Гвинейн иргэд уух усныхаа төлөө "Рио Тинто"-той тэмцэнэ

461

-Рио Тинтогийн хөрөнгө оруулалттай Гвинейн бокситын компанийн үйл ажиллагаанаас болж байгаль, экологийн тэнцвэр алдагдаж байгаа тул Гвинейн Боке аймгийн иргэд олон улсын байгууллагатай хамтран “Рио Тинто”-той тэмцэхээр болжээ-

Баруун африкийн Гвиней улсын тосгоны иргэд, Рио Тинто компанийг байгаль орчинд ноцтой хохирол үзүүлж байгаа гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлжээ. Гвинейн төдийгүй дэлхийд бокситын нөөцөөрөө тэргүүлдэг Боке уурхайн орчимд хүрээлэн буй орчин, нутгийн экосистем алдагдан, ундны усны хомсдол үүссэнийг нутгийн иргэд эсэргүүцэж байгаа юм. Боке бокситын уурхайг Гвиней, Францын Засгийн газар, Рио Тинто компани хамтран эзэмшдэг аж. Хэдийгээр энэ талаар нутгийн захиргаа, Засгийн газарт ханддаг ч дорвитой хариу өгдөггүй талаар нутгийн иргэд хэлж байна.

“Энэ хавийн тосгоны иргэд уух усгүй болсон. Уурхай ажилласан цагаас хойш ундны ус, гүний ус их хэмжээгээр бохирдсон. Тариалангийн талбай ч их тоостой, ургац өгөхөө болиод байна. Газрын өгөөж буурч, тариалах хөрс ч багассан” гэж нутгийн иргэн Кунсса Байло Бэрри ярьжээ.

Нутгийн иргэдийн хэлснээр Гвинейн бокситын компани, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацын санхүүжилтээр 2016 онд Боке аймгийн 13 тосгоны өрх айлуудад зээл олгожээ. Нийтдээ 2.3 тэрбум ам.доллароор хэмжигдэх зээлийг хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэхэд зориулан олгосон байна. Гэвч газрын өгөөж буурч, ундны усны хүрэлцээ багассан тул олгосон зээлээр хөдөө аж ахуйн бизнесээ эрхлэх боломжгүйд хүрсэн байна. Олон улсын санхүүгийн корпорац олон улсын хууль тогтоомж, өөрийн стандартын дагуу хөндлөнгийн шинжээч томилоход ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй гэх дүгнэлт гаргажээ.  Тиймээс олон улсын Олон улсын хүртээмжтэй хөгжлийн байгууллага гэх ТББ-тай холбоо тогтоон тэмцэж байгаа нь энэ аж.

“Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө учруулж байгаа гэдэг нь зөвхөн нэгэн хэсэг биш. Уул уурхайн үйл ажиллагаанаас харахад нутгийн иргэдэд урт хугацаанд өгөөжөө өгөх ямар нэгэн шинж харагдахгүй байна. Тиймээс Рио Тинто компани энэ боломжийг бүрдүүлэхийн тулд нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай” гэж “Олон улсын хүртээмжтэй хөгжлийн байгууллага” ТББ-ын тэргүүн Дэвид Пред ярьжээ.

Одоогоос яг хоёр жилийн өмнө 2017 оны есдүгээр сард Боке аймгийн иргэд Гвинейн боксит компанийн үйл ажиллагааг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан юм. Байгаль орчин сүйдэж, экосистем алдагдаж байгаад хариуцлага хүлээхийг шаардсан эсэргүүцлийн жагсаалыг Засгийн газраас хүч хэрэглэн тарааж 10-аас илүү тэмцэгч амь насаа алджээ. Тус компани 1973 оноос хойш үйл ажиллагаа явуулахад нөхөн сэргээх ямар нэгэн ажил хийгээгүй гэж Олон улсын хүртээмжтэй хөгжлийн байгууллагын судалгаанд дурдсан байна. 

 Гвинейн Бокситын компанийн тал хувийг Рио Тинто групп эзэмшдэг бөгөөд үлдсэн хувийг Питсбургт төвтэй “Alcoa”, Гвиней, Францын хамтарсан “Dadco” компани эзэмшдэг аж.

Гвинейн Бокситын компани Боке аймагт 1973 оноос хойш олборлолт хийж эхэлсэн юм. Гвинейн Бокситын компанийн тал хувийг Рио Тинто групп эзэмшдэг бөгөөд үлдсэн хувийг Питсбургт төвтэй “Alcoa”, Гвиней, Францын хамтарсан “Dadco” компани эзэмшдэг аж. Хөнгөн цагааныг баяжуулах гол түүхий эд болсон бокситын олборлолтоор дэлхийд тэргүүлдэг уг уурхайн эцсийн бүтээгдэхүүн “Кока-Кола”, “Ауди”, “Фиат”, “Крайслер”, “Кэмбелл” зэрэг томоохон компаниудын савлагаа, автомашин зэргээр дэлхий нийтийн хэрэглэгчдийн гарт очдог билээ.

Гвинейн Засгийн газар, Боке аймгийн иргэдийн дунд олон жил маргаан дагуулсан уг газар орны талаар олон улсын байгаль хамгаалах байгууллагууд удаа дараа тайлан бэлддэг ч Рио Тинто болон Гвинейн Засгийн газар ямар нэгэн байр суурь илэрхийлж байгаагүй юм. Нутгийн иргэд энэ удаад тайван замаар тэмцэх бөгөөд Олон улсын хүртээмжтэй хөгжлийн байгууллагатай хамтран дэлхий нийтэд байгаль орчны хор хөнөөлийг таниулах аж.

“Компанийн үйл ажиллагаа НҮБ-ын тогтоосон хэм хэмжээний дагуу явагддаг бөгөөд бизнес болон хүний эрхийг хамгаалах чиглэлд анхаардаг болохоо мэдэгдье. Хэрэв байгаль орчныг сүйдлэхэд манай компанийн шууд оролцоо байгаа эсэхийг тогтоох хөндлөнгийн судалгаа хийх сонирхолтой ямар байгууллагатай хамтран ажиллана гэдгээ мэдэгдэхэд таатай байна” гэж Рио Тинто компанийн албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Б.Болорсүх | Zindaa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>