АН-ын дэнчин хэмээх 100 сая

436

Энэ сарын 9-ны өдөр АН-ын Үндэсний Бодлогын Хороо (ҮБХ) хуралджээ. Уг хурлаар АН-ын гишүүдийн татварын асуудлыг хэлэлцэж, тус намаас сонгуульд нэр дэвшихийг тулд 100 сая төгрөгийн дэнчинг намдаа төлөхөөр болжээ.

Энэ тухай АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудаснаа  "Ардчилсан нам татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг, хэн нэг олигарйхийн халаасанд гүйж ордог нам биш. ҮБХ-ны гишүүд маань АН-ын төлөөллийн удирдлагын байгууллагын гишүүд гэдэг утгаараа хариуцлагаа ухамсарлаж намын санхүүжилтэд тодорхой хувь нэмэр оруулах санал санаачилга гаргасан. Тухайлбал, одоо авч байгаа гурван сая төгрөгийн татварыг 10 сая болгоё, сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа 2012, 2016 онд 50 сая төгрөгийн татвар авч байсныг сэргээе, мөнгөний ханшийн уналтаа тооцоод 80-100 сая болгоё гэх мэт олон хувилбар яригдсан. Гэхдээ асуудал нээлттэй үлдсэн.

Үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс дүрэм, журмынхаа хүрээнд татвар, хураамжаа тогтоод үйл ажиллагаагаа санхүүжүүлэх асуудал хаана ч байдаг л асуудал. АН-ын шинэчлэлийн бодлогын нэг чухал зүйл нь гишүүн төвтэй нам болсонд оршиж байгаа. Өөрөөр хэлбэл, бид хэн нэгэн олигархийн халаасанд гүйж ордог, эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг нам биш ээ" гэсэн байв.

Хэдийгээр намын дарга С.Эрдэнэ ҮБХ-ны гишүүдийн татварын асуудал нээлттэй үлдсэн гэх боловч намын нэр бүхий гишүүдийн хэлж буйгаар 100 сая төгрөг дээр тогтсон байна.

АН-ын ҮБХ 419 гишүүнтэй ба тус намаас УИХ-д нэр дэвшихийг горилж байгаа хүн бүр 100 сая төгрөгийн татвар буюу дэнчинг төлнө гэсэн үг юм. Уг нь бол аль ч намын хувьд хийсэн ажил, судалсан судалгаа, дэвшүүлсэн санаа, итгэл үнэмшил, бодлого барьж ажилласан хүнээ дэвшүүлж улс орныхоо хөгжлийн төлөө ажилладаг баймаар.

Гэтэл АН-ын удирдлагууд нэр дэвшихийг горилогчдын өмнө тээг болоод байгаа дэнчингийн мөнгийг эсэргүүцсэн зарим гишүүд нь олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хариуцлага тооцож, намын бодлогын эсрэг байна хэмээн сануулга өгсөн байх юм. Энэ нь Үндсэн хуульд заасан ардчиллын суурь зарчим болох “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх” эрхийг богдуулж байгаа үйлдэл болов. Уг нам өөрөө АРДЧИЛСАН хэмээх тодотголтой, тийм үзэл баримтлалтай нам шүү дээ!!

Ардчилсан нам 2016 оны сонгуульд хуугаараа ялагдсаны дараа өөрсдийн үзэл баримтлал, намын бодлогоо шинэчлэн эргэж ирнэ. Үүн дундаа залуусаа бодлогоор дэмжиж, улс төрд бугшсан завхарлуудыг арилгана гэж байв. Гэвч бодит байдал дээрээ боловсрол, зарчим, бодлогоо хойш тавьж, мөнгө хөрөнгөтэй нэгнийг дэмжихээ илэрхийлчих шиг боллоо.

Улс төрийн намд өөрөөр хөрөнгө босгох арга байхгүй мэтээр ярьж хэлж байгаа ч бодит байдал дээр тэд төрөөс дэмжлэг авдаг. Гэвч улс төрийн намуудад төсвөөс олгодог санхүүжилт бага байдаг учир бизнесийн салбарынхантай хамтрах, хандив тусламж авдаг нь нэгэнт ил болсон. Улс төрийн намын тухай хуульд намууд санхүүжилтээ өөрсдөө хариуцаж, бүрдүүлж болохыг заасан байдаг. Үүнээс улбаалан бизнесийн байгууллагаас хандив нэрээр санхүүжилт авч улс төрөөр дамжуулан бизнес хийх, бизнесийн мөнгөөр дамжуулан улс төр хийх нөхцөл бүрддэг.

Хэрэвзээ энэ удаа ч гэсэн АН-ын санхүүжилт дээрх байдлаар өрнөвөл тус намын суурь зарчим буюу намын үзэл баримтлалын 3.2.1-т заасан “Хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хуулийн засаглал, тэгш эрхэд суурилсан шударга сонгууль, төрд тавих иргэний хяналт, иргэндээ үйлчлэх хариуцлагатай төр, иргэн төвтэй нийгмийн тогтолцоог төгөлдөржүүлэх” гэх зарчим зөрчигдөх юм. Мөнгөтэй нь сонгогдож, мөнгөгүй нь хойш суудаг өмнөх жилүүдийн зуршил тэр хэвээр үргэлжилнэ гэсэн үг.

Намын дарга хэдийгээр “хэн нэгний халаасанд ордог нам биш” гэж байгаа ч үнэн хэрэгтээ гишүүд нь өөрсдөө нэг нэгээрээ гүйгээд орох илүү хатуу нөхцөлийг залуучууддаа тулгаад байх шиг. Эсвэл 100 сая гэдэг тийм бага тоо юу?

Дээр хэлсэнчлэн улс төрийн намд санхүүжилт чухал боловч мэдлэг боловсрол, зарчим, үнэт зүйл, хамгийн гол нь хөгжлийн төлөөх тогтвортой бодлого, намын гишүүдийн оролцоо, дэмжлэг үүнээс илүү чухал. Хэдий болтол бүх зүйлийг зоосны нүхээр харж, хэмжих билээ. Тэр тусмаа нийгмийн дэвшил рүү улс орноо хөтлөх, хөгжлийн бодлого тодорхойлох үүрэгтэй улс төрийн намууд, мөн түүний удирдлагууд...

Сануулахад АН-ын үзэл баримтлалын 1.1.2-т “Хувь хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах үйлдэл, эс үйлдлийг үл тэвчинэ”, 1.1.4-т “Төрөөс хувь хүний эрхэм чанар, эрх, эрх чөлөө, шударгаар олж авсан өмчийг хамгаалах, түүнд учрах аливаа төрлийн саад бэрхшээлийг арилгахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг явуулна”, 1.1.5-д “Хувь хүн эрхээ эдлэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд мэдээллийн болон оролцооны нээлттэй, тэнцвэрт байдлыг хангана” гэж заажээ.

Гэтэл эдгээр үнэт зүйлд тулгуурласан ардчиллын суурь зарчим, АН-ын үзэл баримтлал зөвхөн цаасан дээр л үлдэх хэрэг үү? Хуулийн засаглал, иргэний эрх, эдийн засгийн эрх чөлөө, жендерийн тэгш байдлын төлөө үгээ хэлж, үзэл бодлоо уралдуулж ирсэн намын залуу үе, шинэ зууны иргэд намын удирдах байгууллагаас шалгуур болгон тавьж буй дэнчингийн хаахна үлдсэн бэ?

Ц.Туяа

Эх сурвалж: inews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>