Ойрх Дорнод дахь хүйтэн дайны хураангуй

433

Ойрх Дорнодын бүс нутагт өнөөдрийн байдлаар Сири, Ирак, Йемен, Ливи зэрэг дөрвөн орон улс төрийн гүн хямрал үүссэн гэж тодорхойлж болохуйц нөхцөл байдалд оржээ.

Дэлхий дээрх хамгийн их үймээн, самуун, дайн, шашны маргаантай гэгдэх тус бүс нутагт яг одоо Сири, Ирак, Йемен гэх гурван улсад дайн үргэлжилж байна. Эдгээр дайн нь бүгд шашны мөргөлдөөний улмаас үүссэн бөгөөд шашны хэт даврагч, террорист бүлэглэлүүд Ойрх Дорнод дахь үймээн самуунтай тус орнуудын хилийн бүсэд хяналтаа тогтоож, идэвхтэй үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа юм. Хилийн шугам дагасан алан хядагчдын ноёрхлыг хязгаарлаж чадахгүй байгаагаас болж хүчирхийлэл, алан хядлага, цус асгаруулсан дайн цаашид улам өргөжих хандлагатай болжээ.

Түүхийн хувьд XX зуунд Ойрх Дорнодын орнууд үндсэндээ зөрчилдөөнөөс зөрчилдөөний хооронд явсаар ирсэн юм. Энэ хугацаанд гарсан бүх бослого, үймээн самуун, дайны ард Иран болон Саудын араб гэх хоёр улс үргэлж хутгалдсаар иржээ. Тус хоёр улс нь бүс нутгийн хэмжээн дэх ширүүн өрсөлдөгчид бөгөөд Ойрх Дорнод дахь тэдний үл ойлголцлыг тодорхойлохын тулд юун түрүүнд хэд хэдэн фактыг зайлшгүй дурдах шаардлагатай аж. 

1.Дэлхийн I дайны дараагаар Арабын хойгийг эрхшээж байсан Османы эзэнт гүрэн нуран унахад тарж бутарсан овог, аймгууд эрх мэдлийн төлөө тулалдаж эхэлсэн юм. Тэдний дундаас ал-Сауд овог Арабын хойгийн ихэнх хэсгийг эзэлснээр 1932 онд өөрсдийгөө Саудын Арабын хаант улс гэж тунхагласан байдаг. Улс тунхагласнаас зургаан жилийн дараа Саудын Арабад газрын тосны асар их нөөц илэрч, хаант засаг АНУ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэдхэн жилийн дотор дэд бүтэц өндөр хөгжсөн, баян улс болж хувирсан аж.

Энэ үед Персийн буланд тэдэнтэй зэрэгцэн хөгжиж эхэлсэн Иран улс илүү хүнд замыг туулж байв. Учир нь хэдий тус улс хүн ам, газрын тосны нөөц ихтэй ч гаднын орнуудын оролцоотой нийгмийн хямралууд тасралтгүй үргэлжилсээр байжээ. Иран улс нь XIX зуунаас хойш Оросуудад 1804, 1941 онуудад, Их Британичуудад 1907, 1941 онд тус бүр хоёр удаа эзлэгдэж байсан юм. Харин 1953 онд АНУ-ын нууц оролцоотойгоор Иранд төрийн эргэлт гарч Ерөнхий сайд Мохаммед Мосаддыкийг түлхэн унагаж, хаант засгийг гаргаж иржээ. Ингээд Реза-шах Пехлевигийн удирдлагад Иран улс барууны хөгжингүй орон болох шинэчлэлийг хурдацтай хийж эхэлсэн байна. Гэвч түүний дэглэмд тус улс авлигалд идэгдсэн, дарангуйллын нийгэм болон хувирчээ.

