Төр мартсан 47 өрхийг цахилгаантай болгоё

44
Тэд XXI зуунд телевиз үзэж чадахгүй, хувцсаа индүүдэж чадахгүй, хүүхдээ харанхуйд хуурайлж байна

Улсын нийслэл Улаан­баатар хотод иргэд лааны гэрэлд амьдарч байгаа талаар бид өмнө нь сурвалжилсан.Тодруулбал,Сонгинохайрхан дүүргийн Хамбын-Овооны хойд энгэрт 47 өрх гэртээ гэрэлгүй, хоолоо хийж идэх, халуун тогоо залгах цахилгаанүй, хүүхдийнхээ хичээлийг лааны гэрэл хийлгэсээр найман жил болжээ. Мөн хорооны хаяггүй учраас төрийн үйлчилгээ ч авч чаддагүй гэнэ. Хүүхэд нь ханиад хүрэх, хорооны тодорхойлолт авах, тусламж үйлчилгээнд хамрагдах гээд олон ажил энэ хүмүүст хаалттай. Өмнө нь хаанаас нүүж ирсэн, хаана хаягтай зөвхөн тэр газартаа очиж халамж, тэтгэвэрээ авдаг. Та боддоо ажлаасаа ядраад ирэхэд гэр тань харанхуй, утсаа цэнэглэх, зурагт үзэх, усаа буцалгаж уух цахилгаангүй байна гээд. Техник технологийн эрин үе ХХI зуунд нийслэл хотынхоо төвөөс арав хүрэхгүй километрт төрдөө хаягдаж амьдарч байгаа иргэдийг цахилгаантай, хаягтай болгох зорилтыг манай сонин баримтлан ажиллаж байна. 

С.Сайхантуяа: Зөвшөөрөлгүй газар буусан учраас цахилгаан албан ёсоор тавигдахгүй байгаа юм

2011 оноос хойш 47 өрх нь цахилгаангүй амьдарч байгаа талаар XХХIX хорооны Засаг дарга С.Сайхантуяагаас тодруулсан юм.

-Танай хорооны 47 өрх айлын шийтнээс цахилгаан царайчилж, гэрэлтэй, гэрэлгүй олон жил амьдарчээ. Эдгээр өрхийнхөө эрүүл, аюулгүй амьдралын баталгааг хангахад чиглэсэн ямар нэг зүйл та бүхэн  санаачилж байв уу? 
-Бүр огт цахилгаангүй айлууд бол биш шүү дээ. Албан ёсны шугам хүчдэл очоогүй л  болохоос хол ч  гэсэн айлаас цахилгаан татаад хэрэглэж байгаа. Одоо ч гэсэн тэдгээр айлын олонх нь цахилгаантай. Манай хороо ажил хийхгүй байгаа юм биш. Иргэдийн одоо амьдарч газрыг НИТХ-ын төлөөлөгчдийн хурлаар 2008 онд орон нутгийн тусгай хамгаалттай газар болгосон. Үүнээс хойш буюу 2011 оноос эхлэн эдгээр айл тусгай хамгаалттай газар зөвшөөрөлгүй буусан гэсэн үг. Зөвшөөрөлгүй газар буусан айлууд учраас цахилгаан албан ёсоор тавигдахгүй байгаа юм. 
-Бид Хамбын-Овооны хойд талын айлуудаар орж уулзсан. Айлууд яг орон нутгийн тусгай хамгаалалтын газарт багтдаггүй гэж ярьж байсан. Тодруулбал, хуучин хогийн цэгийг л засаж янзлаад буучихсан юм билээ? 
-Хамбын-Овоог тойрсон буюу тэр хавийн айлууд  орон нутгийн тусгай хамгаалалтай газарт хамаарагддаг. Хуучин хэдэн мянган ламыг хэлмэгдүүлж хороосон газар. Тэндээс маш их араг яс гарч ирдэг болохоор иргэдийг амьдрахыг зөвшөөрдөггүй. Тэр хавийн 16 га газрыг лам нарт зориулж хэлмэгсэдийн цогцолбор барих гэж байгаа. Нийслэлээс орон нутгийн тусгай хамгаалттай газрынхаа талыг нь буюу айл суурьшсан байгааг хамгаалалтаас гаргах тухай одоо яригдаж байна. 
-Албан ёсоор цахилгаантай болгох талаар яригдаж эхэлсэн юм уу? 
-Х.Нямбаатар гишүүн ажлын хэсэг гаргаад цахилгаангүй айлуудын бодит байдлыг судлуулсан. Суурьшсан айлуудыг нэн түрүүнд  тогтой болгох ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн. Одоо УБЦТС-аас ажлын суурь судалгааг хийж байгаа. Гэхдээ орон нутгийн тусгай хамгаалалттай газраас амьдарч байгаа хэсэг нь хасагдвал цахилгаантай болно.
-Цахилгаангүйгээс гадна эдгээр айл тогтсон хаяггүй байгаа юм билээ. Сонгинохайрхан дүүргийн XXIII, XXX, XХХIX хорооноос эдгээр иргэнийг танай, манай хорооных гэж голдоо хаяж явсаар төрийн үйлчилгээ авч чадахгүй байгаагаа тэд хэлсэн. Тухайлбал, шаардлагатай үед хаяггүй учраас өрхийн эмнэлэгт ч үзүүлж чаддаггүй гэсэн. Яагаад өдийг хүртэл хаягтай болгохгүй байгаа юм бол? 
-Газар нутгаараа бол тэдгээр айл манай хороо буюу ХХIX хороонд хамаарахаар болсон. ХХIII хорооноос XXXIX хороог энэ онд тусгаарлаж албан ёсоор энэ өрхүүдийг хорооны хаягжилт, бүртгэлтэй болгох болно. Гэхдээ төрийн үйлчилгээ, эмнэлэгт хамрагдаж үзүүлж чаддаггүй гэсэн зүйл байхгүй. Учир нь, энэ хүмүүс өөр өөрийн гэсэн хаягтай шүү дээ. Шаардлага гарвал харьяаны хороо, дүүрэгтээ үзүүлж болно. Мөн газар нутгийн байрлалаар бол ХХХ хороонд орох ёстой байсан. Нарийвчилсан судалгаагаар манай хороонд хамаарах нь тодорхой болсон учраас кадастарын зураг авхуулж байж газрын гэрчилгээ нь гарах байх.Амьдарч байгаа газар нь хэрэв орон нутгийн тусгай хамгаалалтаас гарчихвал хорооны бүртгэл, хаяг хийж өгнө. Би 2017 онд ажлаа хүлээж авсан болохоор өмнөх удирдлагууд ямар арга хэмжээ авч ажиллаж байсныг сайн мэдэхгүй.
-ХХХ хорооны Засаг дарга Ч.Гантулга "Манай хороонд харьяалагдана гээд айлуудаас мөнгийг нь гаргуулаад кадастарын зураг авхуулчихсан юм билээ. Тэр зургийг нь ашиглаж болохгүй юу?
-Би сайн мэдэхгүй байна. Дүүргийн газрын албанаас тодруулаарай. 
Манайх, танайх гэж хаясаар хороо ч үгүй, цахилгаан ч үгүй үлдсэн энэ айлуудад буух эзэн буцах хаяг байхгүй бололтой. Хэрэв Хамбын-овооны хогийн цэг орон нутгийн тусгай хамгаалалттай газраас хасагдахгүй бол эдгээр айл хаашаа нүүх нь тодорхой бус. Айлуудад газрын зөвшөөрөл олгох боломж байгаа эсэхийг тодруулахаар бид Сонгинохайрхан дүүргийн газрын албыг зорьсон юм.

