Сонгож болохгүй эрхмүүдийн дээгүүр жаалагч

370

Хөвсгөл нутгаас 2016 оны УИХ-д сонгогдсон тэрбээр 1995 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургуулийг 1999 онд, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургууль, эрх зүйчээр 2008 онд төгссөн байдаг. Түүний ажил эрхлэлтийн байдал нь гэсэн зэгсэн ахицтай байдаг юм билээ. Тухайлбал, 1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, 2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 2008-2009 онд тус тус ажиллаж байв.

Мөн Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, улсын ерөнхий бүртгэгч, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2013 онд МАН-ын даргын зөвлөх, 2014-2016 онд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн гэх албан тушаал хашиж дандаа ногоон гэрлээр яваа тэрбээр яаж зүгээр байх билээ дээ. Бусад шигээ л адилхан ЖДҮ-чин нэр хаягтай болчхоод л цохиж яваа нэгэн. ЖДҮ-д нэр холбогдсон ямар нэгэн байдлаар нөлөөлсөн хүмүүсийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн байдаг. Гэтэл МАН-аас буюу УИХ-аас хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм. Энэ нь нэг ёсондоо бид бүгдээрээ ижилхэн хэрэг хийчихсэн болохоор хэлэлцэх шаардлагагүй гэсэнтэй тухайн үедээ агаар нэг сонсогдож байв. Тэр үеэс өнөөг хүртэл идсэн уусан, авсан зээлсэн нь хэргээ хүлээж зарим нь бүр төлж энэ тэр байхад мань хүн таг дуугүй байсаар байгаа.

Тахиа гахайны 5 хоногийн сургалт курст суралцсан гэдэг шиг нэг харахаар өсч дэвшиж яваа ч юм шиг нөгөөтэйгүүр юмны тоо гүйцээж байгаа ч юм шиг харагдаж буй энэ эрхмийн нэр холбогдсон, 800 сая төгрөг авсан гээд байгаа “Аёон пропертийз” ХХК нь одоогоор яг юу хийдэг нь тийм ч тодорхой бус. Гэсэн ч ЖДҮ-чин гэх нэр зүүгээд байгаа тэрбээр өнөөг хүртэл албан ёсны тайлбар хийгээгүй байгаа нь хардлага төрүүлж байдаг. Тэр ч бүү хэл ЖДҮ-тэй холбогдсон гэх мэдээлэл гарч эхэлсэн тэр үеийн “Аёон пропертийз” ХХК-тай холбоотой мэдээллүүд ч арчигдсан байгаа юм.

Гэхдээ л даравч дардайж булавч бултайдгийн үлгэрээр нэг л өдөр соёолсоор ил гараад ирэх нь дамжиггүй юм. Учир иймд итгэлтэй бус энэ нөхөрт Хөвсгөлчүүд итгэл хүлээлгэх нь юу л бол. Бас л сонгож болохгүй эрхмүүдийн тоонд дугаар дээгүүрт жаалж яваа гэсэн шүү.

С.Цээл

Эх сурвалж: erennews.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>