АНУ-ын дэмжлэгтэйгээр 1970 он гэхэд тус хоёр улс нь газрын тосон дээр суурилсан хүчирхэг эдийн засагтай орнууд болсон аж. Гэвч нэгэнт бүс нутагт давамгайлах болсон хоёр орны эрх баригчид болон ард түмний дунд шашин, соёлын ялгаанаас үүдэлтэй зөрчил бий болж эхэлсэн байна. Тухайн үед Ираны дарангуйлагч Реза-шахын эрх мэдэл, нөлөө асар хүчтэй болж эхэлсэн бөгөөд түүний шашны шинэчлэл өөрсдийнх нь ард түмэнд нөөлөлөхвий гэж эмээсэн Сайдын Арабын эрх баригчид түүнийг түлхэн унагах хэрэгтэй гэж үзэж байжээ. Гэвч 1979 онд Исламын бүгд найрамдах Иран улсыг үүсгэн байгуулагч Рухолла Хомейни Исламын хувьсгалыг толгойлж 2.500 жилийн түүхтэй хаант засгийг түлхэн унагасан аж. Шашны зүтгэлтэн Рухолла Хомейни Иранд шашны хатуу дэг жаягийг эргүүлэн тогтоож, барууны дэмжлэгтэй хаант засгуудыг хүчтэй эсэргүүцэж эхэлсэн нь Иран болон Сайдын Арабын хооронд  өнөөгийн хурцадмал байдал үүсэх үндсэн шалтгаан болсон байдаг. Саудын Арабын хувьд Рухолла Хомейнигийн шашны хэт үндсэрхэг үзэл Ираны хаант засгаас ч илүү бодит айдас болж байв. Ингээд хоёр орны ард түмэн шашны асуудлаас болж бие биенийхээ өөдөөс хэзээд босоход бэлэн болжээ.  

Үүний дээр Саудын Арабууд өнөөдрийг хүртэл өөрсдийгөө Исламын ертөнцийн лидер гэж үздэг. Учир нь Исламын шашинтнуудын хувьд ариун шүтээнд тооцогддог Медина болон Мекка гэх сүмүүд хоёул тус улсад оршдог. Гэвч Ираны удирдагч Рухолла Хомейни 1979 оны хувьсгалын дараагаар Исламын бүгд найрамдах Иран улсыг Исламын ертөнцийн албан ёсны лидер гэж өргөмжилсөн нь энэхүү хурцадмал байдал хурдацтай өргөжих нэг шалтгаан болсон байдаг.

2.Иран, Саудын араб нь Исламын шашны суннит болон шийт гэх гол хоёр урсгалын төв болдог нь тэдний хоорон дахь бүс нутгийн өрсөлдөөнийг дэврээдэг хамгийн чухал асуудал юм.

Исламын бүгд найрамдах Иран улсын хувьд нийт 82,5 сая хүн амтай. Үүний 90 хувь нь шийтийн шашинтай. Харин Саудын арабын хаант улсын хувьд 34,2 сая хүн амтай бөгөөд нийт иргэдийн мөн 90 хувь нь Исламын шашны суннит урсгалыг шүтдэг. Үндсэндээ дэлхий дээр нийт 1,5 тэрбум Исламын шашинт хүн байдаг гэж үздэг. Үүний 20 хувь нь Ойрх Дорнодын орны иргэд аж. Дэлхийн нийт Исламын шашинтнуудын 85-90 хувь нь суннитын урсгалыг дагадаг гэх бөгөөд Саудын араб, Египет, Иордан зэрэг орнуудад суннитууд үндэстний олонх болдог. 2009 оны судалгааны тайланд нийт Исламын сүсэгтнүүдийн 10 хувь буюу 154-200 сая орчим хүн шийтийн урсгал шүтдэг гэжээ. Ойрх Дорнодын Иран, Ирак, Бахрейн гэх орнуудад үндэсний олонхыг шийтүүд бүрдүүлдэг. Тэгвэл Катар, Кувейт, Йемен, Ливан, Сири зэрэг орнуудад дээрх хоёр шашны сөргөлдөгч талууд харьцангуй тэнцүү байдаг.

