Хятадууд үүдээ түр “хааж”, Монголын нүүрсний экспорт ДОЛОО орчим сая тонноор тасалдах нь

51

Хятадууд дахиад гэдийвэл, Монголын нүүрсний экспорт тасалдах эрсдэл хажуу дэргэд байна гэдгийг энэ сарын эхээр манай сайт мэдээлж байсан. Тэгвэл БНХАУ-ын тал манайхаас сүүлийн өдрүүдэд нүүрс авахгүй байгаа гэх мэдээлэл байна. Сануулахад, БНХАУ энэ оны эцэст нүүрсний импортоо танах төлөвтэй байгааг тус улсын шинжээчид хоёр сарын өмнө “Coal Mongolia”-гийн индэр дээрээс дуулгаж байсан юм.

Харин Хятадын үндэсний  нүүрсний ассоциацын мэдээллээр жилд гаднаас авах нүүрсний хэмжээг 300 сая тонноос хэтрүүлэхгүй байх бодлого барьж буй тус улс оны эхний арван сарын гүйцэтгэлээр 280 орчим сая тонн нүүрс авчихсан байсан. Тиймээс манай нүүрсний үндсэн гол зах зээл эрэлтээ хумих нөхцөл бараг бүрдсэн гэсэн үг. Тэд зөвхөн биднээс нүүрс авдаггүй. Дотоодын нийлүүлэлт гэж бий. Мөн Австрали, Орос гэхчлэн нийлүүлэгчид тэдэнд байгаа. Тэгэхээр тооцож төлөвлөсөн нийт хэрэглээнийхээ 10 хүрэхгүй хувийг хаанаас, хэнээс, хэрхэн яаж авахыг нь заах эрх бидэнд угаасаа байхгүй.

Естой нөгөө дүрмийн дагуу гэдэг шиг оны төгсгөл ойртсон энэ үед БНХАУ манайхаас нүүрс авахаа түр зогсоож байгаа бололтой. Тэгвэл тэдний шийдвэр манайд хэрхэн тусах вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Энэ оны сүүлийн өдөр гэхэд 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөгөө төсвийн тухай хуулиараа баталгаажуулсныг сануулъя.

Сангийн яамны мэдээллээр гуравдугаар улирлын байдлаар 28.8 сая тонныг гаргасан нь жилийн өмнөхтэй харьцуулахад таван хувийн өсөлт байсан. Харин аравдугаар сарын байдлаар 32.3 сая тонн нүүрсийг  Монголын хилээр гаргасан гэх мэдээллийг Гаалийн ерөнхий газраас өгч буй.

Тэгвэл одоо өмнөд хөрш үүдээ хаачихаар үлдсэн есөн сая тонн нүүрсний экспортын асуудал бүрхэг байдалд орно гэсэн үг. За арваннэгдүгээр сарын эхний өдрүүдэд гаргасан нүүрсний хэмжээ одоогоор албаны статистикуудад ороогүй байгааг бас дурдах нь зөв байх. Сангийн яам болон Гаалийн ерөнхий газрын нэг сарын зөрүүтэй хугацаагаа тооцсон нүүрсний экспортын хэмжээнд тулгуурлаж авч үзлээ гэхэд энэ сарын 15-ны өдрийг хүртэлх 15 хоногийн хугацаанд 1.5 сая тонн нүүрс нэмж гаргасан байх гэж урьдчилан таамаглаад үзье.

Тэглээ гэхэд энэ оны төсвийн хуульд  тооцож баталсан 42 сая тонн нүүрсний хэмжээ ДОЛООН сая тонноос багагүй хэмжээгээр тасалдах эрсдэл харагдаж байна.

Ер нь бид эндээ нүүрсний экспортын төсөөллийг хэчнээн өндөр тооцлоо гээд  өмнөд хөршийн нүүрсний салбарын бодлогоос манай экспорт хамаарна гэдгийг өнгөрсөн оны сүүлийн үйл явц тод харуулсан шүү дээ. Яг л жилийн өмнөх үйл явц л даа. Хятад улс 2018  онд худалдан авах нүүрсний хэмжээгээ 14 сая тонноор хэтрүүлсэн учраас Монгол болон бусад орнуудаас худалдан авалт хийхээ түр зогсоож байв. Тэгвэл жилийн өмнөх энэ үйл явц оны төгсгөлд дахин давтагдах нь. Есдүгээр сарын байдлаар нүүрсний экспортоос төсвийн дансанд орсон орлогын хэмжээ жилийн өмнөхөөс 312.5 сая ам.доллароор илүү байсан. Гэвч БНХАУ ингээд гэдийчихээр долоон сая тонноос ч илүү хэмжээний нүүрсний экспортоос орж ирэхээр төлөвлөсөн орлого тасалдана гэсэн үг.  Нөгөө талаас жил бүрийн өдийд давтагдах цикл маягийн энэ үйл явцыг, өмнөд хөршийн бодлогыг тооцож, төлөвлөж төсвийн төслөө зурж сурах шаардлага бас дагаж буй юм.

Уг нь Сангийн яамны тооцооллоор энэ оны нүүрсний экспорт 2-3 сая тонноор тасалдах магадлалтай гэж байсан. Гэвч хэрэг дээрээ энэ хэмжээ нь хоёр дахин өсөх шинжтэй боллоо.

Ирэх онд Хятадын гангийн үйлдвэрлэл буурах таамаглалыг  Австралийн Аж үйлдвэр, инновац, шинжлэх ухааны яамнаас гаргасныг мөн сануулъя. Энэ нь  БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт буурах магадлал нэмэгдэж буйг илтгэж буй юм. Мөн тус улс агаарын бохирдолтой тэмцэх бодлогын хүрээнд эрчим хүчний нүүрсний импортоо жилээс жилд бууруулах төлөвтэй байгаа. Үүний улмаас Монголын нүүрсний экспорт хийгээд үнэд нөлөөлөл мэдрэгдэх нь лавтай.  Мөн  БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн сааралт хийгээд, худалдааны маргааны улмаас Австралийн коксжих нүүрсний үнэ 150 ам.доллар руу орж буурахаар байгаа нь Монголын нүүрсний үнийн өсөлтөд сөрөг нөлөөлөл дагуулж магадгүй байгаа. Энэ мэтээр харахад манай нүүрсний экспортод таагүй мэдээлэл дагуулж мэдэх цөөнгүй хүчин зүйлс байна.

Дашрамд сануулахад, Бидний хувьд дэлхийд нөөц нь яригдах том ордтой ч гэлээ нүүрсний салбарын өрсөлдөөнд бол ямар ч бэлтгэлгүй гэдгийг салбарынхан хэлж байгаа.  Ганц зах зээл болох БНХАУ-ын ааш аягаас хамаарч байна. Мөн дээр нь Тувагийн Элегест ордын  нүүрсийг БНХАУ руу хүргэх Кызыл-Курагино чиглэлийн төмөр замыг манай Ерөнхийлөгч Х.Баттулга балиашиглаж байгаа нь Тавантолгойн нүүрсээ хэрхэн яаж Хятад болон бусад зах зээлд хүргэх вэ гэдгээ шийдэн ядаж буй бидний хувьд нэг их сайн сайхан мэдээ мөн гэдэгт эргэлзэх үндэслэл байгаа юм. 

Э.Болорхажид   

Эх сурвалж: Zindaa.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.