Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах талаар ЕТГ-аас прокурорт ханджээ

76

УИХ-ын гишүүн С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллуулах боломжийг судлахыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас УЕПГ-т хандан албан бичиг хүргүүлэхдээ онцолжээ. Гэхдээ тэдэнд Ерөнхийлөгч эрх хэмжээнийхээ хүрээнд уучлал үзүүлэх талаар албан бичигт тусгасан байсан гэж зарим эх сурвалж мэдээлж буй.

Харин дээрх хүмүүс гэмт хэрэг үйлдсэн, эсэх нь эргэлзээтэй өнөөгийн нөхцөлд уучлал үзүүлнэ гэдэг нь тохиромжг үй гэж цөөнгүй хуульч өгүүлж байна. Зарим улстөрч тэднийг суллуулах талаар хөөцөлдөж жагсаж тэмцэхээ илэрхийлж байгаа ч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорихоос гаргах боломж бүрдээгүй аж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд “Шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял онооход хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба ногдуулснаас хөнг өн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно” хэмээн хуульчилсан.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, Б.Хурц, Г.Эрдэнэбат тэргүүтэй найман хүнд холбогдох хэргийг шүүх эцэслэн шийдээгүй учраас хуулийн хүрээнд уг хоёр хүнийг суллах боломж бүрдээгүй аж. Прокурорын байгууллага улстөрчдийг “шоудах”-аас өмнө тэднийг суллах боломжийн талаар судлаад Б.Хурц нарт холбогдох хэргийг шийдвэрлэхээс нааш суллах боломжгүй гэдгийг тогтоогоод буй юм билээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.