О.Баасанхүү: Хөөрхийдөө Н.Энхбаяр дарга, ингэж доошоо орох гэж

184

Энэ сарын 17-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2020 оны УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцсэн. Хуралдааны үеэр "Авилгын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх” саналыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Байнгын хороогоор дэмжигдсэн уг заалт УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж батлагдвал МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болох юм.  Тийм учраас Н.Энхбаяр өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нартай уулзаж дээрх асуудлаар тэр дундаа өөрийнхөө нэр дэвших талаар санал солилцсон гэж буй юм.

Уулзалтын дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө "О.Баасанхүү, Т.Аюурсайхан нар нийлж ганц над руу чиглэсэн хуулийн заалт оруулж ирсэн байна. О.Баасанхүү хүний захиалгаар ажилладаг хүн. Тийм учраас О.Баасанхүү хүний сонгогдох эрхийг хясан боогдуулжээ. МАХН-аас нэр дэвшчихээд намынхаа эсрэг үйл ажиллагаа хийж байгаад би үнэхээр харамсаж байна. 2008 онд Үндсэн хуулийн цэц сонгуулийн хууль дахь асуудлаар энэ мэт  хязгааруудыг авч хэлэлцээд, тухайн хүнийг насан туршид нь сонгогдох эрхийг нь хязгаарлаж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Үндсэн хуулийн дүгнэлт гарсан бол УИХ-ын гишүүд хүлээж авах ёстой. Тэгэхээр энэ заалт насан туршид нь хүнийг  хэлмэгдүүлж болохгүй гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй зөрчилдөж байна. Тэгээд ч Эрүүгийн хуулиас хассан заалтыг Сонгуулийн хуульд оруулж хүнийг яллаж болохгүй” гэсэн юм.

-БИ ГАРГАСАН САНАЛАА ТАТАЖ АВСАН. Т.АЮУРСАЙХАНЫХ МИНИЙХЭЭС ӨӨР САНАЛ-

Бид түүний тайлбарт хариулт болгон УИХ-ын гишүүн О.Баасанхүүтай ярилцлаа.

-Та Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа  "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь заалтыг төсөлд санал гаргасан юм уу. МАХН-ын дарга М.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй гэсэн зорилго агуулж уг саналыг гаргасан гэж таныг хардаж байна?

-Аливаа хууль хэзээ ч нэг хүнд зориулагдана гэсэн ойлголт үгүй. Жишээлбэл, "Гаалийн” Х.Баатар, "Казино” Д.Баттулга, гадаад зугаатсан гэгддэг Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж гээд бүх хүнд хууль үйлчлэх ёстой. Монгол улсын Төрийн албаны тухай хуульд "Авилга, албан тушаалын хэргээр ял эдэлсэн хүн төрийн албанд ажиллахгүй” гэдэг зарчим бий. Энэ зарчмыг гаргасан. Миний гаргасан уг зарчим Т.Аюурсайханыхаас арай өөр байсан. Тэр юу вэ гэвэл, тухайн үед шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол гэдэг саналыг би гаргасан. Харин Т.Аюурсайханы саналыг үзвэл "ер” нь гэдэг ойлголтыг тодотгосон байгаа. "Ер нь” гэдэг ойлголтын араас Ж.Батзандан үргэлжлүүлээд 18 насандаа хүн амины хэрэгт санаатай болон санамсаргүйгээр холбогдсон бол гэдэг заалтыг тусгах саналыг гаргасан. Манай шинэ галзуу шүү дээ. Энэ мэтчилэн явсан. Би зарчим яриад байгаа юм. Миний ярьж буй зарчмыг би биш улсын ерөнхий прокурор, АТГ-ынхан ярих ёстой. Харамсалтай нь АТГ нь Л.Оюун-Эрдэнийн гар юм. Энэ хүн улсын ирээдүй тэр дундаа дараагийн сонгуульд авилга, албан тушаалын гэмт хэрэг хийсэн хүн УИХ-ын халдашгүй байдлын эрхэнд орчих вий гэдэгт хяналт тавьж байгаа юм алга.  Миний хувьд саналаа татаж авсан шүү дээ. УИХ-ын гишүүн саналаа ямар ч үед татаж авч болно. Тэгсэн намайг Т.Аюурсайхан гэдэг нэр дээр зориуд тавиад байна. Миний ярьж буй зүйл өөр.

