Алт цэвэршүүлэх үйлдвэрийн эрх авах бичиг баримтыг бүрдүүлжээ
Өнгөрсөн намар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох нь зүйтэй гэж үзсэн. Улмаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос тогтоол гаргаж алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг судалж, шийдвэрлэхийг Монголбанкинд үүрэг болгосон билээ. Үүний дараа Монголбанкны ерөнхийлөгч болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төслийн судалгааг хийх ажлын хэсэг байгуулж, ажиллаж байгаа.
Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлсээр өдийг хүрчээ. Гадаадад цэвэршүүлж байгаа алтны тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр гардаг аж. Монголбанк нэг унц алтыг 1-1.5 ам.доллараар Швейцарь улсад цэвэршүүлдэг юм байна.