хэлэхээс аргагүй үнэн. Дэлгүүр нээгээд эхний гурван жил үйлчлүүлэгч олонтой, орлого сайтай, “улаан туг” мандуулж явсан үе бий. Гэтэл ганцхан гудамжны цаана супермаркет нээгдснээс хойш арайтай зэлээ эвхчихсэнгүй. Монголын том сүлжээ дэлгүүрийн салбар дэргэд нээгдлээ гээд найман нэрийнхээ навтгар хаалгыг хаачихалгүй өдий хүрч байна. Орлого нь өм цөм буурсан ч оргүйгээс охинтой гэдэг шиг. Супермаркет амарч байх үеийг анаж байгаад бараатайхан шиг байвал хөөрхөн орлого хийчихнэ. Ялангуяа өглөө оройны цагаар. Гэхдээ хүсэхэд хясна гэдэг шиг мөнөөх супермаркетэд амралтын өдөр гэж бараг үгүй. Мань эрийн бизнес нэг иймэрхүү янзаар  хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай гэдэг шиг үргэлжилж байна.

Энэ бол Монголын бизнесийн орчин, дүрэм журмын зохицуулалт ямар байгааг илэрхийлнэ. Манай улс төрчид гадагшаа явж туршлага судалсаар байгаад бүр толгой нь эргэчихсэн, ялгаж салгаж чадахаа ч байсан юм шиг байна. Хөгжилтэй орнуудад ийм том супермаркетийг ажиллах цагийн хуваариар нь зохицуулж, жижгүүдийг нь  дэмждэг бэлээхэн практик бий. Тухайлбал, Европын ихэнх оронд том супермаркетууд хагас бүтэн сайн өдрөөр амардаг. Харин энэ зуур нөгөө жижиг дэлгүүрүүд ийн орлого суга өсдөг байх жишээний. Энэ бол толгой нэг их ажиллуулж, цэнхэр дэлгэцийн өмнө ухаантай царай гаргаж бодлогошроод байх зохицуулалт биш бөгөөд тун энгийн  гаргалгаа шүү дээ.

Монголчууд дэм дэмэндээ дээс эрчиндээ гэж ярьдаг. Том компаниуд хувиа бодох биш хамтдаа хөгжихийг илүүд үзвэл жижиг бизнес эрхлэгчдийн амьдралд өөрчлөлт хийх чадвар бий. Энэ бол компанийн нийгмийн хариуцлагын нэг хэсэг болж, тухайн компанийн  бусдаас ялгарах онцлог болно гэсэн үг.

М.Нэргүй

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.