Нэг сонирхолтой зүйл байдаг нь Исламын ертөнц дэх хүн амын дундаж амьжиргааны хувьд суннитууд шийтийн урсгалыг дагагчдаас харьцангуй хангалуун амьдралтай байдаг аж. Мөн барууны ертөнцөд Ойрх Дорнодын энэхүү шашны гол төлөөллүүдийг маш хатуу дэг жаягтай, харгис хэрцгий гэж хүлээж авах хандлага их ажиглагддаг бөгөөд тэдний хоорондын тэмцлийг цус асгаруулсан, өршөөлгүй дайн мэтээр хүлээж авдаг байна. Гэвч үнэн хэрэгтээ Исламын шашин хоорондын үл ойлголцол 1979 оны Ираны хувьсгалаас өмнө хэзээ ч  Христийн шашны католик болон протестантууд шиг нэгнээ хөнөөхөд хүргэж байгаагүй аж.

Иран, Сайдын Арабын хооронд буюу суннит болон шийтын дундах өнөөгийн мөргөлдөөнийг улам хурцатгах өөр нэг шалтгааныг АНУ эхлүүлсэн түүхтэй. Тухайлбал, 1980 онд АНУ-ын Тагнуулын төв газрын нэгэн тайланд Ираны засгийн газар Ирак, Афганистан, Саудын Арабыг унагаах зорилгоор эдгээр орнуудын шийтийн цөөнхүүдэд дэмжлэг үзүүлж байна гэжээ. Үүнд өдөөгдсөн Саудын Арабууд Ираны эсрэг илүү хатуу бодлого барихаа мэдэгдэж АНУ болон Исламын бусад хаант улсуудыг хамрах Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл гэх байгууллагыг байгуулсан нь хоёр орны сөргөлдөөнийг шинэ шатанд буюу олон улсын төвшинд авчиржээ.

3.Ираны бүс нутаг дахь түрэмгийлэл тэдний бусад хөршүүдэд ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй байв. Ингээд 1980 оны есдүгээр сард Ирак улс Ираны хил орчмын долоон цэгт гэнэтийн цохилт хийснээр хоёр орны хооронд дайн дэгдэв. Иракын дарангуйлагч Садам Хуссейн Иранд цохилт өгөх замаар хувьсгалын дараа бий болсон Ираны үзэл суртлыг бага дээр нь дарахыг оролдсон байна. Үүний хүрээнд Иракууд Ираны эдийн засгийн гол хөшүүрэг болсон газрын тосны ордуудыг гол байгаа болгож байв. Дайны нөхцөл байдал хүндэрч талууд харилцан химийн зэвсэг ашиглаж эхэлснээр олон хүний амь нас үрэгдсэн түүхтэй. Ингээд аажмаар Иранчууд ялалт байгуулж эхэлсэн бөгөөд Садам Хуссейны төлөвлөгөө бүтэлгүйтэх хандлагатай болж эхлэв.

Энэ үед паникт орсон Саудын Арабын эрх баригчид Иракт мөнгө, зэвсэг, ложистик дэмжлэг үзүүлэхээр шийджээ. Найман жилийн турш үргэлжилсэн уг аймшигт дайнд нэг сая гаруй хүн амь үрэгдсэн гэсэн тооцоо байдаг. Ираны тал энэ бүхэнд Саудын Арабын эрх баригчдыг хурцаар шүүмжилдэг. Ингээд АНУ-с Иракт довтолж Саддам Хуссейныг түлхэн унагах хүртэл 15 жилийн хугацаанд тус улс нь Саудын араб болон Ираны хоорондын төлөөллийн дайны гол бай болсон түүхтэй. Саудын Арабын хувьд өнөөг хүртэл газар зүйн байршлын хувьд тэднийг Иранаас хуурай газраар тусгаарладаг Иракийг өөрсдийн гупер улс болгон ашигласаар байна.  

