Э.Оюунболдын допингийн шинжилгээг сольж, хахууль авсан гэх хэргээр Ч.Насанбат эмч шалгагдаж байна

198

 

Э.Оюунболдын допингийн шинжилгээг сольж, хахууль авсан гэх хэргээр Ч.Насанбат эмч шалгагдаж байна

 

Э.Оюунболд "Миний шинжилгээг сольчихлоо” гэж мэдэгдсэн нь оргүй үг биш бололтой. Үүнийг үнэн байж болохыг баталсан нэгэн асуудал дуулиан дэгдээж байна. Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нар Авлигатай тэмцэх газарт хандан, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн билээ. Тэд шинжилгээнийх нь албан ёсны хариу гараагүй байхад нууц задруулсанд гомдолтой яваа гэнэ лээ. Журам ёсоороо аль ч спортын тамирчдын А сорьцын хариу албан ёсоор гарсны дараа нийтэд зарлах учиртай. Гэтэл наадмын дараа шахам "Хоёр бөхөөс допинг илэрч, Э.Оюунболд шинжилгээнд бүдэрч” гэх дуулиан дэгдсэн. Үүнийх нь дараа улсын наадамд шөвгөрсөн бөхчүүд "Надаас допинг илрээгүй” гэж ам уралдан мэдэгдэл хийсэн. Д.Цэрэнтогтох хүртэл мэдэгдэл хийн, өөрөөсөө булзааруулсныг  уншигчид сайн мэднэ. Улмаар Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох хоёрын гомдлын дагуу АТГ-аас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлага, зарим албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байгаа талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэдээлсэн.

Үүний сацуу 2009-2019 онд улсын наадамд шөвгөрсөн 109 (давхацсан тоогоор 192) бөхийн допингийн шинжилгээг дахин нягталж байгаа билээ. Тэдний шинжилгээний хариуг Дэлхийн допингийн эсрэг төвийн БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторид хадгалж буй сорьцуудтай харьцуулан, тулгахаар болсон юм. Энэ ажил одоо ид үргэлжилж байна.

Үүнтэй зэрэгцэн нэгэн асуудал олны анхаарлыг татаж, дуулиан тарьсан нь допингийн шинжилгээ авдаг эмч нар хахууль авдаг эсэх асуудал. АТГ-ын шалгалтын явцад бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ.

БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны үүрэг, эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хоёр эмчийг шалгаж байгаа талаар баттай эх сурвалж хэллээ.

МОНГОЛЫН ТАМИРЧДЫН "НО”-г ТЭР ХАМГИЙН САЙН МЭДНЭ

Тэдний нэг нь Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга, хүний гавьяат эмч, үндэсний шигшээ багийн их эмч Ч.Насанбат гэдгийг ч мөн хэлсэн юм. Монголын үндэсний шигшээ багийн тамирчид төдийгүй үндэсний бөхчүүдтэй 20 гаруй жил тулж ажиллаж буй тэрбээр спортынхны "но”-г хамгийн сайн мэднэ. Допингийн асуудал сөхөгдөхөд бөхчүүд, тамирчид түүний өрөөгөөр ихэд эргэлдэн, аргалчих санаатай царайчилж суудаг гэх. Үүнийг үнэн гэж батлах хүн ч цөөнгүй.

Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольсон, их хэмжээний хахууль авсан гэх хэргээр шалгагдаж буй Ч.Насанбат гэж хэн болохыг одоо тодруулъя. Тэрбээр Зургадугаар ангид сурч байхдаа Б.Олзод, ОУХМ Б.Вася нарын удирдлагад боксоор гурван жил шахам хичээллэсэн. Улмаар Анагаах ухааны дунд сургууль төгсөн дараа нь Сувилахуйн сургуулийг дүүргэн, бага эмч болжээ. Түүнийг боксоор хичээллэдэг байсан тул спортынхны жаргал, зовлонг мэднэ гээд спортын эмчээр ажиллахыг Банзрагч гэдэг хүн зөвлөсөн гэдэг. Үүнийх нь дагуу Биеийн тамирын деспентерээр 1984 он хүртэл ажиллажээ. Дараа нь Анагаахын их сургуульд сурч, төгсөөд БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанд эмчээр оржээ. Үүнээс хойш тус байгууллагад завсаргүй 29 жил ажиллаж байгаа юм. Монголын багийн эмчээр ажилласан анхны олимп нь "Атланта-1996”. Ч.Насанбат 2012 онд хүний гавьяат эмч болсон юм.

Монголын тамирчдын, Монголын спортын сайн, муу бүхэн түүнтэй салшгүй холбоотой. Ялангуяа допингтой холбоотой асуудал бүр ч холбоотой. Манай тамирчид допинг хэрэглэхгүй, шударгаар өрсөлдөх эсэх хүртэл түүнээс шууд хамаарна.

Гэтэл Монголын спортыг эрүүл байлгах, допинггүй байлгах үүрэг хүлээсэн, эрүүл энхийн манаанд зогсох учиртай байгууллагын дарга, тэгээд бүр хүний гавьяат эмч цолтой эрхэм хууль бус зүйл хийсэн гэх хэргээр АТГ-т шалгагдаж байгаа нь хачирхалтай. Тэрбээр бөхчүүдийн шинжилгээг сольдог байсан нь илэрвэл том асуудал үүснэ. Үнэхээр хориотой бодис хэрэглээгүй мөртлөө түүний хууль бус үйлдлийн улмаас цолоо, барилдах эрхээ хасуулж, амжилтаараа хохирсон бол тамирчин бүхэнд харамсалтай. Ч.Насанбатыг шийтгээд юу ч өөрчлөгдөхгүй. Спорт залуу насных тул амжилт гаргах боломжтой байсан цаг хугацаа г буцааж болохгүй.

Ч.Насанбат эмчийн орооцолдсон асуудал зөвхөн энэ жилийн наадмынх биш гэдгийг баттай эх сурвалж хэлсэн. Өмнөх жилүүдийн цөөнгүй бөхийн допингийн асуудал үүнд хөндөгдөж байгаа гэнэ лээ.

АТГ-аас бөхчүүдийн допингийн шинжилгээг сольж, хахууль авсан гэх хэргээр хоёр эмчийг шалгаж байгаа талаар түрүүн дурьдсан. Бид дараагийн нийтлэлдээ энэ асуудалд холбогдсон нөгөө эмчийг нь илчилнэ.

Г.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.