“Чингис хаан” банкны гол хувьцаа эзэмшигч буюу Ерөнхий сайдын зөвлөхийн “баз” Д.Батаа гэж хэн бэ?

113

“Чингис хаан” банкны гол хувьцаа эзэмшигч буюу Ерөнхий сайдын зөвлөхийн “баз” Д.Батаа гэж хэн бэ?

 

АТГ-ын шалгалтаар банкиндаа байршуулж байсан ЭМД-ын сангийн мөнгөний үлдэгдлээс илүү хүү бодож ЭМДЕГ-ын даргад хахууль өгсөн хэрэгтээ яллагдагчаар татагдаад байгаа "Чингис хаан” банкны гол хувьцаа эзэмшигч "Нью стандарт финанс” ХХК болон хувьцаа эзэмшигчдийн талаар бид цувралаар нийтэлж байгаа.
Энэ удаад "Нью стандарт финанс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, "Стандарт групп” ХХК-ийн захирал Д.Батаагийн талаарх мэдээллийг хүргэе.

Миеэгомбын Энхболдын фракцынхан ид ноёрхож байх үеэс  Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын сав газрын 38 га газрыг бүхлээр нь өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн хэд хэдэн компаниараа дамжуулан эзэмшиж буй. Туул голын бургасыг хядаж, Монголын баячуудын хотхон байгуулах эхлэлийг тавьсан "стандарт” Батаа гэдгээр нь хүмүүс энэ хүнийг таньж магадгүй.

2004 онд М. Энхболдыг Засаг дарга байх үед Туул голын сав газарт 15.6 га газрыг,  2010 онд Г.Мөнхбаярыг Хотын дарга байх үед 23.2 га болгон газраа тэлсээр,  нэмсээр Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх газрыг эзэмшсэн нэгэн. Түүнд МАН-ын тухайн үеийн хотын фракцаас томилогдсон хотын ЗД болон хууль хяналтын дарга нар 2012 он хүртэл үйлчилж, хэнд ч халдашгүй газрын эзэн болгосон юм.

2012-2016 онд Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Батаагийн "Стандарт групп” ХХК Туулын бургасыг хайр найргүй сүйдэлж, зөвшөөрөлгүйгээр барилга барьж буй хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоохоор холбогдох төрийн байгууллагуудтай хамтран удаа дараа оролдож,  газрын зөвшөөрлийг нь цуцлах асуудлыг тавьж байсан ч дийлээгүй. Харин ч бургасаа хядсаар, барилгаа барьсаар "Хан хийлс” хотхоныг ашиглалтад оруулсан. Одоо 2 дахь төслөө хэрэгжүүлэхээр өнгөрсөн хавраас Зайсангийн гүүр тийшхи бургасыг устгасаар, булсаар газраа тэлээд эхэлчихсэн. Гэвч Хотын дарга С.Амарсайхан өөрийн хамаарал бүхий "Зүүн баян рефарс” ХХК-ийн эзэмшиж байсан Маршалын гүүрний зүүн талын газрын зөвшөөрлийг цуцалсан атлаа "Стандарт групп” ХХК-тай нэг түрүүвчтэй, нэг эзэнтэй "Могул ибиз” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаа, Туулын бургасыг үргэлжлүүлэн хядаж байгаа үйлдлийг харсан ч таслан зогсоож чадахгүй байна. Учир нь Д.Батаагийн баз хүргэн нь 2011 онд хагас тэрбумаар үнэлэгдэх мөнгөтэй сейфээ гэрээсээ хулгайд алддаг өнөө алдарт "сейфтэй” сайд Н.Хүрэлбаатар юм.