Хэдий АНУ Саддам Хуссейныг түлхэн унагасан ч энэ нь эргээд Иракт иргэний дайн гарч, шашин хоорондын мөргөлдөөн үүсэх гол шалтгаан болсон гэж судлаачид үздэг. Учир нь зөвхөн Ирак төдийгүй тус бүс нутаг дахь шашны бүлэглэлүүдийг хянаж байсан Саддам Хуссейн үгүй болсноор суннит болон шийтийн хэт даврагч, алан хядагч бүлэглэлүүд Ойрх Дорнодод хаа сайгүй хүчээ авах болжээ. Эдгээр бүлэглэлүүд дор бүрнээ Иракт үүссэн тогтворгүй байдлыг далимдуулан улам хүчирхэгжиж, боломж гарсан тохиолдолд төрийн эрхэнд гарахыг санаархаж байв. Тэдний энэ санаархлыг Иран болон Саудын Арабын эрх баригчид хялбархан өөрсдийн бүс нутагт ноёрхох бодлогын зэвсэг болгон ашиглаж эхэлсэн байна. Ираны тал Ирак дахь шийтийн бүлэглэлүүдийг санхүүжүүлж, тэднийг зэр зэвсгээр хангаж байв. Харин тэднийг ОХУ ардаас нь дэмжих замаар илүү том лигийн тоглолтыг үргэлжлүүлсэн юм. Нөгөө талд Саудын арабууд суннитуудыг санхүүжүүл, зэр зэвсгээр хангаж эхэлсэн бөгөөд тэдний ард АНУ зогсож байлаа. 

Энэхүү өөрчлөлт Ойрх Дорнодод 2011 оны Арабын хаврын хувьсгалыг авчирсан бөгөөд хаант засаглалыг эсэргүүцсэн ардчиллын төлөөх хөдөлгөөнүүд өнөө хэрнэ тус бүс нутгийн хэд хэдэн оронд үргэлжилсээр байна. Иран, Саудын Арабын хувьд ч энэ асуудалд өөр өөр өнцгөөс хандаж, эрх мэдлийн төлөөх өрсөлдөөндөө ашигласаар байгаа юм. Саудын Арабын хувьд бусад орнуудад болж буй шинэчлэлт өөрчлөлтүүдэд төвийг сахих байр сууриас хандаж буйг судлаачид өөрийн улсад ийм ижил тэмцэл өрнөхөөс сэргийлсэн алхам гэж тодорхойлдог. Харин Ираны хувьд хэдэн арван жилийн турш энэ өөрчлөлтийн төлөө тэмцсээр ирсэн, түүнийгээ үргэлжлүүлсээр байна. 

Тухайлбал, Тунисийн ардчиллын төлөөх хөдөлгөөнийг Иранчууд дэмжиж байгаа бол Саудын арабын тал тэдний дарангуйлагч Ерөнхийлөгч асан Зин эль-Абдин бин Алигийн талд энэ оны есөн сард таалал төгсөх хүртэл нь зогссоор байв. Мөн Бахрейны шийтийн урсгалын тэргүүний засгийн газрын эсрэг тэмцлийг Иран дэмжиж байгаа бол Саудын арабууд Бахрейны хаант засагт дэмжлэг үзүүлэхээр тус улсад цэргээ илгээгээд байна. Тэд Ливи, Ливан, Мароккод ч төлөөллийн дайн хийх замаар ард түмнүүдийг нь хагалан бутаргасаар байгаа юм. Хамгийн гол нь тэдний үйл ажиллагаа өнөөдөр Йемен, Сири тэргүүтэй дэлхийн нийтийн санааг чилээж буй орнуудын асуудалд том хаалт болсоор байна. Ираны засгийн газар Йемен дэх шийтийн Хоути хэт даврагчдыг санхүүжүүлдэг гэгдэж буй. Хоути нар сүүлийн саруудад Саудын араб дахь хэд хэдэн газрын тосны байгууламжуудад халдлага үйлдсэн билээ. Харин Саудын Арабын зүгээс Йемений хаант улсын засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор цэргээ илгээгээд байна. Сирийн хувьд нөхцөл байдал хамгийн хүнд. Учир нь тэнд Ираны арми дарангуйлагч Башар ал-Асадад дэмжлэг үзүүлэх зорилгоор шийтийн хэт даврагч Хесболла болон бусад босогчдын бүлгүүдийн хамт тулалдаж байна. Тэдний эсрэг Саудын Арабын дэмжлэгтэй суннитын босогчдын бүлгүүд дайтсаар байгаа юм.      

