Даварсан Засаг Ноён

64

Даварсан Засаг Ноён

 

Орхоны засаг ноён хуулиас дээгүүрх тансаглал буюу сонгуулийн мөнгө "босгогч”

Сүүлийн жилүүдэд "Эрдэнэт үйлдэр”-ийн өмчлөлийн маргаантай дуулиан шуугианаас болоод Орхон аймгийн удирдлагуудын хууль бус үйлдлүүд олны анхаарлын гадна үлдчихжээ. Тиймдээ ч Засаг дарга Д.Батлут, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар "Эрдэнэт үйлдвэр”-ийн мөнгөөр сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж байгаа бололтой. Энэ хардлагыг батлах гэсэн шиг орон нутагтаа "Үйлдвэрийн залуусын чуулган” гээчийг "Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгөөр хийж, цаашлаад даваа гарагт болсон  "Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-д оролцогчдыг хүргэж ирсэн аж. Тэдний энэ үйлдэл нь сонгуульд өөрсдийн талд ажиллуулах, санал хураалгах нөхдийн урамшуулал, нөгөө хэсэг нь тэдний тархийг угааж, урвуулах башир арга хэмээн орон нутгийнхан нь тун ч таагүй хандаж байгаа аж. Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын талаарх таагүй мэдээлэл цахим орчин хийгээд хэвлэлийн хэрэгсэлүүдээр байнга цацагдаж байдаг. Гэтэл тэрбээр түүнийг ойшоож, хуулийн хүрээнд ажиллах нь бүү хэл, харин ч "намайг хэн барах вэ” гэсэн шиг ажрахгүй яваа бололтой. 

Хамгийн сүүлд Д.Батлут Засгийн газрын тогтоолыг зөрчин, Түрээсийн орон сууцуудыг өөрийн тойрон хүрээлэгчиддээ өмчлүүлжээ. УГ нь аймгийн ИТХ-ын шийдвэрээр 8 гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлэхээр болсон юм билээ. Гэтэл тэдгээрээс ганц нь л эзэндээ буюу зорилтот бүлэгт очсон бол үлдсэн нь Д.Батлутын "харьяаны” хүмүүсийн "бэлэг” болжээ. Ганц өрх нь 3 ихэр хүүхэдтэй Э.Одхүүгийнх.

Үлдсэн гэх долоог нь Д.Батлутын туслах Б.Мөнхбаяр тэргүүтнүүд. Б.Мөнхбаярын хувьд төрийн байгууллагад дөнгөж хоёр дахь жилдээ ажиллаж байгаа нэгэн хэрнээ 71.8 м.кв гурван өрөө орон сууцтай болсрн хэрэг.

Мөн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга М.Жамболат, Хурлын бодлого хяналт хариуцсан ахлах ажилтан Б.Золоо, Барилга хот байгуулалт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн С.Нансалмаа, Ахлах нягтлан бодогч Л.Дуламжав, Аж ахуйн нярав Д.Уртнасан, НБХ-ийн Ахмад настан, биеийн тамир, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Амарзаяа, Албан хэрэг архивын эрхлэгч Ц.Хишигсүрэн нар байгаа юм. Тэд бүгд Засаг дарга Д.Батлутыг тойрон хүрээлэгчид гэдгийг орон нутгийнхан хэлдэг бөгөөд сонгуулиар засаг ноён нь унавал дагаад гэлдрэх хүмүүс ч гэлцдэг.

Мөн Д.Батлутын хүрээллийнхэн орон сууцны дэмжлэгт хамрагдахдаа ах, дүү амраг саднаараа оржээ. Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг ихэр дүү нараа багтаалгасан байна. Тэднийх нь нэг нь аймгийн Хөдөө аж ахуйн газарт ажилладаг гэнэ. Төрийн албанд ахынхаа буянаар орсон нэгэн гэж орхончууд шивнэлддэг.

Бас нэгэн хачирхалтай, эмгэнэлтэй нь Засаг дарга Д.Батлут гэр бүлийн хоёрыг эхнэр, нөхөр гэж мэдэлгүй тус тусад нь орон сууц өгч баярлуулсан байдаг.

Ёстой л бурхангүй газрын бумба галзуурна гэж энэ байх даа. Түүний ингэж бумба аятай аяглаж, галзуурах үндэсийг дөнгөж томилогдсон цагаас хянаж, хуулийн дагуу ажиллахгүй байгаад нь хариуцлага тооцоогүйтэй л холбоотой.

Д.Батлутыг анх Орхон аймгийн Засаг даргаар батламжлагдах үед биеэ зөв авч явдаггүй, дээрнгүй нэгэн гэдгийг орхончууд цахимаар илэрхийлж байсан. Тодруулбал, мань хүн 2014 оны нэгдүгээр сард Орхон аймгийн МАН-ын хорооны дарга болж байсан нэгэн. Тэр үедээ зодооны хэрэгт холбогдож, нэг үе эмнэлэг, цагдаагийн байгууллага хоёрын дунд жим татуулах шахсан. Тэрбээр 2015 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө "Эрдэнэт секьюрити” компанийн захирал Э-г "Яахаараа намайг тоодоггүй юм” хэмээн агсарч "Надтай мэндэлсэнгүй” гэх шалтгаанаар зодож хүнд гэмтээсэн байдаг. /Энэ тухай хэвлэлүүд ч онцлож байсан/ Тэр үед хохирогч "Э” нь тархины суурь ясны гэмтэл авсан бөгөөд хэргийн газарт хохирогч Э шалан дээр түрүүлгээ хараад уначихсан ам, хамар, чихнээс нь цус гарч байсныг хамт байсан хүмүүс нь цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Хохирогч Гэмтлийн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан ба тархины суурь яс хоёр газраа хугаралтай, хамар, хацар цөмөрсөн, цус харвалттай гэсэн оноштойгоор эмчлэгдэж байсан байна.