Сү.Батболдын Засгийн газрын үед ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга, ЭМ-ийн сайдаар ажиллахдаа олон нийтэд танигдаагүй энэ хүн маш их мөнгөтэй сейфээ хулгайд алдсан хэргээр олонд танигдаж ил гарч ирсэн. Түүнээс хойш нам жим байж байгаад У.Хүрэлсүхийг "Шударга ёс”-ны тэмцэл эхлүүлэн нам, засгийн эрхэнд гарч ирэхэд суганд нь хавчуулагдан гэнэт дэргэд нь очиж амжсан байдаг. Н.Хүрэлбаатар одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажилладаг. Яг юу зөвлөдөг эсэхийг нь мэдэхгүй. Гэвч маш их хэмжээний юань болон хэдэн зуун сая төгрөгийг хаанаас авсан эх сурвалжаа тайлбарлаж чадалгүй байж байгаад баз хүргэн Батаа руугаа чихэн хэргээс мултарч байсан сүйхээтэй хүн. Тухайн үед энэ хэргийг УМБГ болон АТГ -ууд бусдаас их хэмжээний хахууль авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт зэрэг зэрэг дуулиан шуугиантайгаар шалгаж байсан юм. Тухайн үед Н.Хүрэлбаатар, Д.Батаа нар энэ хагас тэрбум төгрөгөөр ядууст зориулсан эмнэлэг, сүм барих гэж байсан хэмээн мэдүүлсэн байдаг. Гэвч эдүгээ 8 жил өнгөрсөн ч эмнэлэг ч, сүм ч аль аль нь алга.  Харин өнөөдрийг хүртэл сейф дүүрэн хагас тэрбум төгрөг хахуулийн мөнгө байсан уу,  мөнгө угаасан уу эсвэл Н.Хүрэлбаатарын авралын "од” болсон баз Батаа нь Туул голын эрэг дагуух газрыг наймаалж босгосон мөнгөө хадгалуулж байсан уу, эсвэл хэнээс, хаанаас яах гэж оруулж ирсэн нь тодорхойгүй нам дарагдсаныг уншигчид мартаагүй байх аа. Лав л ариун цагаан хөдөлмөрөөрөө, шударга бизнесээр олсон мөнгө байсан бол улсад тэр хэмжээний татвар төлдөг олонд танигдсан компанитай байх байсан даа. Ямартай ч ийм нэг аль ч нам, хэний ч фракц хүчирхэгжих үед хажууд нь хүнээ шургуулчихдаг 2 баз нэг нь улс төрд, нөгөө нь Монголын ашигтай гэсэн салбаруудыг онилсон том хувьцаа эзэмшигч болжээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газарт Д.Батаа базаараа ийнхүү бамбай хийгээд зогсохгүй МАН-ын үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарын дэргэд өөрийнхөө хүмүүсийг байршуулж иржээ.  Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед нутгийнх нь хуурай ах -зөвлөгч, НИТХ-ын төлөөлөгч асан Б.Төмөрчулуун нь Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан бол огцронгуутаа "Чингис хаан” банкинд нь зөвлөгч нь болсон байдаг. Бизнесийн хамтрагч гэхээсээ улс төр дэх гар хөл болсон энэ мэт хүмүүс түүнд олон бий.

Ийм л харайлт хол, гар урт Батаа гэх далд  ноёнтон эрх ашгийн гинжин сүлжээгээрээ Монголын улс төр, бизнесийн салбарыг чимээгүйхэн шимж сууна. Тэдний энэ нарийн холбоо сүлбээг У.Хүрэлсүх тэргүүтэй шударга улстөрчид мэддэг, нэг л өдөр цэвэрлэх л байх. Гэхдээ цаг хугацаа явсаар, мафийн сүлжээ нарийссаар, их цэвэрлэгээг хүлээсэн ард түмний итгэл алсарсаар л ….

Харин хотын дарга С.Амарсайхан шударга байхыг хичээж, ахынхаа эзэмшлийн газрын зөвшөөрлийг хүртэл цуцалсан нь саяхан. Гэтэл  Батаагийн эзэмшлийн ахынхаа эсрэг талын газарт халдаж чадалгүй, хууль бус үйлдлийг нь харсан ч хараагүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнөөдрийг хүрсэн. Энэ нь МАНАН-гийн мафийн ямар том сүлжээ Туул голын газрыг эзэмшиж, "Чингис хаан” банкны ард нуугдаж буйг  харуулна.