4.Иран болон Саудын Арабын хооронд олон жил өрнөсөн бүс нутгийн эрх мэдлийн төлөөх тэмцэл тэдэнд дайсагнах олон өөр шалтгааныг бий болгосон юм. Гэвч үнэн хэрэгтээ тэд хэзээ ч харилцан дайн зарлаж, хоорондоо байлдаж байгаагүй ард түмнүүд билээ. Үүнийг Кашмир дахь Энэтхэг, Пакистаны төлөөллийн дайн, XX зуунд 40 жилийн турш ЗХУ болон АНУ-ын хооронд үргэлжилсэн хүйтэн дайны үеийн Вьетнам, Солонгосын дайнтай адилтган үзэж болох юм.

Аль ч тохиолдолд гаднын нөлөөтэй үүссэн дайн нь зөвхөн тухайн дайны талбар болсон ард түмнийг хоёр хуваагаад зогсохгүй бүс нутагт тогтворгүй байдал үүсгэсэн нь өнөөдөр ч том асуудал хэвээр байна. Тухайлбал, Солонгосын хойгийн асуудал, Кашмирын хямрал зэрэг нь өнөөгийн дэлхий дахинд цөмийн дайны аюулыг анхааруулдаг.

Тэгвэл Иран болон Саудын Арабын хооронд өрнөсөн төлөөллийн дайнууд өнөөгийн Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй тогтворгүй байдлыг бий болгоход голлох нөлөөг үзүүлсэн гэдэгтэй маргахад тун бэрх. Магадгүй хамрах хүрээнээс нь шалтгаалан үүнийг хүйтэн дайнтай харьцуулж болох талаар ч судлаачид онцолдог. Тухайн үед ЗХУ болон АНУ-ын эрх баригчид дэлхийд тэргүүлэх хүслээ гүйцэлдүүлэх өрсөлдөөндөө ялалт байгуулахын тулд хэн хэн нь дарангуйлагчид, босогчдын бүлгийг дэмжиж гаргаж ирэх замаар тухайн орны дотоод асуудалд хөндлөнгөөс нөлөөлж байв. Яг үүнтэй ижлээр Иран, Саудын араб нь Ойрх Дорнодод давамгайлал олж авах энэхүү өрсөлдөөн хэдэн хүний амь насны үнэ цэнэтэй тэнцэх талаар дайныг эсэргүүцэгчид асуудаг. Нөгөөтээгүүр өнөөдөр Европ болон дэлхий дахинд хямрал авчраад буй Ойрх Дорнодын цагаачдын асуудал тэдний үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай. Харин энэхүү үл ойлголцлоос болж үргэлж савлаж байдаг дэлхийн зах зээл дээрх нефтийн бүтээгдэхүүний ханшийн асуудалд ОХУ, АНУ тэргүүтэй их гүрнүүд илүүтэй буруутай талаар барууны олон ч хэвлэлүүд дурджээ. 

Цаашид Ойрх Дорнод дахь Иран, Сайдын Арабын сөргөлдөөн улам хурцдах хандлагатай байна. Тэд 2016 оны нэгдүгээр сард дипломат харилцаагаа цуцалсан бөгөөд саяхан суннитын Исламын улс бүлэглэл Сирид ялагдал хүлээж, толгойлогч асан Абу Бакар ал-Багдади АНУ-ын тусгай хүчний ажиллагааны үеэр алагдсан нь бүс нутгийн нөхцөл цаашид таамаглахад хүндрэлтэй болгож байгаа талаар олон улсын улс төрийн ажиглагчид, Ойрх Дорнодын асуудалд мэргэшин судлаачид дурдсаар байна.

О.Мөнхбат

Эх сурвалж: VOX 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>