Төрийн өмчийн унааг хувийн хэрэгцээндээ ашиглан хүүхдээ сургуульд нь хүргэх үйлдэл зогсохгүй байна

32

Татвар төлөгч та бидний төлсөн мөнгөөр улсын төсөв бүрддэг. Төсвийн тодорхой хэсэг нь  төрийн албаны хурган дарга нарын албан хэрэгцээнд унах машин болж байгаа. Тухайн албан хэрэгцээнд ашиглах машиныг хувийн хэрэгцээнд буюу даргын  эхнэр хүүхдийг ажил, хичээл, дэлгүүр гоо сайхны газар хэсэхээс сэргийлж жилийн өмнө дараах наалтыг нааж байв. 

Тэгвэл  дарга нар албаны машиныг хувьд хэрэглэж байгаа эсэхийг шалгахаар манай сурвалжлах хэсэг BRITISH SCHOOL, AMERICAN SCHOOL, ЕБС-н Нэгдүгээр сургууль, Орос хэлний гүнгийрүүлсэн 3-р сургууль, Орчлон сургууль гэсэн таван байршил дээр ажиллаа. 

Тухайлбал, бид Сүхбаатар дүүргийн 2-р хороонд байрлах Нэгдүгээр сургуулийн байршилд Төрийн албаны зөвлөлийн төлөөлөл болон Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэсэгтэй хамтран 07:00 цагт ирсэн. Шалгалтын явцад Нэгдүгээр сургуулийн орчимд л гэхэд төрийн албаны машин байж болзошгүй  65 машин ирж хяналт шалгалт хийв. Энэ хооронд "Албан хэрэгцээнд" гэсэн тамгатай таван машин ирсэн юм. 

Эдгээр машинууд нь : 

05-63 УНҮ Соната-7 

06-60 УНҮ Соната-7 

02-35 УБЗ Кио оптима 

06-63 УБҮ Соната-7 

65-68 УБЧ Хьюндай аксент маркийн авто тээврийн хэрэгсэл  албаны автомашиныг албаны бус зорилгод ашиглаж хүүхэд зөөвөрлөж байсныг илрүүлжээ. 

Эдгээр машинууд нь УБТЗ ХНН-ийн Авто тээвэр үйлчилгээний төв, Нийслэлийн төр захиргааны авто бааз, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Засгийн газрын авто бааз, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ зэрэг төрийн өмчит байгууллагынх бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс эдгээр машины эзэмшигч нарт сануулга өгсөн юм. 

Энэ асуудлын цаана тангараг өргөсөн төрийн албан хаагчдын ёс зүйн сэдэв хөндөгдөж байгаа юм. 2016 оны наймдугаар сард Токио хотын дарга Масүзоэ төрийн албаны машинаар долоо хоног бүр зуслан руугаа явдаг байсан нь хугацаанаасаа өмнө огцрох шалтгааны нэг болж байв. 

Тиймээс энэ мэт үйлдлээс сэргийлэхийн тулд уншигч та  төрийн албаны машин албаны бус ажлаар зорчсон тохиолдолд 97178008 дугаарт хандах боломжтой  болсон. Өөрөөр хэлбэл төлсөн татвараа нийгмийн сайн сайхны төлөө зориулах, түүнчлэн шударга ёсны төлөө иргэд энэ мэтийг мэдээлж байх нь матаас бус ариун явдал юм.  

2012 оны үед төрийн өмчид 12 мянга гаруй автомашин бүртгэлтэй байсан бол 2016 он гэхэд бараг хоёр дахин буюу 22 мянга болж нэмэгдэж байжээ.  2012-2016 онд дарга нарын албан хэрэгцээнд зориулж 13.7 тэрбум төгрөгөөр Land 200 маркийн машин 119-ийг, 2.9 тэрбум төгрөгөөр Nissan Patrol маркийн жийп 40-ийг, 2.3 тэрбум төгрөгөөр Lexus 570 маркийн 13 ширхэгийг шинээр худалдан авсан баримт байна.

Өөрөөр хэлбэл, ердөө гуравхан жилд 19 тэрбум орчим төгрөгөөр дарга нарыг тансаглуулсан тоо баримт байна. Үүнд дээр шатахуун, тос, сэлбэг, жолоочийн цалин гээд зардал нэмэгдэнэ гээд тооцоорой.  Төрийн мөнгө  ёолдоггүй гэж л энэ байх.

Сурвалжлага бэлтгэсэн:

сэтгүүлч А.Баярмаа

http://dorgio.mn/p/111590

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.