М.Мөнхбат: Олон жил суурьшсан гээд газрыг нь өмчлүүлнэ гэсэн хууль байхгүй

XXIII, XXX хороог хариуцсан газар зохион байгуулагч Г.Мөнхбат "Бурханч лам Ч.Пүрэвбат орон нутгийн тусгай хамгаалалттай газар болгож, хэлмэгдсэн ламын цогцолбор барина гэсэн. Тэр хавийн газар хогийн цэг биш, лам нарыг хэлмэгдүүлж хороож, булсан газар юм билээ. Тэнд суурьшсан айлуудын доогуур лам нарын цогцос байх магадлалтай. Судлагдаж дуусаагүй байгаа болохоор тэдгээр өрхөд газрын зөвшөөрөл олгохгүй байгаа. Зөвшөөрөлгүй буусан газартаа олон жил амьдарсан гээд л газрын зөвшөөрөл олгоно гэсэн дүрэм, журам, хууль байхгүй. Орон нутгийн тусгай хамгаалалтын бүсийг багасгах хүсэлтийг газрын албанаас НИТХ руу хүргүүлээд байна. Тогтоол нь гарахаар эдгээр иргэний газрын гэрчилгээг гаргаж өгч болно. Кадастрын зургийн дагуу айлуудыг хэрхэн, яаж цахилгаантай болгох талаар яригдаж байгаа. УБЦТС-аас цахилгааныг хэрхэн шийдүүлэх талаар асуугаарай” гэсэн юм. 
Бид энэ талаар УБЦСТ-ын баруун түгээхийн цахилгаан хариуцсан мэргэжилтэн н.Даваасүрэнгээс тодруулахад "Шаардлагатай бичиг баримтыг нийслэлийн цахил­гаан хариуцсан мэргэжилтэн рүү нь хүргүүлсэн” гэв. 
Бид дараагийн дугаартаа олон жил төрдөө хаягдсан айлуудыг гэрэлтэй, цахилгаантай болгохын тулд холбогдох байгууллагагуудтай уулзах болно. 

Үргэлжлэл бий

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.