-Н.ЭНХБАЯР ДАРГЫГ ИНГЭЖ ШИВШИГЭЭ ТАРЬЖ БАЙГААД НЬ ӨРӨВДӨЖ БАЙНА-

-Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордонд ирж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нартай уулзсан. Уулзалтын дараа хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө тань руу хандаж "Намайг нэр дэвшүүлэхгүй гэсэн Т.Аюурсайхан, О.Баасанхүү нарын санаа” гэж мэдэгдсэн. Та түүний мэдэгдэлд хариу болгож ямар тайлбар хийх вэ?

-Өнөөдөр Н.Энхбаяр дарга Төрийн ордонд орж ирсэн.

Тэр хошин шогийг хараад хөөрхийдөө гэж бодлоо. Манай намын дарга зөнөчихсөн юм уу гэж бодсон. Шулуухан хэлэхэд "Хөөрхийдөө, яахав дээ, яаанаа. Ингэж доошоо орох гэж дээ” л гэж бодлоо. Эрүүл ухаантай бол хүрч ирээд О.Баасанхүү гишүүнээ эсвэл хулгайчаа хоёулаа уулзъя гэж хэлж болно шүү дээ. Би хулгай хийгээгүй л дээ. Нөхөр бол шоронгийн гоё, гоё үгнүүд, салаавч энэ тэр мэднэ. Миний утсыг мэдэж байгаа шүү дээ. Тэгэхгүй Д.Тогтохсүрэнг гуйсанд нь ичиж байна. С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн нартай уулзсан. С.Бямбацогт Н.Энхбаярын сууж байсан өрөөнд нь суудаг. Шоронд байхад нь хамаг юмыг нь гудамжинд гаргаж хаяад л суусан.

Тэр өрөөндөө оронгуутаа "Даргаа би тантай уулзаж болох уу” гэж асуугаад л. Тэгээд уулзангуутаа баахан зарчим, лаг, лаг хууль ярьж байхынхаа оронд "О.Баасанхүү миний дүү хоёулаа уулзъя даа. Юу болоод байгаа юм” гэж ярьж болно шүү дээ. Энэ хүн ингэж шившигээ тарьж байгаад нь би ахыгаа өрөвдөж байна. Өөрийнх нь намын гишүүн байж байна шүү дээ. Намайг гуй гээгүй, загна л даа. Яагаад ингэж чадахгүй байгаа юм. Өөрийнх нь өмгөөлөгч байна шүү дээ. Би энэ хүний талаар 100 юм ярьж болно. Гэхдээ өмгөөлөгчийнхөө ёс зүйг бодоод тавыг нь л ярьдаг. Яриагүй үлдсэн 95 зүйл бий.

-Үндсэн хуулийн цэцээс хүнийг насан туршид нь хэлмэгдүүлж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан гэнэ. Энэ заалттай Т.Аюурсайхан гишүүний гаргасан санал зөрчилдөж байна гэж Н.Энхбаяр үзэж байгаа юм байна. Сонгуулийн хууль, Цэцийн дүгнэлт хоёрын аль нь хүчин төгөлдөр мөрдөгдөх юм?

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар яриагүй байна. Би Төрийн албаны тухай хуулийг яриад байна. Би Т.Аюурсайхантай хамт санал өгөөгүй. Би саналаа татаад авсан. Гэхдээ миний гаргасан санал зарчмын хувьд өөр байсан. Х.Нямбаатар "Чи Н.Энхбаярыг унагах гэж байна” гэж хэлсэн. Би хэн нэгэнд таалагдах гэж зарчим ярьдаггүй. Хуулиа л ярина. Миний яриад буй хуулийн энгийн ойлголт маш тодорхой. Би төрийн албаны тухай хуулиа дагая гэсэн. Түүгээр бол авилга, албан тушаалын гэмт хэрэг байж болохгүй. Мөн Улсын ерөнхий прокурор санал гаргах ёстой. Шүүхэд очиж буй хэргүүдийг буцаан татах ёстой. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэр дэвших квот олгоё гэсэн саналуудыг л гаргасан.

-Сонгуулийн хуулийн давуу болон сул талыг та юу гэж хэлэх вэ?

-Мөнгөтэй л хүн гарахаар байгаа. 32 том тойрог хийх юм байна лээ. Эд нар хулгайч хүмүүс учраас казино шиг л тоглоно. Дашрамд дурдахад, МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлээд байна.

Т.Хулантахь

Эх сурвалж: isee.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.