Хорин дөрвөн компанитай Б.Ундармаагаасаа бидний 240 тэрбумыг авч өг…!

87

Дараа нь миний Нийгмийн даатгалын шимтгэлийг нэм, МАНАН бүлэглэлийнхээн

Нэг гишүүний “идсэн” 240 тэрбум төгрөгийг нэг ажилтан сар бүр цалингаасаа 240 мянгыг суутгуулж төлөх нь ээ гээд ойлгочихож болно. Энэ бол Монголын нийгмийн дундаж давхаргыг устгаж, ид хөдөлмөрлөх насныханыг гадаадад боолын хөдөлмөр эрхлүүлэх маш хортой бодлого. Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлд ажилтан цалингийнхаа 11.5 хувийг, ажил олгогч нь 12-14 хувийг албан журмаар өгч байгаа. Он гарсаар энэ хувь хэмжээ ажилтан 12.5 хувь, ажил олгогчийнх 13.5-15.5 хувь болон өсөх гэж байна.

Дунджаар 1 сая төгрөгийн цалинтай ажилтан дээр жишээ авья. Сая төгрөгийн цалингаасаа ажилтан 125,000 төгрөг, ажил олгогч нь түүнд цалин өгснийхөө төлөө 150,000 төгрөг нийлээд 275,000 төгрөг нийгмийн даатгалын санд төлөх болж байна. Энэ дээр хүн амын орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгал бас нэмэгдэнэ. Санд төвлөрсөн мөнгөөр ирээдүйд үүсэх эрсдэл, тэтгэвэр авахад хэрэгтэй гэж бодоод төллөө гэж бодоход эргээд үр шимийг нь хүртэж чадахгүй байна.

Үүний оронд ажилтан сар бүр 125,000 төгрөгөө банкинд хадгалуулчихвал ганц жилийн дотор л 1.5 сая, 10 жилийн дотор дор хаяж 15 сая төгрөг хуримтлуулж чадна. Ажил олгогч даатгалд төлөх 275.000 төгрөгөөрөө ажилтныхаа цалинг мэдээж нэмнэ. Хулгайчид очих мөнгө хөдөлмөрлөсөн хүндээ очно.

Өнөөдөр Монгол улсын нийт даатгал төлөгчдийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгөнд ямар ч БАТАЛГАА алга. Улс төрчид энэ мөнгөөр “тоглодог”. Банкинд хадгалуулж хүүг нь өсгөх нэрээр өөрсдийнхөө бизнесийг босгодог. Хамгийн тод жишээ нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банк дампуурч Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 140 тэрбум нийт 240 тэрбум төгрөг алга боллоо. Энэ мөнгөө эргүүлж авахын оронд улс төрчид ажилчдын болон ажил олгогчдын нийгмийн даатгалын мөнгийг нэмэх замаар тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөх тухай ярьж байна.

Төр өнөөдөр тэтгэврээ тавьж чадахгүй болчихоод байгаа бол эхлээд Б.Ундармаагаас 240 тэрбумыг ав л даа. Эсвэл танай МАНАН намын сонгуулийн санхүүжилтэд зориулагдсан учраас бүгдээрээ хуйвалдаж буруутныг хамгаалаад байгаа юм уу. МАНАН гэж тодотгосны учир нь “Капитал”-д Нийгмийн даатгалын мөнгө хадгалуулахад Нийгмийн хамгааллын сайд нь одоогийн АН-ын дарга С.Эрдэнэ байсан юм.

Ард түмний татварын 240 тэрбумаар хувьдаа 24 компанитай болсон Б.Ундармаагаасаа эхлээд наад мөнгөө ав. Дараа нь миний нийгмийн даатгалын шимтгэлийг нэмээрэй. Надад цалин өгснийхөө төлөө ажил олгогчид ч татварын дарамтад ормооргүй байна.

Сэтгүүлч Б.Отгон

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.