 Ийм л хүн орхончуудын оройд заларчихаад, дээгүүр загнаж яваа. Дээгүүр загнахдаа бас тансаглалаа ч орхигдуулаагүй. Засаг дарга болмогцоо 2016 оны наймдугаар сарын 18-нд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагватай хамтран "Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн захирал Л.Даваацэрэнд албан бичиг илгээж, албан хэрэгцээндээ "Лексус-570”, "Ланд Круйзер-200” маркийн хоёр автомашин шийдэж өгөхийг "шаардаж” авахуулсан. Тэдгээрийг "Мөнх Хада” ХХК-наас 500 гаруй сая төгрөгөөр авсан хоёр машиныг одоо гурав дах жилдээ хөлөглөж байна. Харин Орхон аймгийн Засаг даргын албан хэрэгцээнд унаж байсан гэх өмнөх "Лексус-570”, ИТХ-ын даргын хөлөглөж байсан "Ланд Круйзер 105” машинууд хаачсаныг өнөөдөр хэн ч мэдэхгүй байгаа нь эргэлзээтэй. Тухайн үүнийгээ хамтын ажиллагааны гэрээний дагуу хэмээн хаацайлаад өнгөрч байсан.

Д.Батлутын зүгээр ч нэг машинаа сайжруулаад зогсоогүй. Өнгөрсөн хугацаанд гадаад явж, галуу шувууны мах идсэн ч орон нутагтаа овоо аятайхан төсөл хэрэгжүүлж, сайн туршалага нэвтрүүлсэн нь үгүй аж. Өмнөх дарга нь ядаж л аль нэг улс руу явсан ч төсөл биш юмаа гэхээд санаа олж ирээд аймагтаа хэрэгжүүлдэг байсан талаар иргэд нь ярьдаг. Жишээлбэл, өмнөх ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн Туркт очоод ирэхдээ тэндэхийн үндэсний хүрээлэн буюу "Мини турк”-ийг үзээд, аймгийнхаа балгас болчихсон байсан залуучуудын цэцэрлэгт хүрээлэнг засварлаж, Хөхмонгол цогцолборыг босгосон байдаг. "Эрдэнэт үйлдвэр”-ийн хэсэг хэлтсийн дарга нар Хөх хотыг үзээд буцахдаа Өвөрмонголын засгийн ордны өмнөх цэцэрлэгт хүрээлэнд байх хиймэл хадан хүрхрээг хараад, түүнээс санаа авч Ерөнхий захиргааны нэгдүгээр байр буюу Гендрекцийн өмнөх хадан хүрхрээг бариулсан ч гэдэг.

Гэтэл Д.Батлут өнгөрсөн 3 жилийн хугацаанд аймгийн дарга нар, ИТХ-ын төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин, Манжуур, Хонг Конг, Шанхай, Дубай зэрэг хотуудаар, Оросын Холбооны улсын олон хот район, Хойд ба Өмнөд Солонгос, Турк, Япон, Герман, Вьетнам, хамгийн сүүлд л гэхэд Унгар улсын Секешфехервар хот гэх мэт дэлхийн 20 гаруй улсаар нэг болон хэд хэдэн удаагийн давтамжтайгаар явж байжээ. Ингэхдээ хамгийн ихдээ аймгийн ИТХ-ын 20 орчим төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр төсвийн мөнгөөр зочилсон мэдээлэл сошиал сүлжээ, нийслэл орон нутгийн сайтуудаар нь гарч л байсан. Ердөө 10 гаруй орноор аялсан төсөв нь 354 сая хол давсан тухай нь мэдээлэгдэж байв.

Ийн хууль бус үйлдэл олонтой Д.Батлуттай ягаад хариуцлага тооцохгүй байгааг орхончууд йолгохоо байгаад уджээ. Харин өдгөө сонгуулийн чимээ ойртмогц МАН-ын төлөө хийж буй арга хэмжээ, аялал зуулга зэрэг нь ил, цагаан болж. Тиймдээ ч сонгуулийн мөнгө босгох даалгавраа биелүүлэхийн тулд Орхон аймгийн Засаг дарга хэмээх сэнтийд заларсан гэдгийг нь гадарлав бололтой. "Эрдэнэт үйлдвэр”-ийг өмчлөлийн асуудлаас нь болоод олны хараанд тавиад туучихсан болохоор арай ойроор нь орон нутгийнхантай хамтарсан гэдэг байдлаар овоо хэдэн төгрөг босгохоор тэмүүлэх суурийг Д.Батлут гэгч нөхөр их л сайн биелүүлж байгаа бололтой. Ингэхийн тулд ч өнгөрсөн хугацаанд хуулиас дээгүүр аашилж, эрхэлж явсан нөхөр юм биш биз.

http://erennews.mn/article/26697


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.