Д.Батаа "Ривер гарден” хотхонтой залгаа "Хан хийлс” хотхоноо  "Чингис хаан” банкнаас зээл гаргуулан  ашиглалтад оруулсан. Магадгүй тус банкинд байршсан ЭМД-ын сангийн мөнгийг "Хан хийлс” хотхонд хуулийн дагуу зээлдүүлсэн, эргэлдүүлсэн эсэхийг холбогдох хууль хяналтынхан шалгаж буй байх. Хэрэв зээ м2 нь 3.6- 4.2 саяар зарагдаж буй тансаг зэрэглэлийн энэ орон сууцны барилгадаа ЭМД-ын мөнгөнөөс оруулсан бол Даатгалын санд хэдэн хувийн ашиг өгснийг ЭМ-ийн даатгал төлдөг хүн бүхэн мэдэх эрхтэй. Магадгүй ЭМД-ын сангийн мөнгийг "Чингис хаан банк” болон ЭМДЕГ энэ өндөр үнэтэй барилгын бизнест оруулан өсгөж арвижуулсан бол ард түмэн алга ташин баяр хүргэх нь дамжиггүй.
Харамсалтай нь ямар үл ажиллагаа эрхэлдэг, улсад хичнээн төгрөгийн татвар төлдөг нь ч тодорхойгүй "Стандарт групп” ХХК болон "Могул ибиз” гэх хууль зөрчин үйл ажиллагаа явуулдаг нэр муутай компанийн бизнесийг дэмжиж зээл олгосны цаана хэн нөлөөлж, хэний ямар ашиг сонирхол нуугдав?

Монголдоо хамгийн үнэтэйд ордог,  доод тал нь 400 саяас тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгддэг Туул голын эрэг дагуух "Ривер гарден”, "Хан хийлс” хотхонд  амьдардаг улстөрчид, төрийн албаны дарга, тэдний үр хүүхдүүдийг жагсаавал хэний ашиг сонирхолд нийцүүлэн, хэний ямар мөнгөөр энэ байруудыг өгч, авдгийг ирлүүлж болно. /Энэ талаар дараа хүргэх болно/

Мөн дараагийн анхаарал татсан асуудал бол арилжааны банкууд зээл олгохдоо хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн бизнесийн түүх, санхүүжилт, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг нь нарийвчлан судалдаг. Харин "Чингис хаан” банк хуулийн дагуу судалсан уу? Олон жилийн өмнөөс Батаа гэх энэ нууц ноёнтон болон түүний компаниудын  мөнгөний эх үүсвэрийн талаар олон ч хардлага сэрдлэг яригдсаар ирсэн. Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх газрыг зарж, газрын наймаагаар хөрөнгөжсөн хэмээдэг. "Номин констракшны” барьсан "Ривер гарден” хотхонтой эзэмшил нэг ч гэж яригддаг. Ямартай ч Батаа гэдэг энэ хүний компаниуд яг ямар үйл ажиллагаа явуулж, хаанаас хөрөнгө босгодгийг мэддэг хүн ховор юм билээ. Туул голын эрэг дагуух энэ хэдэн га газар хичнээн үнэд хүрлээ гэхэд 8 блок бүхий тансаг зэрэглэлийн хотхон барих, "Чингис хаан” банкны гол хувьцааг эзэмшигч болтол нь хэдэн арван сая доллараар үнэлэгдэх үү?
Ийм нэгэн яаж хөрөнгөжсөн нь тодорхойгүй, хэний ямар эх үүсвэртэй мөнгөөр хөрөнгө оруулаад байдаг нь тодорхойгүй Д.Батаа гэх "нууц” ноёнтон өнөөдөр "Нью стандарт финанс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэн "Чингис хаан” банкны гол хувьцаа эзэмшигчдийн нэг болсныг "Чингис хаан” банкны хахуулийн хэргээс үүдэн хэсэгхэн мэдээллийг ил гаргаж байгааг АТГ, тагнуул, цагдаагийнхан анхааралдаа авах буй за.

 
Эх сурвалж: tvmongolia.mn     

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.